ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хурдтай хөгжиж буй орнуудад эдийн засгийн идэвхжлийн сэргэлт удаашралтай байх нь 2016 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлнэ

2016.1.07


Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд  бага зэрэг нэмэгдэж 2.9 хувьд хүрнэ

Вашингтон хот, 2016 оны 1 дүгээр сарын 6 — Хурдтай өсч буй орнуудад (emerging markets) эдийн засгийн идэвхжил сул байх нь 2016 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд дарамт учруулах хэдий ч хөгжилтэй орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэснээр дэлхийн эдийн засгийн өсөлт 2015 онд 2.4 хувь байснаа бага зэрэг ахиж, энэ онд 2.9 хувьд хүрэхээр байгааг Дэлхийн банкны 2016 оны 1-р сарын “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд онцолжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн идэвхжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн хурдтай өсч буй орнуудад эдийн засгийн идэвхжил нийтлэг суларч байгаа нь ядуурлыг бууруулах, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болоод байна. Эдгээр орнуудад эдийн засгийн идэвжил сул байгаа нь хөгжиж буй бусад орнуудын эдийн засгийн өсөлтөд саад учруулж, ядуурлын түвшинг бууруулах чиглэлд олсон ололт амжилтанд эрсдэл учруулна гэдгийг уг тайлан мөн санууллаа.

Дэлхийн банкны ерөнхийлөгч ноён Жим Ён Ким “Дэлхийн нийт ядуу иргэдийн 40 гаруй хувь 2015 онд эдийн засгийн өсөлт нь саарсан хөгжиж буй орнуудад амьдарч байна. Хөгжиж буй орнууд эдийн засгийн эмзэг байдлаа бууруулах, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалахын тулд дархлаагаа сайжруулах чиглэлд анхаарал хандуулах нь зүйтэй. Засаглал болон бизнесийн орчиндоо шинэчлэл хийх нь томоохон эдийн засагтай орнуудын хувьд эдийн засгийн идэвхжил саарснаас ирэх сөрөг нөлөөг нөхөх ач холбогдолтой байж болзошгүй" гэжээ.

Түүхий эдийн үнэ буурч, худалдаа болон хөрөнгийн урсгал сааран, санхүүгийн зах зээлийн савалгаа нэмэгдсэн 2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас доогуур үзүүлэлттэй байлаа. Цаашид тогтвортой өсөлт нь өндөр орлоготой орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, түүхий эдийн үнэ тогтворжилт болон БНХАУ хэрэглээ, үйлчилгээний салбарт түлхүү суурилсан хөгжлийн загварт аажмаар шилжих эсэх зэргээс хамаарна.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд 4.8 хувиар тэлэх төлөвтэй байгаа нь өмнө хүлээгдэж байснаас доогуур үзүүлэлт хэдий ч хямралын дараах буюу өнгөрөгч 2015 оны 4.3 хувийн бага өсөлтөөс өндөр юм. 2016 онд Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарахаар байгаа бол Бразил, ОХУ-д мөн эдийн засгийн идэвхжил суларсан байдал хэвээр хадгалагдахаар байна. Энэтхэг тэргүүтэй Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн идэвжил сайн байх төлөвтэй байна. Саяхан хэлэлцээ хийгдсэн “Trans-Pacific Partnership” буюу 9 орон хоорондын чөлөөт худалдааны гэрээ нь худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд таатай нөлөө үзүүлэх боломжтой.

Дэлхийн банкны группын Дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий эдийн засагч ноён Каушик Басу хэлэхдээ “Хурдтай хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн байдал өөр хоорондоо харилцан адилгүй байна. 6 сарын өмнөхтэй харьцуулахад эрсдэл нэмэгдсэн, тэр дундаа хурдтай хөгжиж буй голлох эдийн засагт учирч болзошгүй удаашралаас хамааралтай улс орнуудын хувьд эрсдлүүд нэмэгдэж байна” гэжээ. Мөн тэрээр “Төсөв, мөнгөний бодлогын зохистой хослол нь эдгээр эрсдлийг бууруулах, өсөлтийг дэмжихэд чухал юм” гэжээ.

Хэдийгээр магадлал бага ч, хурдтай хөгжиж буй томоохон эдийн засгуудын идэвхжил хүлээгдэж байснаас илүү хурдан саарах нь дэлхийн нийтийг хамарсан үр нөлөөтэй байж болзошгүй. АНУ-ын мөнгөний хатуу бодлого болон геополитикийн хурцадмал байдлыг тойрсон санхүүгийн хүндрэл нь мөн эдийн засгийн төлөвт эрсдэл учруулах хүчин зүйлүүдэд тооцогдоно.

Дэлхийн банкны Хөгжил, эдийн засгийн төлөвийн хорооны захирал ноён Аяхан Кози хэлэхдээ “Хөгжилтэй орнуудын эдийн засгийн харьцангуй өндөр өсөлт нь хурдтай хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхжлийн сааралтын нөлөөг зөвхөн зарим талаар нөхөх боломжтой. Санхүүгийн эх үүсвэрийн өртөг өсч буй өнөөгийн шинэ орчинд санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэх эрсдэл хэвээр байна” гэжээ.

Бүс нутгуудын эдийн засгийн төлөв

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд: Уг бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд үргэлжлэн саарч, 2015 оны 6.4 хувийн өсөлтөөс ялимгүй бууран 6.3 хувьд хүрэх төлөвтэй. Хятадын эдийн засгийн өсөлт 2015 оны 6.9 хувиас өсөлтөөс бага зэрэг буурч 2016 онд 6.7 хувь болохоор байна. Түүхий эд экспортлогч Индонези, Малайз зэрэг улсуудад эдийн засгийн өсөлт саарсан хэдий ч Вьетнамд эдийн засгийн өсөлт худасч, Тайландад эдийн засгийн идэвхжил бага зэрэг сэргэсэн зэрэг нь дээрх орнуудын өсөлтийн сааралтыг нөхсөн тул Хятадыг оролцуулалгүй тооцсон эдийн засгийн өсөлт тус бүс нутгийн хувьд 2015 онд 4.6 хувь болсон нь 2014 оныхтой ерөнхийдөө ижил байлаа. Хятадын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс илүү эрчимтэй удаашрах, санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэх, болон санхүүжилтийн нөхцөл эрс чангарах зэрэг эрсдлүүд байсаар байна.

Европ ба Төв Ази: Газрын тосны үнийн бууралт саарч тогтворжсон, ОХУ-ын эдийн засаг сайжирч, Украйны эдийн засгийн идэвхжил сэргэсэн зэргээс тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд 3 хувь болж өнгөрөгч 2015 оны 2.1 хувиас өсч гарахаар байна. ОХУ-ын эдийн засаг өнгөрөгч онд 3.8 хувиар агшсан бол 2016 онд 0.7 хувиар агших төлөвтэй байна. Хэрэв түүхий эдийн үнэ тогтворжвол бүс нутгийн зүүн хэсэгт орших Зүүн Европ, өмнөд Кавказ болон Төв Азийн орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэхээр байна. Евро бүсийн эдийн засгийн идэвхжлээс хамааралтайгаар тус бүс нутгийн баруун хэсэгт орших Болгар, Румин, Турк болон Баруун Балканы орнуудын эдийг засаг 2016 онд алгуур өсөхөөр байна.

Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд: Түүхий эдийн үнэ буурсан, бүс нутгийн томоохон орнуудад дотоод хүндрэл бэрхшээл учирсан зэргээс үүдэн тус бүс нутгийн эдийн засаг өнгөрөгч онд 0.9 хувиар агшсан бол харин 2016 онд уналтын төлөвөөс алгуур гарахаар байна.. Гэвч хөгжиж буй Төв болон Хойд Америк мөн Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн өндөр өсөлт нь Өмнөд Америкийн орнуудын эдийн засгийн идэвхжлийн сааралтыг нөхөх зэргээр дэд бүс нутгууд өөр хоорондоо ялгаатай байна. Бразилийн эдийн засгийн өнөөгийн уналттай байдал 2016 онд улам гүнзгийрэх төлөвтэй байгаа боловч 2017 оноос эргэн өсөх хүлээлт байна. Хэдийгээр газрын тосны үнэ буурсан, төсвийн ачаалал нэмэгдсэн боловч бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлж байгаа, АНУ-ын зах зээлээс ирэх эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Мексикийн эдийн засаг 2016 онд сэргэхээр байна.

Ойрх Дорнод ба Хойд Африк: Ираны эсрэг хориг арга хэмжээ цуцлагдаж улмаар тус улсын дэлхийн эрчим хүчний зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэхээр хүлээгдэж байгаа тул 2016 онд уг бүс нутгийн эдийн засаг өнгөрөгч оны 2.5 хувиас давсан 5.1 хувийн өсөлттэй байхаар байна. Газрын тосны үнэ тогтворжино гэсэн таамаглал дээр үндэслэн бүс нутгийн газрын тос экспортлогч бусад орнуудад өсөлт сэргэхээр байна. Гэвч бүс нутгийн орнуудад дотоодын зөрчил даамжрах, газрын тосны үнэ үргэлжлэн буурах болон амьдрах орчин нөхцөл сайжраагүйгээс нийгэмд үймээн самуун дэгдэх зэрэг томоохон эрсдлүүд нүүрлэсээр байна.

Өмнөд Ази: Уг бүс нутгийн хувьд үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй эдийн засгууд дундаа үзүүлэлт сайтай бөгөөд өсөлт нь өнгөрөгч оны 7 хувиас давж 2016 онд 7.3 хувь болох төлөвтэй байна. Тус бүс нутагт ихэвчлэн газрын тос импортлогч орнууд оршдог тул газрын тосны үнийн бууралтаас үр ашиг хүртэж байгаа. Түүнчлэн энэ бүс нутаг дэлхийн улс орнуудтай харилцаа холбоо харьцангуй бага тул бусад эдийн засгуудын өсөлтийн хэлбэлзлээс хамгаалагдсан. 2016-17 онуудад бүс нутгийн голлох орон болох Энэтхэгийн эдийн засаг 7.8 хувиар өсөхөөр байгаа бол Пакистаны эдийн засгийн өсөлт 4.5 хувь болж нэмэгдэх (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) төлөвтэй байна. 

Саб-сахарын Африк: Түүхий эдийн үнэ тогтворжсоноор 2015 онд 3.4  хувьтай байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2016 онд 4.2 хувь болж нэмэгдэхээр хүлээгдэж байна.  Газрын тос экспортлогч орнуудын хувьд түлшний зардал өсөхийн хэрээр хэрэглээний өсөлт саарч байхад харин газрын тос импортлогч орнуудад инфляци буурснаар хэрэглээ нэмэгдэж байгаа зэргээр бүс нутгийн орнуудын эдийн засгийн үйл ажиллагаа харилцан адилгүй байна. Нигерийн эдийн засаг 2015 онд 3.3 хувиар өссөн бол энэ онд 4.6 хувиар өсөх төлөвтэй байна. Харин Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлт  2015 оны 1.3 хувиас ялимгүй нэмэгдэж 2016 онд 1.4 хувьд хүрэхээр байна.

2016 оны 1 дүгээр сарын Дэлхийн эдийн засгийн төлөвийг бүрэн эхээр нь дараах хаягаар хүлээн авч унших боломжтой: www.worldbank.org/gep

-------------------------------------------------------

Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдал: Хятад болон түүхий эд экспортлогч Индонези, Малайз зэрэг улс орнуудын эдийн засгийн өсөлт саарсаар байгаатай холбоотойгоор Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2015 онд 6.4 хувьд хүрч өмнөх оны 6.8 хувиас буураад байна. Түүхий эд экспортлогч орнуудын эдийн засгийн идэвхжил саарч байгаа хэдий ч Хятадыг хасч тооцсоноор тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа нь (2015 онд 4.6 хувь) түүхий эд импортлогч орнуудад, тэр дундаа Вьетнам, Филиппинд эдийн засгийн идэвхжил сайн мөн Тайландын эдийн засаг алгуур сэргэж байгаа зэрэгтэй холбоотой.

Бүс нутагтаа хамгийн том эдийн засагтай Хятад улс эдийн засгийн өсөлтөө тэнцвэржүүлэх, зарим салбарын өрийг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн нь  тус улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.3 хувь байснаа 2015 онд 6.9 хувь болж буурахад нөлөөлсөн. Хятадын үл хөдлөх болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил илүүтэй суларсан бол үйлчилгээний салбарын идэвхжил харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл болон өнгөрсөн зуны хөрөнгийн зах зээлд хийгдсэн тохиргоотой давхацсан юм.

Хөгжилтэй орнууд мөнгөний тэлэх бодлого авч хэрэгжүүлсэн хэдий ч 2015 онд энэ бүс нутгийн орнууд тэр дундаа түүхий эд экспортлогч болон санхүүгийн эх үүсвэр нэн хэрэгцээтэй байгаа орнуудын хувьд гадаад санхүүжилтийн нөхцөл чангарсан.

Цаашдын төлөв: Хятадын эдийн засгийн өсөлт 6.7 хувьд хүрч буурснаар тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2016 онд 6.3 хувь болж саарах төлөвтэй байна. Хятадыг хасч тооцвол бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2016 онд 4.8 хувь болж бага зэрэг нэмэгдэхээр байна.

Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралтыг ASEAN-ний гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт нөхөхөөр байна. АНУ-ын мөнгөний бодлого хумих чиглэлд хэрэгжихээр байгаа хэдий ч хөгжингүй эдийн засгуудын идэвхжил сэргэж байгаа, газрын тосны үнэ буурч байгаа, улс төрийн тогтвортой байдал нэмэгдэж байгаа болон дэлхийн санхүүгийн зах зээлд таатай нөхцөл үргэлжилсээр байгаа зэрэг нь энэ бүс нутгийн орнуудад эерэгээр нөлөөлөхөөр байна.

Хөрөнгө оруулалтыг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын шинэчлэл хийвэл 2016 онд Индонези эдийн засгийн өсөлт 4.7 хувиас нэмэгдэж 5.3 хувьд хүрэх боломжтой. Малайзын эдийн засгийн өсөлт дотоод эрэлт саарч байгаагаас үүдэн 2016 онд 4.5 хувь болж 2015 оны 4.7 хувиас буурахаар байна. Өрхийн өндөр хэмжээний өрийн дарамт хэрэглээг хязгаарлаж, экспортын өсөлт саарч байгаагаас шалтгаалан Тайландын эдийн засгийн өсөлт 2016 онд 2 хувьд хүрч 2015 оны 2.5 хувийн өсөлтөөс буурах төлөвтэй байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэл болон төсвийн зардал эдийн засгийн идэвхжлийг сэргээснээр Филиппин улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 6.4 хувьд хүрч 2015 оны 5.8 хувиас өсөхөөр байна. Вьетнамын эдийн засаг 2016 онд 6.6 хувиар өсч 2015 оны 6.5 хувиас хурдсахаар байгаа нь хөрөнгө оруулалтын огцом өсөлт, хэрэглээний өсөлт болон экспортын өсөлтөөс хамааралтай.

Эрсдэл: Хятадын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас илүү саарахаар байгаа нь бүсийн эдийн засгийн төлөвт эрсдэл учруулж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэх, зээл хязгаарлагдах зэрэг нь өсөлтөд дарамт үзүүлэхээр байна. Ам.долларын ханш чангарсаар байгаа болон өндөр орлоготой орнуудын өсөлт хүлээж байснаас удаашрах нь уг бүс нутгийн эдийн засагт дарамт учруулахаар байна.  

Хятадын бодлого боловсруулагчдын богино хугацааны гол сорилт нь санхүүгийн зах зээлийн эмзэг байдлаа бууруулахын зэрэгцээ эдийн засгийн бүтцээ өөрчилж, хэрэглээ, үйлчилгээний салбарт голчлон суурилсан өсөлтийн загварт шилжих явдал юм. Хятад улстай хийх худалдаанаас хамаарал ихтэй орнууд өөрсдийн эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй. 

Монгол, Папуа Шинэ Гвиней, Вьетнам зэрэг бүс нутгийн зарим орнууд төсвийн өндөр алдагдлаа удирдах тал дээр анхаарал хандуулах шаардлагатай болно. Индонези, Малайз, Монгол зэрэг орнууд түүхий эдийн орлогоос хамаарах хамаарлаа бууруулах нь зүйтэй. Хятад, Тайланд болон Вьетнамд төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн засаглал болон ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх нь төсөвт учрах ирэх болзошгүй эрсдлийг бууруулах юм. Бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжил болон ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ. “The Trans-Pacific Partnership trade accord” буюу чөлөөт худалдааны гэрээ хэрэгжсэн тохиолдолд энэ нь бүс нутгийн эдийн засаг болон худалдааг дэмжих юм.


Image
Холбоо барих
Вашингтон хот
Phil Hay
Утас: (202) 473-1796
phay@worldbank.org
Mark Felsenthal
Утас: (202) 452-0051
mfelsenthal@worldbank.org
Телевиз, радиогоос хүсэлт ирүүлэх бол
Huma Imtiaz
Утас: (202) 473-2409
himtiaz@worldbankgroup.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/229/DEC

Api
Api

Welcome