Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

BRIEF 2020.4.27

Монгол улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг Дэлхийн Банк Группээс үзүүлж буй хариу арга хэмжээ

Image

  • Дэлхийн Банк Групп нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг хариу арга хэмжээ авахад улс орнуудад туслахаар түргэн шуурхай ажиллаж байна.
  • КОВИД-19 цар тахлын улмаас Монгол улсад үүсч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банк Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.

Хөгжиж буй орнуудын санхүүжилт, мэдлэгийн хамгийн том эх үүсвэрийн нэг болох Дэлхийн Банк Групп (ДБГ) нь улс орнуудад цар тахлын эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэхэд туслах арга хэмжээнүүдийг өргөн хүрээнд, түргэн шуурхай авч ажиллаж байна. Бид өвчний тандалт судалгааг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, арга хэмжээг сайжруулах, хувийн хэвшлийн байгууллагуудад үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлж байна. Ирэх 15 сарын хугацаанд Дэлхийн Банк Групп улс орнуудын ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, бизнесүүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд зориулан 160 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг дайчлах бөгөөд үүнээс 50 тэрбум долларыг ОУХА-ийн шинэ нөөцөөс буцалтгүй тусламж эсвэл нэн хөнгөлттэй зээлийн нөхцлөөр гаргана.

Монгол улсад КОВИД-19 цар тахлын улмаас үүсч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Дэлхийн Банк нь Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна.

  • Эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэг туслалцааны хувьд КОВИД-19 цар тахлын эсрэг ДБГ-ээс үзүүлэх эрүүл мэндийн яаралтай тусламжийн эхний багцад Монгол улс багтсан. Нийт 26.9 сая ам.долларын санхүүжилттэй Mонгол улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл нь цар тахал дэлхий дахинд дэгдэж буй энэ үед эрүүл мэндийн яаралтай тусламжийн хэрэгцээг хангах, цаашид эрүүл мэндийн хямралын нөхцөлд илүү бэлтгэлтэй байхад туслах юм.
  • Түүнчлэн одоо хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд нэн даруй шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж 2.2 сая ам.долларын санхүүжүүлтийг хийхээр болсон.
  • Европын Холбооноос санхүүжүүлж буй Монгол улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд 750,000 ам.долларын (680,000 евро) санхүүжилтийг КОВИД-19 цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор цаг үеийн нөхцөл байдалд тохирсон илүү зорилтот арга хэмжээ авах боломжийг засгийн газарт олгох, тодруулбал цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх, төсвийн нөөцийг төлөвлөж мониторинг хийх, хариу арга хэмжээнд зарцуулах төсвийн хуваарилалт, зардлыг илүү оновчтой мөшгих зэрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан төслийн хөрөнгөөс эрэмбэллээ.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн доорх санхүүжилтийг Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжихэд зориулахаар болов. Энэ хүрээнд  15 сая ам.долларыг хувиараа  хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсад зэрэг 120,000 орчим иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөхөд зарцуулна. Мөн төслийн доорх нийт 2.6 сая ам.долларын санхүүжилт бүхий бичил зээл олгох хөтөлбөрийн хүрээнд зээлдэгч нарт хямралын энэ цаг үед зээлийн хүүгийн төлбөрөөс түр хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлнэ.

УИХ-аас 2020 оны 4-р сарын 9-ний өдөр баталсан Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг дэмжихээр Дэлхийн Банк төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улс болон Зүүн Ази Номхон далайн бүс нутагт КОВИД-19 цар тахлын хямралын улмаас үүссэн эдийн засаг, нийгмийн нөлөөллийг бууруулахад туслах бусад арга замыг эрэлхийлж байна.

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн тойм (2020 оны 4-р сар)  тайлан нь КОВИД-19 цар тахлын тус бүс нутагт үзүүлэх эдийн засгийн нөлөөллийг судалж, улс орнууд нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахад онцгойлон анхаарал хандуулахыг зөвлөжээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2020.5.26