ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ДЭМЖИЖ БАЙНА

2011.6.09




ВАШИНГТОН ДС, 2011 оны 6 дугаар сарын 09 Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөл Монгол Улсад хэрэгжиж байгаа Тогтвортой Амьжиргаа II төсөлд нэмэлт санхүүжилт хийхээр 11 сая ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг баталлаа. Энэ нь Монгол улсын хэмжээнд орон нутгийн бүлгүүдийн амьжиргааг дэмжиж, тэдний амьжиргааны эмзэг байдлыг бууруулахад чиглэн ажилладаг институциын механизмыг сайжруулах, улмаар Тогтвортой амьжиргаа II төслийн үр нөлөөг ихэсгэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилүүдэд маш хурдацтай өсөж байна. Гэвч тус улс нь нийгмийн олон сорилт, бэрхшээлүүдтэй тулгарч байгаа. Хэдийгээр ядуурал буурах хандлагатай байгаа ч улсын хэмжээнд иргэдийн амьжиргааны түвшин харилцан хоорондоо ихээхэн ялгаатай байсаар байна. Хүн амын тал хувь нь суурьшдаг хөдөө орон нутагт ядуурлын хэмжээ илүү их байна. Ялангуяа хөдөө орон нутгийн суурин төвийн оршин суугчид ядуу бүлгийн ихээхэн хэсгийг бүрдүүлж байна.

Тогтвортой амьжиргаа II төсөл нь, 2002  онд хэрэгжиж эхэлсэн 3 үе шат бүхий Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн хоёр дахь үе шат юм. Тогтвортой амьжиргаа II төсөл нь Дэлхийн Банк, Европын Холбоо, Японы Засгийн Газраас санхүүждэг бөгөөд Монгол улсын хэмжээнд орон нутгийн бүлгүүдийн амьжиргааны аюулгүй болон тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготой.  

Төслийн эхний үе шат буюу 2002-2007 онуудад малчдад тохиолдох эрсдлийг багасгах, орон нутгийн иргэдийн хувь, оролцоон дээр тулгуурласан орон нутгийн өмчийг бий болгох шинэлэг аргыг туршсан бөгөөд мөн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг авах боломжийг нэмэгдүүлсэн.  Улмаар 2007 оноос хойш хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд энэхүү туршигдсан арга, институцийн механизмыг улсын хэмжээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх болсон. Хөтөлбөрийн төгсгөлийн үе шат батлагдвал энэхүү хөтөлбөрийн хүрээнд бий болгож, хэрэгжүүлсэн арга, механизмыг институцлэхыг зорих юм.

Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийг санхүүжүүлэгчдийн нэгний хувьд бид энэхүү хөтөлбөрийн өнөөдрийг хүртэл гаргасан амжилт, үр дүнд сэтгэл хангалуун байгаа.” гэж Дэлхийн Банкны Монголыг хариуцсан менежер, хатагтай Корали Геверс дүгнэж байна. “Орон нутгийн бүлгүүдийн оролцоон дээр тулгуурласан загварыг Монгол Улсын хот, хөдөөд амжилттай туршиж, хэрэгжүүллээ. Энэхүү гол тулгуур механизмыг ашиглан нийгмийн суурь үйлчилгээ, орон нутгийн дэд бүтэцийг сайжруулах зорилго бүхий жилд дунджаар 1300 гаруй жижиг төслүүд хэрэгжсэн бөгөөд мөн орон нутгийн бэлчээрийн удирдлагын төлөвлөгөө сайжирсан байна. Түүнчлэн бичил санхүүжилтийн ачаар жилд дунджаар 35,000 гаруй иргэд бизнес эрхлэх боломжтой болж байна” гэж хатагтай Гевэрс нэмэн тэмдэглэв.

Гэвч энэхүү ололт, үр дүнгүүд нь зохих бодлого, хуулийн орчингүйгээр тогтвортой байж чадахгүй юм гэж Дэлхийн Банкны баг үзэж байна. Одоогийн байдлаар Монгол улс нь орон нутгийн иргэдийн оролцоон дээр тулгуурласан төсвийн үүрэг хариуцлагыг орон нутагт шилжүүлэх төсвийн төвлөрлийг сааруулах хүрээнд холбогдох хуулийн талаар хэлэлцэж байна. Энэхүү алхам нь Тогтвортой амьжиргаа II төслийн хүрээнд хөгжүүлж, хэрэгжүүлж байгаа оролцооны арга, механизмтай  сайн уялдаж, таарч байгаа юм. “Энэхүү нэмэлт санхүүжилт нь төслөөс баримталж, хэрэгжүүлж байгаа арга, механизмыг улам сайжруулах үйл ажиллагааг дэмжих болно. Холбогдох бодлого, хуулийн зохистой орчин бий болсоноор төсөл нь гуравдах үе шат руугаа орох суурь үндэслэлийг бий болгох юм” гэж Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн Ажлын хэсгийн ахлагч, Дэлхийн Банкны ХАА-н ахлах эдийн засагч Эндрю Гүүдлэнд тайлбарласан юм. 

Энэхүү батлагдсан санхүүжилт нь Тогтвортой амьжиргаа II төслийн үйл ажиллагааг нэмэлт нэг жилээр үргэлжлүүлэх боломжийг бий болгож байгаа бөгөөд энэ нь төслийн бэлчээрийн эрсдлийн удирдлага, орон нутгийн санаачилга бүрэлдэхүүн хэсгүүдийг санхүүжүүлэх болно.

Төслийг тогтвортой амьжиргаа II төслийн ажлын алба үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төслийн ажлын алба төслийг аймаг, сум, дүүргийн нэгжүүдээрээ дамжуулан улсын хэмжээнд хэрэгжүүлнэ. Төслийг ерөнхийд нь Сангийн Яам хариуцах бөгөөд  Төслийн удирдах зөвлөл нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ. Нэмэлт санхүүжилтийн үр дүнд тус Тогтвортой амьжиргаа II төслийн үйл ажиллагаа 12 сарын хугацаагаар сунгагдаж 2013 оны 6-р сар хүртэлх хэрэгжих боломжтой болж байгаа юм.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж.Сүнжидмаа
Утас: +976-11-312647 ext-207
sjamba@worldbank.org
Хаана Вашингтон ДС-д
Карл Нанлон
Утас: (202) 473 8087
chanlon@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2011/544/EAP

Api
Api

Welcome