Skip to Main Navigation
САНАЛ БОДОЛ 2021.2.15

Монгол Улс - Дэлхийн Банкны түншлэл: Хөгжлийн төлөөх гучин жил

Image

Даруй гучин жилийн тэртээ энэхүү хамтын ажиллагааны үндэс суурь тавигджээ. 1991 оны 2-р сарын 14-ний Цагаан сарын битүүний өдөр Монгол Улс Дэлхийн Банк Группт шинэхэн гишүүнээр нэгдэн орсон юм[1]. Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн зам мөрийг сонгож,  гадаад ертөнцөд нээгдэж эхэлсэн цаг үе байлаа. Нэг талаар Монголчуудын зүй ёсны бахархлыг төрүүлж байсан уг шилжилтийн үйл явц нөгөө талдаа эдийн засгийн огцом агшилт зэрэг асар олон хүндрэл бэрхшээлийг дагуулсан. Гадны тусламж гэнэт тасалдсан нь Монголчуудын өдөр тутмын амьдралын ачааг хүндрүүлж байв. Улмаар картын хүнсний урд дарааллууд газар сайгүй үзэгдэх болсон байлаа.

Энэ үед Дэлхийн Банкны дэмжлэг цаг алдалгүй орж ирсэн. 1991 оны эцэс гэхэд хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр гээд гол салбаруудыг сэргээхэд дэмжлэг үзүүлэх 30 сая ам. долларын санхүүжилт бүхий анхны төсөл хэдийнээ батлагдсан байлаа. Мөн Дэлхийн Банкны зүгээс өндөр инфляцыг бууруулах, эдийн засгийг сэргээх зэрэг нэн даруй шийдвэрлэх олон суурь асуудлуудыг онцолсон макро эдийн засгийн цогц дүн шинжилгээг хийж гүйцэтгэв.   

Хамтын ажиллагааны түүхэн хугацаанд Монгол Улсын сэргэлт, хөгжилд гарсан аливаа ахиц дэвшилтэй Дэлхийн Банк Групп хамт байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн 2020 онд Монгол Улс Дэлхийн Банк Группийн бага орлоготой орнуудын санхүүжилтийн суваг болох Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн ангиллаас амжилттай дэвшсэн нь хөгжлийн шинэ шатыг илэрхийлж байна.  Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын эдийн засаг ихээхэн өргөжин тэлсэн бөгөөд 1991 онд нэг хүнд ногдох ДНБ 1,072 ам.доллар байсан бол 2019 онд 4,339 ам.доллар болж 4 гаруй дахин нэмэгдээд байна. Гэвч байгалийн баялгаас эдийн засаг нь өндөр хамааралтай бусад орнуудын адил богино хугацааны эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөгт Монгол Улсын эдийн засаг хэт өртөмтгий байж, эдийн засгийн савалгаа багагүй ажиглагдаж ирлээ. Бүтээмж өндөртэй ажлын байр, ялангуяа залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс эдийн засгийг төрөлжүүлэх асуудал нэн чухлаар тавигдсан хэвээр байна. Иргэдийн амьжиргаа нийтлэг сайжирч байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг бүгд эрх тэгш хүртэх асуудал анхаарал татсан хэвээр байна. Монголчууд бүгд л боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх, цэвэр аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийг төр засгаасаа хүлээж байгаа. Гэвч эдгээр хүлээлт хараахан бүрэн дүүрэн бодит биеллээ олоогүй байна.   

Өсөлт, уналтын аль ч үед Дэлхийн Банк Монгол Улсын найдвартай түнш байсаар ирсэн. Дэлхийн Банкнаас олгосон төсвийн дэмжлэгүүд Монгол Улсын макро эдийн эдийн засгийн тогтвортой байдлыг эргэн сэргээх, хүртээмжтэй өсөлтийн үндэс суурийг бэхжүүлэхэд түлхэц болсоор ирсэн. Дэлхийн Банкны хөрөнгө оруулалт уул уурхайн болон бусад салбарыг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдоотой хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулжээ. Түүхэн хугацаанд Монгол Улсад Дэлхийн Банкнаас нийт 1.28 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон байна. Түүнчлэн Дэлхийн Банк Группийн хувийн хэвшилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК), Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА) хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэйгээр дэмжсээр ирлээ.

Уг хөрөнгө оруулалтууд орон даяар иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг болсон. Эрчим хүчний салбарт 2000-аад онд хөдөөгийн 100,000 гаруй өрхийг зөөврийн нарны эрчим хүчний эх үүсвэрийн тусламжтайгаар цахилгааны хангамжтай болгоход дэмжлэг үзүүлсэн ажилласан. Мөн 2000-аад оны эхээр харилцаа холбооны салбарт хэрэгжсэн төслийн хүрээнд Монгол орны бүх 360 сум орчин цагийн цахилгаан холбоо, интернэтийн сүлжээнд холбогдсон. Малчдад гамшгийн эрсдэлийг даван туулахад нь туслах зорилгоор дэлхийд анхдагч малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог Монголд нэвтрүүлсэн. Засаглалыг бэхжүүлэх чиглэлд шийдвэр гаргалтад нөлөөлдөг статистикийн тогтолцоог дэлхийн жишигт хүргэж сайжруулах, олон нутгийн түвшинд төсвийн зардлын хуваарилалтад иргэдийн оролцоог хангаж, тэднийг чадавхжуулахад Дэлхийн Банкнаас дэмжлэг үзүүлсэн. ОУСК улсын хэмжээнд эрчим хүчний сүлжээнд холбогдсон анхны салхин станцад санхүүжилт олгож, хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох замаар ЖДҮ-д санхүүжилтийг илүү хүртээмжтэй болгох шинэтгэлийг дэмжиж ажилласан.

Хамгийн сүүлд цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хүн амын эмзэг ядуу бүлгийг хамгаалах, ААНБ, ажлын байрны тогтвортой байдлыг хадгалах зэрэг тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлд Дэлхий Банк Группийн зүгээс 60 сая ам.долларын санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж олгосон. Уг эх үүсвэрийг гуравдугаар шатлалын гурван эмнэлэг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх, цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнуудыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, эмнэлгийн ажилтнуудыг  сургахад зориулж байна. Нийт хүн амын 60 орчим хувийг вакцинжуулахад шаардлагатай санхүүжилт олгох шинэ төсөл мөн дөнгөж батлагдаад байна. Түүнчлэн, Дэлхийн Банкаас КОВИД-19 цар тахлын нөлөөнд өртсөн хувиараа хөдөлмөр эрхлэгч 120,000 гаруй иргэдийн, үүнээс 72,000 гаруй эмэгтэйчүүдийн, мөн 18,000 ААНБ-ын 150,000 ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаанд чөлөөлөх, хөнгөлөхтэй холбоотой санхүүжилтийг олгож байна. Цаашлаад, Дэлхийн Банк Хүүхдийн мөнгө олгох хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн нь 1.19 сая орчим хүүхдэд ашиг тусаа өгч байна.

Дэлхийн Банк Групптэй хамтран ажилласан гучин жилийн дараа Монгол Улс бага дунд орлоготой орнуудын эгнээд багтаж байгаа бөгөөд 2050 он гэхэд өндөр орлоготой орнуудын эгнээд дэвшиж, хүний хөгжил дорвитой сайжирч, амьдралын чанар дээшилсэн, илүү төрөлжсөн эдийн засагтай, сайн засаглал бүхий улс орон болж хөгжих чиглэлд алсын хараагаа тодорхойлоод байна. Эдгээр зорилтыг хангах чиглэлд Дэлхийн Банкны зүгээс дэмжлэгээ үргэлжлүүлэх болно. Дээрх зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх нь хялбар биш байх болно. Эн тэргүүнд богино хугацааны тусламж, дэмжлэгийн бодлогоос алгуур эдийн засгийн өсөлтийг тэтгэх, илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдлыг бий болгоход чиглэсэн эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх нь чухал юм. Харин дунд хугацаанд, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдлүүд, түүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад анхаарах шаардлагатай юм.  Өндөр бүтээмжтэй, цалин хөлс өндөртэй ажлын байрыг нэмэгдүүлэх замаар авьяас, чадвартай залуусаа эх орондоо тогтвортой ажиллах хөшүүргийг бий болгоход сайтар анхаарах нь чухал юм.  

Гучин жилийн турш Монгол Улсын итгэлт түнш байсаар ирсэн нь Дэлхийн Банк Группийн хувьд нэр төрийн хэрэг билээ. Бидний түншлэл цаашид олон арван жилийн турш, өсөлт уналтын аль ч үед үргэлжилж, улам бэхэжнэ гэдэгт итгэл төгс байна.

              

 

[1] Монгол Улс Олон Улсын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ОУСБХБ), Олон Улсын Хөгжлийн Ассоциаци  (ОУХА), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК), Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв (ХОМШОУТ) зэрэгт 1991 онд; Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагт  1999 онд тус тус нэгдэн орсон. Дээрх байгууллагуудыг хамтад нь Дэлхийн банк Групп гэж нэрлэдэг.

Api
Api