Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2023.10.01

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг: Эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа ч хурдац нь саарч байна

Гадаад эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар байгаа нь бүс нутгийн эдийн засгийн 2024 оны төлөвт эергээр нөлөөлнө

ВАШИНГТОН, 2023 оны 10 дугаар сарын 1—Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2023 онд 5 хувийн өндөр түвшинд хадгалагдах боловч 2023 оны хоёрдугаар хагасаас хурдац нь буурч 2024 онд 4.5 хувьд хүрэхээр хүлээгдэж байна хэмээн Дэлхийн Банкнаас ням гаригт танилцуулсан бүс нутгийн эдийн засгийн хагас жил тутмын тоймд танилцуулав.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2023 оны 10 дугаар сарын эдийн засгийн тайланд мэдээлснээр бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ онд бусад хөгжиж буй улс орнуудтай харьцуулахад дээгүүр түвшинд хадгалагдах хэдий ч өмнөх хүлээгдэж байсан төсөөллөөс доогуур байгаа ажээ. Тухайлбал, 2023 онд БНХАУ-ын эдийн засаг 5.1 хувиар, БНХАУ-аас бусад бүс нутгийн эдийн засаг 4.6 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа бол Номхон далайн арлын орнуудын эдийн засаг 5.2 хувиар өсөхөөр хүлээгдэж байна.

БНХАУ-ын дотоодын эдийн засагт учирч буй хүндрэл бэрхшээлүүдээс голлон шалтгаалж өсөлт нь 2024 онд 4.4 хувьд хүрч саарах төлөвтэй байна. Үүнд цар тахлын хязгаарлалтын үеэс хойших сэргэлтийн эрч суларч, өр өндөр түвшинд хадгалагдаж, үл хөдлөх хөрөнгийн салбарын идэвхжил сул хэвээр байгаа төдийгүй хүн амын хөгшрөлт давамгайлж буй зэрэг урт хугацааны бүтцийн хүчин зүйлс нөлөөлж байна. Харин БНХАУ-аас бусад бүс нутгийн хувьд гадаад нөхцөл байдал сайжирснаар эдийн засгийн өсөлт 2024 онд 4.7 хувьд хүрэхээр хүлээгдэж байна. Тодруулбал, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, зарим улс орны худалдааны бодлого бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх ч нөгөө талаас дэлхийн эдийн засаг сэргэж, санхүүгийн зах зээлийн төлөв байдал сайжрах нөлөө давамгайлж, улмаар бүс нутгийн эдийн засгийг тэтгэнэ гэж үзэж байна.

Бүс нутгийн эдийн засагт геополитикийн хурцадмал байдал даамжрах, байгалийн гамшиг, тэр дундаа цаг агаарын онцгой үзэгдлүүд бий болох зэргээр өсөлтийг сааруулах эрсдэлүүд учирч болзошгүй юм.

”Өсөлт тогтворжиж байгаа хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хамгийн хурдацтай, эрчтэй хөгжиж буй бүс нутгийн нэг хэвээр байна” хэмээн Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро мэдэгдсэн төдийгүй “Харин өсөлтийг дунд хугацаанд өндөр түвшинд тогтвортой хадгалахын тулд аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг хангах, худалдааны түншүүдээ төрөлжүүлэхээс гадна бүтээмжийг сайжруулан, ажлын байрыг бий болгох үйлчилгээний салбарын потенциалыг бүрэн дүүрэн ашиглах явдал юм” хэмээн тэмдэглэв.

Уг тайлангийн Онцлох сэдэв бүлэгт боловсруулах аж үйлдвэрийн салбарын голлох нөлөөгөөр өсөлт нь тодорхойлогдож ирсэн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил дэвшилд цаашид үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэх боломжтойг дурджээ. Үйлчилгээний салбар сүүлийн 10 жилийн туршид нийт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд аль хэдийн голлох хувь нэмэр оруулаад байгаа төдийгүй үйлчилгээний экспорт бараа, бүтээгдэхүүний экспортоос илүү хурдацтай өсөлттэй байв. Түүнчлэн, БНХАУ, Индонез, Малайз, Филиппин, Тайланд зэрэг улс орнуудад үйлчилгээний салбарт чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт боловсруулах аж үйлдвэрийн салбартай харьцуулахад тав дахин илүү байв.

Цахим технологи дэлгэрч, үйлчилгээний салбарт шинэчлэл, өөрчлөлтүүд хийгдэж байгаа нь эдийн засгийн идэвхжилийг сайжруулах нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Филиппин улсад ААН-үүд үйл ажиллагаандаа программ хангамж, өгөгдлийн шинжилгээг нэвтрүүлснээр 2010-2019 оны хооронд бүтээмжээ дунджаар жилд 1.5 хувиар өсгөж чадав. Вьетнам улс тээвэр, санхүү, бизнесийн үйлчилгээний салбарт гаднын бизнесүүд нэвтрэх, өмчлөх зэрэгт тавих бодлогын хязгаарлалтуудаа сулруулснаар эдгээр салбарын нэг ажилтанд ногдох нэмэгдэл өртөг 2008-2016 оны хооронд жилд дунджаар 2.9 хувиар нэмэгдсэн төдийгүй эдгээр үйлчилгээг ашиглаж буй боловсруулах аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэх ААН-үүдэд мөн хөдөлмөрийн бүтээмж 3.1 хувиар өсөж, үүнээс хамгийн их үр шимийг жижиг, дунд үйлдвэрлэгчид хүртжээ.

Цахим технологийг үйлчилгээний салбарын шинэчлэл, өөрчлөлттэй хослуулснаар шинэ боломжууд бий болоод зогсохгүй эдгээр боломжийг ашиглах хүмүүсийн чадавхыг давхар нэмэгдүүлж байна. Тухайлбал, зайны боловсрол болон теле эрүүл мэндийн үйлчилгээг тусгайлан бүртгүүлж, сургалтад хамрагдан, мэдлэгээ дээшлүүлсэн, эрч хүчтэй орон нутгийн ажилчдын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэснээр бүс нутаг дахь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирч байна. Гэвч эдгээр үйлчилгээний хүртээмжийн хувьд тэгш бус байдал асар их байгааг дурдах нь зүйтэй.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан ахлах эдийн засагч Аадитяа Маттoo“Үйлчилгээний салбарт шинэчлэл, өөрчлөлтүүд, цахим технологийг нэвтрүүлснээр эдийн засгийн боломж бололцоог тэлж, хувь хүний чадавхыг сайжруулах эерэг мөчлөгийг бий болгон, улмаар бүс нутгийн хөгжлийг голлон тэтгэх ач холбогдолтой” хэмээн онцлов.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2023/109/EAP

Холбоо барих

Вашингтон хотод
Ким Смитис
+1 (202) 458-0152

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image