Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2018.10.31

“БИЗНЕС ЭРХЛЭХҮЙ” ТАЙЛАН: ДЭЛХИЙН УЛС ОРНУУД БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ 314 ШИНЭТГЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ШИНЭ АМЖИЛТЫГ ТОГТООВ

ВАШИНГТОН ХОТ, 2018 оны 10-р сарын 31 – Дэлхийн олон орны засгийн газрын зүгээс хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин хүнд суртлын эсрэг бодитой арга хэмжээ авч өнгөрөгч онд нийт 314 шинэтгэлийг хэрэгжүүлсэн нь шинэ амжилт байв хэмээн Дэлхийн Банкнаас өнөөдөр танилцуулсан Бизнес эрхлэхүй 2019: Шинэтгэлийн төлөө суралцах нь тайланд дурджээ.  

Дэлхийн 128 оронд хэрэгжсэн дээрх шинэтгэлүүд нь жижиг, дунд үйлдвэрүүд, гарааны бизнесүүдэд үр өгөөжөө өгч ажлын байрыг шинээр бий болгох, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр нэн их нөлөөтэй шинэтгэлүүд байлаа. Тайлант хугацаанд хэрэгжсэн энэхүү шинэтгэлүүдийн нийлбэр тоо нь хоёр жилийн өмнө тогтоосон түүхэн амжилт болох 290 шинэтгэлээс давсан үзүүлэлт байв.  

“Дэлхийн аль ч улс оронд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад хувийн сектор гол үүргийг гүйцэтгэх болно” хэмээн Дэлхийн Банк Группын Ерөнхийлөгч Жим Ён Ким тэмдэглэв. “Бизнес эрхлэхүй тайлангаас хүчтэй дэмждэг шударга, үр ашигтай, ил тод байх зарчмууд нь эрч сайтай эдийн засаг, бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх жинхэнэ үндэс суурь нь болдог. Хувийн хэвшил хөгжин цэцэглэх, ард иргэдийн амьжиргаа сайжрах орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр авах арга хэмжээгээ засгийн газрууд эрчимжүүлэх шаардлагатай байна” гэж онцов.

Бизнес эрхлэх орчинд хэрэгжиж буй шинэтгэлүүд нь хамгийн хэрэгцээтэй газрууддаа хэрэгжсэний бөгөөд үүний дотор бага болон бага-дунд орлоготой орнуудад нийт 172 шинэтгэл хэрэгжсэнийг тайланд онцолжээ. Дэд Сахарын Африкийн 40 улс оронд буюу өмнөхөөс олон оронд нийт 107 шинэтгэл хэрэгжсэн нь тухайн бүсийн гурван жил дараалан тогтоож буй амжилтуудын хамгийн шинэхэн нь болов. Ойрх Дорнод болон Хойд Африкийн бүс нутгууд ч мөн 43 шинэтгэлээр шинэ амжилтыг тогтоосон байна.  

Бизнес эрхлэхэд хэр таатай байгаагаар нь улс орнуудыг эрэмбэлэн харуулдаг Дэлхийн Банкны энэхүү жагсаалтыг тэргүүлж буй 10 орны тоонд багтах Шинэ Зеланд, Сингапур, Дани нэг, хоёр, гутгаар байруудыг хоёрдахь жилдээ тус бүр эзэлсэн бол ЗЗТБ Гонконг, БНХАУ, БНСУ, Гүрж, Норвеги, АНУ, Их Британи, Македон зэрэг улсууд удаах байруудыг эзлэв.

Энэ жилийн жагсаалтын эхний 20-д хамаарах анхаарал татахуйц зарим өөрчлөлтүүдээс дурдвал Арабын Нэгдсэн Эмират (АНЭ) улс энэ ангилалд анх удаа багтасны зэрэгцээ 11-р байрыг эзэлсэн бол Малайз болон Мавритан улс 15 болон 20 дугаар байранд тус бүр эргэн оров. Тайлант хугацаанд Малайз улс зургаан шинэтгэлийг хэрэгжүүлсэн бол Мавритан тав, АНЭ Улс дөрвөн шинэтгэлийг хэрэгжүүлсэн байна. Мавританд хэрэгжсэн шинэтгэлийн хүрээнд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг халснаар эрэгтэй, эмэгтэйчүүд бизнес эхлүүлэхэд эрх тэгш орчин бүрджээ.  

Бизнесийн орчноо хамгийн их сайжруулсан 10 орны тоонд энэ жил Афганистан, Джибути, БНХАУ, Того, Кени, Зааны Ясан Эрэг, Турк, Рванда багтсан нь хэрэгжүүлсэн шинэтгэлүүдтэй нь холбоотой. Тус бүр 6 шинэтгэлийг хэрэгжүүлсэн Джибути болон Энэтхэг хоёр жил дараалан энэ ангилалд багтаж байгаа бол Афганистан, Турк хамгийн ихээр сайжирсан 10 орны тоонд анх удаа багтсан нь нэг жилд хэрэгжүүлсэн шинэтгэлийн тоо 5 болон 7 буюу өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой.  

“Хамгийн ихээр сайжирсан улс орнуудын жагсаалт нэлээд төрөлжсөн байгаа нь аль ч цар хүрээний, мөн орлогын аль ч түвшний эдийн засаг дотоодын жижиг дунд бизнесүүдээ дэмжин, бизнесийг орчныг сайжруулах боломжтой гэдгийг нотлон харуулж байна. “Бизнес эрхлэхүй” тайлангийн хувьд бизнесийн итгэл үнэмшил, инновац, хөгжлийн түлхэц, авлига хээл хахуулийн эсрэг тэмцлийн замд засгийн газруудад дөхөм болох замын зураглал болдог юм” гэж Дэлхийн Банкны Хөгжлийн эдийн засгийн асуудал хариуцсан Ахлах захирал бөгөөд Ерөнхий эдийн засагчийн үүрэг гүйцэтгэгч Шанта Деваражан тэмдэглэв.

Энэ жилийн тайланд төрийн алба хаагчдад олгосон сургалт болон аж ахуйн нэгж, газрын бүртгэлийн тогтолцоог ашигладаг талуудын талаарх мэдээллийг багтаан оруулсан. Энэ талаарх мэдээллийг тайланд шинжилснийг харвал төрийн албан хаагчдад албан журмын сургалтыг жил бүр тогтмол олгосон тохиолдолд аж ахуйн нэгж болон газрын бүртгэлийн систем илүү үр дүнтэй бөгөөд шуурхай болдгийг тогтоосон байна. Өөр нэг судалгаагаар гаалийн албан хаагчид болон зуучлагч талуудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулснаар хилийн болон баримт бичгийн хяналтад шаардагдах хугацаа богиносох, улмаар хилээр орж гарах барааны урсгалыг  хөнгөвчлөх үр нөлөөтэй болохыг тогтоосон байна. Цаашлаад хоёр өөр судалгааны хүрээнд цахилгаанчдыг магадлан итгэмжлэх, шүүгчдийг сургахын ач холбогдлыг судлан үзсэн байна.

Бүс нутгаар авч үзвэл, Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт  “Бизнес эрхлэхүй” жагсаалтыг тэргүүлэгч 10 орны 2 нь буюу Сингапур, ЗЗТБ Гонконг хамаарч байгаа бол БНХАУ хамгийн ихээр сайжирсан 10 орны тоонд багтахын зэрэгцээ дэлхийн жагсаалтад 30 байраар урагшилж 46-д эрэмбэлэгдсэн байна. Тус бүс нутагт хамаарах эдийн засгуудын хүрээнд 43 шинэтгэл өнгөрөгч онд хэрэгжсэн бөгөөд  “Бизнесийг эхлүүлэх” болон “Цахилгаан эрчим хүчээр хангагдах” үзүүлэлтээр гол ахиц дэвшил гарсан байна.  

Хятадын хувьд, эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд холболтыг үнэгүй хийх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд тайланд хамрагдсан хоёр хот болох Бээжин, Шанхай хотуудад цахилгаан эрчим хүчээр хангагдах шалгуураар ахиц гаргасан байна. Мөн хэрэгчлэгчдэд зориулан гар утасны шинэ хэрэглээний програмыг нэвтрүүлсэн тул цахилгаан эрчим хүчээр хангагдахад 143 хоног хүлээх шаардлагатай байсныг 34 хоног болгон бууруулжээ. Бизнесийн үйл ажиллагааны татварыг цуцлан, тайланг нэгтэн ирүүлэх, тэмдэгтийн хураамжийг нэгтгэн төлөх боломжийг олгож захиргааны шинжтэй хэд хэдэн шинэтгэлийг хэрэгжүүлэх замаар эрх бүхий байгууллагуудын шаарлагыг хангахад зарцуулагддаг хугацааг үлэмж багасгасан зэргийн үр дүнд татвар төлөгч татвараа төлөхөд илүү дөхөм болсон байна. Барилгын зөвшөөрөлтэй холбогдох асуудлын хувьд зөвшөөрлийг авах, шинэ барилгыг бүртгүүлэх үйл явц цэгцэрч чанарын хяналтын норм стандарт сайжирсан байна. Мөн компанийн чухал шийдвэр гаргалтад хувьцаа эзэмшигчдийн оролцоо, эрхийг хангах, өмчлөл, хяналтын бүтцийг илүү ойлгомжтой болгох, хувьцаа эзэмшигчдээс гарсан эрх зүйн зардлыг нөхөн олгуулах зэргээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах тал дээр Хятад улс тодорхой ахиц дэвшил гаргав. Тус улсад хэрэгжсэн бусад шинэтгэлүүдийн тоонд бизнесийг эхлүүлэх, хил дамнасан худалдаа эрхлэх, хөрөнгөө бүртгүүлэх зэргийг хөнгөвчилсөн шинэтгэлүүд багтаж байна.  

Зургаан шинэтгэлийг хэрэгжүүлсэн Малайз улс барилга барих зөвшөөрлийг олгох журмыг хөнгөвчилснөөр барилгын зөвшөөрлийн асуудлаар ахиц гаргасан бөгөөд бараа, үйлчилгээний татвар (БҮТ)-ын цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлснээр бизнесийг эхлүүлэхэд хүндрэл багатай болгов. Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх хэлцлүүдийг хөнгөвчлөх, дампуурсан аж ахуйн нэгжүүд асуудлаа шийдвэрлэхэд тус дөхөм зорилготой нэг цонхны үйлчилгээний онлайн платформыг нэвтрүүлсэн зэрэг бусад шинэтгэлүүдийг ч мөн тус улс хэрэгжүүлсэн байна.

Индонез болон Вьетнам тус бүр гурван шинэтгэлийг өнгөрөгч онд хэрэгжүүлсэн байна. Индонезид хэрэгжсэн шинэтгэл бизнесийг эхлүүлэх, үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх болон зээл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх тал дээр голлон анхаарсан бол Вьетнамд хэрэгжсэн шинэтгэл гэрээний хэрэгжилт, татвар төлөлт, бизнесийг эхлүүлэх горим зэрэг чиглэлээр хэрэгжсэн байна.

Компанийн  шийдвэр гаргалтад хувьцаа эзэмшигчдийн оролцоо, эрхийг хангах, өмчлөл, хяналтын бүтцийг илүү ойлгомжтой болгох зэргээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах тал дээр анхааран ажилласан байна. Бизнесийг эхлүүлэхтэй холбогдох асуудлаар татвар төлөгчөөр бүртгүүлэх,  бизнесийн тусгай зөвшөөрөл авах ажаллагааг хөнгөвчилсөн ч татвар төлөгчөөр бүртгүүлэхэд төлдөг төлбөрийг өсгөсөн байна. Импортын хяналтыг илүү хатуу чанга болгосон тул хилийн хяналтад шаардагдах хугацаа уртасч, олон улсын худалдаа эрхлэхэд илүү хүндрэлтэй болов.

Монгол Улсад нэхэмжлэгчийн төлөх төлбөрийг бууруулах замаар гэрээний хэрэгжилтийг сайжруулах тал дээр арга хэмжээ авсан байна. Зүүн Тиморт дүрмийн сангийн шаардлагыг бууруулах байдлаар бизнес эхлүүлэхэд илүү дөхөм болгов.

Тайлан болон түүний өгөгдлийн санг бүрэн эхээр нь дараах холбоосоор харна уу: www.doingbusiness.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2019/053/DEC

Холбоо барих

Вашингтонд
Индира Чанд
+1 (202) 458-0434
+1 (703) 376-7491
ichand@worldbank.org
Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харьцах
Хума Имфиаз
+1 (202) 473-2409
himtiaz@worldbankgroup.org
Улаанбаатар хотод
Б. Индра
+976 70078207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api