Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ 2021.6.29

Монгол Улс: Хөгжлийн төлөөх 30 жилийн түншлэлийг гэрэл зурагт буулгасан нь

World Bank Group


2021 оны  3-р сард Дэлхийн Банк Групп (ДБГ) Монгол Улсын түншлэлийн 30 жилийн ойд зориулан “Түүхийг хамтдаа бүтээе” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгууллаа. Гэрэл зургийн уралдаан нь хөгжлийн төслүүдийн үр шим хүртэгсэд, хэрэгжүүлэгчид, түншүүддээ Монгол Улс - ДБГ хоорондын түншлэлийн дурсамжтай мөчүүдээс хуваалцах, хамтын түүхийг гэрэл зургаар хүүрнэх боломж олгосон юм.

Уралдаанд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгаас 70 гаруй бүтээл иржээ. Гэрэл зургуудад боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төслүүдийн үр дүн, үр нөлөө иргэдийн амьдралд хэрхэн буусныг онцлон харуулсан байв.

Тэргүүн байранд орсон гэрэл зурагт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын малчин айл буужээ. Сэрээнэнгийн Чинбатын авсан энэхүү гэрэл зургийн төв хэсэгт бяцхан хүү номоо уншин, хичээнгүйлэн суралцаж байгаа бол харин аав, ээж нь өдөр тутмын ажлаа түр хойш тавин, хүүгийнхээ боловсролд цав заваа зориулж байна. Тэд ийнхүү хүүгээ сургуульд оруулахад нь бэлтгэж, өдөр бүр хичээллэдэг билээ.

“Малчин өрхүүд жилд 4-5 удаа нүүдэллэдэг тул тэдний хүүхдүүд уламжлалт цэцэрлэгт орж, сургуулийн өмнөх боловсролд хамргадах боломжгүй байдаг” хэмээн С. Чинбат хэллээ. "Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банкны төслийн хүрээнд гэртээ ашиглах боломжтой ‘зөөврийн’ ном, тоглоомын багцыг өгсөн нь малчин ард иргэдийн хэрэгцээнд маш их нийцсэн. Энэ нь малчдын хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг дээшлүүлж, сургууль завсардсан болон сургуульд сураагүй хүүхдийн тоог бууруулахад тусалж байна.”

Уралдааны тэргүүн байрын эзэн Сэрээнэнгийн Чинбат (зүүн гар талд) Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Микневын хамт

Алслагдсан хөдөө орон нутгийн хүүхдүүдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр гэгддэг энэхүү аргачлалыг 2012-2017 онд Японы нийгмийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн Дэлхийн Банкны төслийн хүрээнд боловсруулж хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт хамгийн доогуур байдаг дөрвөн аймгийн алслагдсан сумдын 5-10 настай 8,500 гаруй хүүхдүүд  хамрагджээ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа зөөврийн ном, тоглоомын багцтай, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөр нь тухайн сумдад үргэлжлэн хэрэгжихийн сацуу хүрээгээ тэлж, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн бусад бүх сумдад аймгийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа юм.

Дэд байрт шалгарсан гурван бүтээл тус бүр мөн өөрийн гэсэн өвөрмөц түүхийг өгүүлнэ.

Гэрэл зурагчин Авирмэдийн Батдэлгэр “Цасан шуурганд үл саатах сэргээгдэх эрчим хүч нэртэй гэрэл зурагт Монгол дахь анхны сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл болох Салхитын салхин цахилгаан станцыг онцолжээ. Дэлхийн Банк Группын хувийн хэвшилтэй ажилладаг байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) 2012 онд 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийснээр, шинэ ажлын байруудыг бий болгоод зогсохгүй сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэх үүд хаалгыг нээсэн юм.

"ОУСК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад 2011 онд анхны салхин цахилгаан станцыг Салхитад сүндэрлүүлсэн юм. Нүүрс гэх мэт уламжлалт зардалгүйгээр эрчим хүчээ шийдэх шинэ боломжийг олгосноор сэргээгдэх эрчим хүчний ашиг шимийг мэдэж цаашид олон төсөл эхлүүлэх боломж бидэнд нээгдсэн," хэмээн А.Батдэлгэр хэлэв.

Жамбалын Батбаатарын авсан "Хүүхдийн ирээдүй боловсролоос эхэлдэг" нэртэй гэрэл  зурагт Дундговь аймгийн сургуулийн багш, түүний шавь нар хичээл хийж буй агшныг буулгажээ. Зурагт буусан багш, сурагчид бол улсын хэмжээнд 630 гаруй ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж байгаа Боловсролын чанарын шинэчлэл төслийн мянга мянган үр шим хүртэгчдийн нэгээхэн хэсэг нь юм. Төсөл нь 2015 оноос хойш багшийн мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах, бага ангийн сурагчдын сургалтын үр дүнг дээшлүүлэх, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Эцэст нь, өвлийн нам гүм шөнө Орхон аймгийн Зээл багийн Баян-Өндөр хайрханы урдхан талд гудамж, зам, айлуудын гэрэл тодрон харагдаж буй агшныг гэрэл зурагтаа буулгасан Бүрэнцогтын Гантулгын бүтээл уралдааны дэд байр эзлэв.

“Би уралдаанд оролцож буй бүтээлүүдээрээ дамжуулан Эрдэнэт хотынхоо цахилгаан дамжуулсан бүтээн байгуулалтыг харуулахыг зорьсон. Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Эрчим хүчний төсөл 2 нь Эрдэнэт хотын 0.4-6 кВт цахилгаан дамжуулах сүлжээг сэргээн засварлах, өргөжүүлэхэд тусалж байна" хэмээн Бүрэнцогтын Гантулга хэлэв.  "Үүнд 0.4 кВт цахилгаан дамжуулах шугамыг бүрэн шинэчлэх, ААН, айл өрхийн тоолуурыг ухаалаг, электрон тарифт тоолуур суурьлуулах, 9 ширхэг дэд станц барих ажил орж байгаа."

"Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн Банк Групп 1.3 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий төслүүдийг олон салбарт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн" хэмээн Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан  менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ. "Энэхүү уралдаанд бидний түншлэлийн түүхэн мөчүүдийг буулгасан төдийгүй төслүүдийн үр ашиг хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг харуулсан олон гайхалтай гэрэл зургуудыг хүлээн авсандаа баяртай байна. Мөн эдгээр гэрэл зургууд нь Монголчуудын улс орныхоо гэрэл гэгээтэй ирээдүйн төлөөх хүсэл эрмэлзлийг дүрслэн харуулжээ.”

Уралдаанд ялсан гэрэл зургуудын талаар илүү их мэдээллийг Дэлхийн Банкны Монгол дахь фейсбүүк хуудаснаас авна уу.


Api
Api