Skip to Main Navigation

Тойм

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, нэг хүнд ногдох ДНБ-ийг гурав дахин нэмэгдүүлээд байна. Монгол Улс ядуурлыг бууруулах чиглэлээр мөн томоохон ахиц дэвшил гаргаж, 2024 оны байдлаар дундаас дээш орлоготой оронд тооцогдох боллоо. Энэ хугацаанд Дэлхийн Банкны Групп (ДБГ) Монгол Улсын тууштай, сайн түнш байсаар ирсэн.

Монголын эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэн өсөлтөө хадгалсаар байна. Уул уурхайн салбар сэргэсэн нь төсвийн санхүү бэхжиж, өрийн хэмжээ буурахад чухал нөлөө үзүүллээ. Хөдөө аж ахуйн салбар 2024 оны зудын нөлөөгөөр огцом уналтад орсон ч уул уурхай болон үйлчилгээний салбарын дэмжлэгтэйгээр Монголын эдийн засаг 2024 онд 5.0 хувиар өсөв.

Дэлхийн худалдааны салбарт тодорхойгүй байдал нэмэгдсэн хэдий ч Монголын эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өснө гэж таамаглаж байна. Үүнд Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх, мөн хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэх зэрэг нь голлон нөлөөлөхөөр байна. Гэвч дотоод эрэлтийн эрчим саарах төлөвтэй. Тухайлбал,  инфляц нэмэгдэх, хөдөө орон нутагт  өрхийн орлогын өсөлт саарах зэрэг нь өрхийн хувийн хэрэглээний өсөлтийг хязгаарлана. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт буурах, хүүгийн түвшин өндөр түвшинд хадгалагдах, эрчим хүч болон бусад үйлдвэрлэлийн орцтой холбоотой зардал нэмэгдэх зэргээс шалтгаалан хувийн хөрөнгө оруулалтын өсөлт буурч болзошгүй. Хэдийгээр Монгол Улсын хувьд АНУ-тай хийх худалдаа харьцангуй бага байдаг ч, дэлхийн эдийн засаг, худалдааны орчинд үүсэж буй тогтворгүй байдал нь нүүрс, зэсийн үнийг бууруулах, тэдгээрийн эрэлтийг сааруулах байдлаар Монгол Улсын төсвийн орлого болон гадаад тэнцэлд дарамт учруулах эрсдэлтэй. Мөн Монголын томоохон уурхай зээлийн эргэн төлөлт хийх төлөвтэй байгаа нь төсөв, гадаад тэнцэл дээр ирэх дээрх дарамтыг улам нэмэгдүүлэхээр байна. Нэрлэсэн ДНБ-ий өсөлт болон инфляц зэрэг нь Монголын засгийн газрын өрийн түвшнийг (ДНБ-д эзлэх хувиар) бууруулах төлөвтэй байна. 

Эдийн засаг 2026, 2027 онуудад жилд дунджаар 5.2 хувиар тэлэх төлөвтэй. Үүнд хөдөө аж ахуйн сэргэлт, үйлдвэрлэлийн тэлэлт, өрхийн орлогын өсөлт, мөн улсын хөрөнгө оруулалтын өсөлт голлон нөлөөлөхөөр байна. Дунд хугацааны төлөвт нөлөөлж болохуйц эерэг, сөрөг эрсдэлүүд аль аль нь бий. Тухайлбал, дэлхийн худалдааны тодорхой бус байдлаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, голлох уул уурхайн түүхий эдийн үнэ буурах зэрэг нь Монголын эдийн засгийн голлох эрсдэл юм. Харин, Монгол Улсын хил дагуух дэд бүтцийн төслүүд хурдтай урагшлах, Хятад улс эдийн засгаа дэмжих илүү зөөлөн бодлого баримтлах, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудлууд түргэн шийдэгдэх  тохиолдолд Монголын экспортын эрэлт өсөх боломжтой.

Монгол Улсад ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувьтай байна. Улс орны амьжиргааны түвшин өөрчлөгдөж байгааг харгалзан үзэж 2022 оны тоон мэдээллийг ашиглан ядуурлын үндэсний шугамыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, 2022 оны байдлаар насанд хүрсэн нэг хүнд ногдох үндэсний ядуурлын шугамыг нэг сарын 418,090 төгрөг байхаар тогтоосон нь 2010 онд тогтоож байсан өмнөх ядуурлын шугам (2022 оны төгрөгөөр илэрхийлсэн дүн)-аас 40 хувиар өндөр түвшин юм. Дэлхийн Банкны дундаас доогуур орлоготой улс орнуудад тогтоодог ядуурлын шугам (2017 оны худалдан авах чадварын паритет дүнгээр тооцсоноор нэг өдрийн 3.65 ам.доллар)-тай харьцуулан авч үзэхэд 2022 онд Монгол Улсын нийт хүн амын 2.4 хувь ядууралд өртсөн байна. Дэлхийн Банкнаас хамтын хөгжил цэцэглэлтийг илэрхийлэх Хөгжил Дэвшлийн Зөрүү хэмээх шинэ хэмжүүрийг тооцож эхэлсэн бөгөөд энэ нь хөгжил цэцэглэлтийн стандарт болох нэг өдрийн 25 ам.долларт хүрэхийн тулд тухайн улсын хүн амын баялаг дунджаар хэр их хэмжээгээр өсөх шаардлагатайг илэрхийлдэг. Монгол Улсын хувьд хүн амын баялаг дунджаар 2.8 дахин нэмэгдэж байж хөгжил цэцэглэлтийн дээрх стандартад хүрэх тооцоололтой байна. Харин Жини индексээр хэмжигдэх тэгш бус байдлыг илэрхийлэх индекс 2022 оны байдлаар 31.4 байв.

Өнөөгийн нөхцөлд олон тооны, илүү чанартай ажлын байр бий болгох асуудал нэн чухал, ач холбогдолтой болж байна. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээл дээрх оролцоо, нэн ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийн хувьд хангалтгүй хэвээр байна. Монгол Улс цаашид ядуурлыг бууруулах, хот, орон нутгийн бүх иргэдийг тэгш боломжоор хангах чиглэлд үргэлжлүүлэн ахиц дэвшил гаргах шаардлагатай байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 5-дугаар сар

ДЭЛГЭРЭНГҮЙ

Нэмэлт мэдээлэл

Суурин төлөөлөгчийн газрын хаяг, утас

Утас: +(976) 7007 8200
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Сөүлийн гудамж - 4, M-Си-Эс Плаза, 5-р давхар
+1 202-473-4709
1818 H Street, N.W., Washington, DC 20433 U.S.A.