Монгол Улс
ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД: МОНГОЛ УЛС
МОНГОЛ УЛСЫН ТОЙМ
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, ядуурлыг бууруулах чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргаад байна. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлж, 2024 оны байдлаар дундаас дээш орлоготой оронд тооцогдох болов. Энэ хугацаанд Дэлхийн Банк Групп Монгол Улсын сэргэлт, хөгжлийг тогтвортой дэмжсээр ирсэн.
Монгол Улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувь буюу ойролцоогоор 900 мянган хүн үндэсний ядуурлын шугамаас доогуур амьдарч байв. Дэлхийн Банкны дундаас дээш орлоготой улс орнуудад тогтоодог ядуурлын шугам (2021 оны худалдан авах чадварын паритет дүнгээр тооцсоноор нэг өдрийн 8.30 ам.доллар)-тай харьцуулан авч үзэхэд 2022 онд Монгол Улсын нийт хүн амын 24.4 хувь ядууралд өртсөн байна. Дэлхийн Банкнаас хамтын хөгжил цэцэглэлтийг илэрхийлэх Хөгжил Дэвшлийн Зөрүү хэмээх шинэ хэмжүүрийг тооцож эхэлсэн бөгөөд энэ нь хөгжил цэцэглэлтийн стандарт болох нэг өдрийн 25 ам.долларт хүрэхийн тулд тухайн улсын хүн амын баялаг дунджаар хэр их хэмжээгээр өсөх шаардлагатайг илэрхийлдэг. Монгол Улсын хувьд хүн амын баялаг дунджаар 2.7 дахин нэмэгдэж байж хөгжил цэцэглэлтийн дээрх стандартад хүрэх тооцоололтой байна. Харин Жини индексээр хэмжигдэх тэгш бус байдлыг илэрхийлэх индекс 2022 оны байдлаар 31.4 байв.
Монголын эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэн өсөлтөө хадгалсаар байна. Уул уурхайн салбар сэргэсэн нь төсвийн санхүү бэхжиж, өрийн хэмжээ буурахад чухал нөлөө үзүүллээ. Хөдөө аж ахуйн салбар 2024 оны зудын нөлөөгөөр огцом уналтад орсон ч уул уурхай болон үйлчилгээний салбарын дэмжлэгтэйгээр Монголын эдийн засаг 2024 онд 5.0 хувиар өсөв.
Дэлхийн Банкнаас Монголын эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнд Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх, мөн хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэх зэрэг нь голлон нөлөөлөхөөр байна. Гэвч дотоод эрэлтийн эрчим саарах төлөвтэй. Тухайлбал, инфляц нэмэгдэх, хөдөө орон нутагт өрхийн орлогын өсөлт саарах зэрэг нь өрхийн хувийн хэрэглээний өсөлтийг хязгаарлахаар байна.Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт буурах, тэр дундаа Оюу Толгойтой холбоотой хөрөнгө оруулалт аажмаар багасах, дэлхий дахинаа тодорхойгүй байдал нэмэгдэх, хүүгийн түвшин өндөр түвшинд хадгалагдах, эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн орцтой холбоотой зардал нэмэгдэх зэргээс шалтгаалан хувийн хөрөнгө оруулалтын өсөлт буурч болзошгүй.
Хэдийгээр Монгол Улсын хувьд АНУ-тай хийх худалдаа харьцангуй бага байдаг ч, дэлхийн эдийн засаг, худалдааны орчинд үүсэж буй тогтворгүй байдал нь нүүрс, зэсийн үнийг бууруулах, тэдгээрийн эрэлтийг сааруулах байдлаар Монгол Улсын төсвийн орлого болон гадаад тэнцэлд дарамт учруулах эрсдэлтэй. Нэрлэсэн ДНБ-ий өсөлт болон инфляц зэрэг нь Монголын засгийн газрын өрийн түвшнийг (ДНБ-д эзлэх хувиар) бууруулах төлөвтэй.
Эдийн засаг 2026, 2027 онуудад жилд дунджаар 5.2 хувиар тэлэх төлөвтэй. Үүнд хөдөө аж ахуйн сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт, өрхийн орлогын өсөлт, мөн улсын хөрөнгө оруулалтын өсөлт голлон нөлөөлөхөөр байна. Дунд хугацааны төлөвт нөлөөлж болохуйц эерэг, сөрөг эрсдэлүүд аль аль нь бий. Тухайлбал, дэлхийн худалдааны тодорхой бус байдлаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, голлох уул уурхайн түүхий эдийн үнэ буурах зэрэг нь Монголын эдийн засгийн голлох эрсдэл юм. Харин, Монгол Улсын хил дагуух дэд бүтцийн төслүүд хурдтай урагшлах, Хятад улс эдийн засгаа дэмжих илүү зөөлөн бодлого баримтлах, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудлууд түргэн шийдэгдэх тохиолдолд Монголын экспортын эрэлт өсөх боломжтой.
Монгол улс 1991 оны 2-дугаар сард Дэлхийн Банкны гишүүн орон болсон бөгөөд Олон Улсын Хөгжлийн Ассоциациас тээвэр, хөдөөгийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, Улаанбаатар хотын хөгжил, уул уурхайн салбарын удирдлагын тогтолцоог сайжруулах, байгаль орчны хамгаалал, бодлого боловсруулах болон бусад чиглэлээр дэмжлэг авч эхэлсэн юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн Банк нь Монгол Улсад 1.62 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт олгоод байна. Монгол Улс Олон Улсын Хөгжлийн Ассоциациас дэвшиж, 2020 оны 7-дугаар сарын 1-ээс зөвхөн Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкаар үйлчлүүлж эхэлсэн юм.
Дэлхийн Банкнаас Монгол Улсад олгож буй зээл, буцалтгүй тусламж 2025 оны 3-дугаар сарын байдлаар 396.9 сая ам.доллар байна.
Дэлхийн Банк Групп нь Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн шинэ хүрээг 2021 онд эцэслэсэн. Энэхүү стратеги нь 2021-2025 оныг хамарсан бөгөөд Монгол Улс КОВИД-19 хямралыг богино хугацаанд даван туулахын зэрэгцээ ирээдүйд ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад илүүтэй анхаарах байдлаар илүү тогтвортой, хүртээмжтэй, аливаа уналтад тэсвэртэй байдлаар сэргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Монгол Улстай байгуулсан Түншлэлийн шинэ хүрээ нь хүртээмжтэй, тогтвортой, бат бөх өсөлтийг дэмжих ерөнхий зорилгын хүрээнд дараах гурван үндсэн асуудлыг гол чиглэлээ болгож байна. Үүнд:
- Эдийн засгийн засаглалыг бэхжүүлэх
- Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- Амьдралын чанарыг сайжруулах
Дэлхийн Банк Групп нь эдийн засгийн хөгжлийн боломж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээ нь урт хугацаанд харилцан нэгнээ нөхдөг гэсэн бат итгэл дээр үндэслэн Монголчууд, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдэд илүү олон, илүү сайн ажлын байр бий болгох, ирээдүй хойч үеийнхний уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дээшлүүлэх чиглэлд илүүтэй дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.
Уг стратеги нь Монгол Улсын үндэсний хөгжлийн стратеги болох "Алсын хараа 2050", Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр болон Дэлхийн Банк Группийн ядуурлыг эцэслэх, амьдрахад таатай дэлхий дээр хамтын хөгжил цэцэглэлтийг цогцлоох хос зорилттой уялдсан болно.
Монгол Улсад үзүүлж буй Дэлхийн Банкны дэмжлэг хэрхэн ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулж, хүртээмжтэй өсөлтийг бий болгож байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл
Төслүүд
Үр дүн
ТӨСЛҮҮД & ҮР ДҮН
Дэлхийн Банкны дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй төслүүд
СУДАЛГАА & ТАЙЛАН
- world-bank:content-type/report
- world-bank:content-type/report
- world-bank:content-type/report
БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ
Удирдлагын баг
Хаяг
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар
Сөүлийн гудамж - 4
M-Си-Эс Плаза, 5-р давхар
Улаанбаатар - 210644
+(976) 70078200