ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өндөр өсөлттэй хэвээр байгаа ч цаашид удаашрах төлөвтэй байгааг Дэлхийн Банк онцолж байна

2015.10.05


Уг бүс нутгийн орнууд нь макро эдийн засгийн оновчтой менежмент болон одоогийн бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай 

СИНГАПУР, 2015 оны аравдугаар сарын 5 — Дэлхийн банк энэ удаагийн ээлжит тайландаа Зүүн Ази, Номхон далайн улс орнуудын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хөтлөгч гол хүчин зүйлсийн нэг хэвээр байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2/5-ыг дангаараа бүрдүүлж байгааг онцлов. Өнгөрсөн онд тухайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 6.8 хувтай байсан бол энэ оны эцэст бага зэрэг удааширч 6.5 хувьтай гарах урьдчилсан хүлээлттэй байгаа юм.  

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Аксел Ван Троценбург хэлэхдээ “Уг бүс нутаг дахь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саарч байгаа ч энэ хандлага нь бодлого боловсруулагчдад урт хугацааны эдийн засаг тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөх суурь болох одоогийн бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх ёстойг сануулж байна. Энэхүү шинэчлэлийн шинжтэй бодлого нь санхүүгийн, хөдөлмөрийн болон
бүтээгдэхүүний зах зээлүүдийн зохицуулалтыг сайжруулахын зэрэгцээ ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Эдгээр бодлого нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, зах зээлийн үйл ажиллагааг сайжруулснаар тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгон, улмаар ядуурлыг бууруулахад нэн чухал нөлөөтэй юм” гэлээ.  

Энэ удаагийн эдийн засгийн тайлан нь уг бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүүтэй анхаарав. Өндөр орлоготой орнуудын эдийн засгийн өсөлт алгуур сэргэж байгаа, олон улсын худалдаа 2009 оноос хойш бага хувиар өсч байгаа, хөгжиж буй орнуудад өргөн хүрээг хамарсан эдийн засгийн удаашрал улам бүр газар авч байна. Ялангуяа
түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурч байгаа нь тэдгээрийг үйлдвэрлэгч орнуудад сөргөөр нөлөөлж байна. 

Тухайн бүс нутгийн орнуудад эдийн засгийн идэвхжил харилцан адилгүй байна. Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 7 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд цаашид алгуур саарахаар байна. Энэ нь Хятад улс эдийн засгаа илүү хэрэглээ, үйлчилгээний салбарт тулгуурласан болгох зорилготой хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлтийн бодлогоос голлон шалтгаалж байна.   

Зүүн Азийн бусад орны хувьд өсөлт нь энэ онд өмнөх оны түвшинтэй адил буюу 4.6 хувь өсөх таамагтай байна. Түүхий эд экспортлогчид болох Индонези, Малайз болон Монгол гэсэн орны хувьд эдийн засгийн өсөлт болон төсвийн орлого бага түвшинд байхаар байгаа нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсантай холбон тайлбарлахаар байна. Гэвч түүхий эд импортлогч орнуудын эдийн засаг тогтвортой өсөлттэй хэвээр хадгалагдахаар байна. Тухайлбал, Вьетнамын эдийн засаг 2015 онд 6.2 хувиар, 2016 онд 6.3 хувиар тус тус өсөх урьдчилсан төлөвтэй байна. Гэвч ихэнх жижиг оронд эдийн засгийн өсөлт удаашрах төлөв ажиглагдаж байна. Кампуч улсад л гэхэд хөдөө, аж, ахуйн салбарын үйлдвэрлэл буурсан нь эдийн засагт нь сөргөөр нөлөөлж байгаа ч өсөлт оны эцэст 6.9 хувьтай байхаар байна. Мьянмар улсад өнгөрсөн долдугаар сард их хэмжээний үер болсон нь өнгөрсөн оны 8.5 хувийн эдийн өсөлтийг энэ онд 6.5 болгон буурахад голлон нөлөөлөхөөр байна. Номхон далайн арлын орнуудын хувьд мөн өсөлт буурах төлөвтэй байна. 

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч ноён Судир Шетти хэлэхдээ“АНУ бодлогын хүүгээ өсгөхөөр байгаа болон Хятадын эдийн засагт бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжиж байгаагаас Зүүн Азийн хөгжиж буй орнуудын хувьд өсөлт удаашрах төлөвтэй байна” гэжээ. “Дээрх хүчин зүйлс нь богино хугацаанд
санхүүгийн эх үүсвэрт хэлбэлзэл үүсгэх боломжтой ч эдгээр тохиргоо нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход зайлшгүй шаардлагатай юм”. 

Уг тайлан нь Хятадын эдийн засгийн идэвхжил 2016-17 онд алгуур саарна гэж таамаглаж байна. Уг таамаглал ч бодитой байх боломжтой. Учир нь, Хятад улсын Засгийн газрын өрийн хэмжээ бага, банкны системээс хөрөнгө гадагшлах эрсдэлийг хууль, журмаар сайн хязгаарлаж чадсан, санхүүгийн салбарт төр голлох үүрэгтэй байдаг зэрэг нь эдийн засгийн өсөлт хурдтай саарах тохиолдолд түүнийг эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын орон зайтай, дархлаа сайтай байх боломжтой юм. Хэрэв Хятадын эдийн засгийн идэвхжил цаашид үргэлжлэн буурах тохиолдолд түүний нөлөө нь тухайн бүс муж дахь улсууд, ялангуяа Хятад улсаас худалдаа, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын салбар нь хамааралтай улс орнуудад илүү мэдрэгдэх болно гэжээ.  

Түүнчлэн ирэх сараас АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалтай байгааг тайланд дурдав. Дээрх бодлогын хүүний өсөлт нь хүлээгдэж байсан ч зах зээл уг мөнгөний хатуу бодлогод огцом хариу үзүүлэх эрсдэлтэй бөгөөд валютын ханш сулрах, бондын өгөөж өсөх, хөрөнгийн урсгал татрах болон эх үүсвэр саарах байдлаар улс орнуудад мэдрэгдэх боломжтой. 

Дээр дурдсан боломжит бодлогын өөрчлөлтүүд бий болоход Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнууд оновчтой макро эдийн засгийн менежмент хийх замаар гадаад сектор болон төсвийн эмзэг байдлыг бууруулж, бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэн, хувийн секторын хөрөнгө оруулалтыг урамшуулахад анхаарах хэрэгтэйг уг тайланд онцгойлон анхааруулав.

Холбоо барих
Хаана СИНГАПУР
Dini Djalal
Утас: +62-21-5299-3156
ddjalal@worldbank.org
Хаана Вашингтон ДС-д
Jane Zhang
Утас: +1 (202) 473-1376
janezhang@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2016/86/EAP

Api
Api

Welcome