ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагааны санаачлага: Монголд хүнд нөхцөлд ажиллаж буй гар аргаар олборлогчдын тоо өссөөр байна

2007.9.10



2007 оны 9-р сарын 10-ний өдөр, Вашингтон хот — Дэлхийн 50 гаруй оронд 20 сая хүн гар аргын олборлолт эрхэлж, жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг ба 100 сая хүний амьжиргаа энэхүү үйл ажиллагаанаас шууд хамаардаг байна. Дэлхийн Банкны, хандивлагч орнууд болон байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй дэлхий нийтийг хамарсан “Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” хэмээх хөтөлбөрийн мэдээгээр, эдгээр хүмүүсийн ихэнхи нь нийгмийн болон байгаль орчны аймшигтай хүнд нөхцөлд ажилладаг байна.

 

“Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” санаачлагын хүрээнд жил бүр зохиогддог олон улсын хурлын ээлжит чуулган энэ оны 9-р сарын 7-12-нд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Гар аргын олборлолт болон жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагааг судалдаг мэргэжилтнүүд дэлхийн өнцөг бүрээс Монгол оронд хуран цугларч гар аргаар олборлогчдын асуудлыг нягтлан хэлэцэх юм. Энэ жилийн хуралдагсад “Гар аргын олборлолт болон жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагааг тогтвортой байдлаар хөгжүүлэх үр ашигтай хамтын ажиллагаа” сэдвээр санал солилцох болно.

 

“Албан бус олборлолт болон жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаанаас олон мянган хүний амьжиргаа хамаарч байдаг Монгол оронд болж буй энэхүү олон улсын хурлыг Дэлхийн Банк хамтран зохион байгуулалцаж байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэж Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч ноён Аршад Саед хэлэв. Тэрээр цаашид үргэлжлүүлэхдээ: “Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэцүүлэхэр бэлтгэгдэж буй өнөө  үед зохиогдож байгаа нь уг  хурлын цаг үеэ олсныг илтгэж байна. Иймд, сонирхогч талууд энэхүү арга хэмжээнд бүтээлч, ажил хэрэгч байдлаар оролцохыг бид хүсэн хүлээж байгаа юм” гэв.

 

Дэлхийн нэн ядуу 12 орны 650 мянган эмэгтэйчүүд болон 1-1,5 сая хүүхдүүд гар аргын олборлолтын талбарт хөдөлмөрлөж байна. Гар аргаар үнэт чулуу, алт, зэс, кобальт, кольтан, нүүрс зэрэг олон төрлийн түүхий эд болон үйлдвэрлэлийн ашигт малтмалыг олборлодог байна.

 

“Эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудад болон эрчимтэй хөгжиж буй Хятад, Энэтхэг зэрэг орнуудад ашигт малтмалын үнэ өсөх хэмжээгээр гар аргаар олборлогчдын тоо нэмэгдсээр байна” гэж “Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” хөтөлбөрийн удирдагч, уул уурхайн салбарын ахлах мэргэжилтэн ноён Готтард Валсер хэлэв. Тэрээр мөн: “Ялангуяа төр засгийн байгууллагууд, уул уурхайн компаниудтай үр дүнтэйгээр хамтран ажиллах замаар таатай орчин бүрдүүлж, зөв зохистой хөшүүргийг бий болгосон нөхцөлд гар аргын олборлолт нь эдийн засгийн өсөлтөд түлхүү хувь нэмэр оруулах боломжтой юм” гэв.

 

Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагааны нийгмийн болоод эдийн засгийн шинж чанар нь эрүүл мэнд, байгаль орчин, жендерийн асуудал, боловсрол, хүүхдийн хөдөлмөр, ядуурлыг бууруулах явдал зэрэг Мянганы Хөгжлийн Зорилтуудтыг бүхэлд нь тусгаж байдаг билээ.

 

Жишээлбэл, гар аргын олборлолт эрхэлдэг орон нутгийн ард иргэд нь хумхаа, сүрьеэ, томуу ханиад, тахал, шар халуун, бэлгийн замаар дамждаг өвчин, ДОХ зэрэг халдварт өвчинд өртөмтгий байдаг байна.

 

Цаашилбал, гар аргаар олборлогчид болон жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчид нь гол төлөв их хэмжээний албан ёсны үйлдвэрлэлийн олборлолт явуулж буй компаниудын ашиглаж байгаа орд газрын ойролцоо оршин хөдөлмөрлөдөг тул албан бөгөөд албан бусаар олборлогчдын хооронд ашигт малтмалын нөөц ашиглах эрх, амьжиргааны түвшний ялгаа зэрэг асуудлаас үүдсэн зөрчилдөөн үүсдэг. Ялангуяа улс төрийн мөргөлдөөнтэй болон улс төрийн байдал тогтворгүй байгаа улс орнуудад уул уурхайн салбарын талуудын хооронд зөрчил үүсэх явдал нь нийгмийн бөгөөд эдийн засгийн ихээхэн хэмжээний дарамтыг үүсгэдэг байна.

 

Албан бус олборлолттой холбоотой зарим тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд хууль зүйн зохистой бөгөөд эрх тэгш орчинг бүрдүүлэх, орон нутгийн хүн ам, их хэмжээний үйлдвэрлэлийн олборлолт эрхэлж буй компаниуд болон төрийн байгууллагуудын хооронд эерэг, үр бүтээлч харилцааг бий болгох ажилд “Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” хөтөлбөрөөс туслалцаа үзүүлэх юм. Энэхүү хөтөлбөрийн ажлын хүрээнд дэлхийн янз бүрийн бүс нутагт орших 25 орны 35 төрөл бүрийн байгууллага хамтран ажиллаж, мянга мянган хүний амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг юм.

 

Үүнээс гадна, “Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” хөтөлбөр нь ашигт малтмал олборлох байгаль орчинд халгүй арга ажиллагааг нэвтрүүлэх замаар нийгмийн болон эдийн засгийн нэгдмэл хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллах болно. Мөн уг хөтөлбөр нь, холбогдох талуудад хөдөлмөрийн зохицуулалт болон ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны олон улсын жишгийг мөрдөх ажилд нь туслах юм.

 

Гар аргаар олборлогсдод үр ашигтай үйл ажиллагаа явуулж, боломжийн орлого олох боломж бүрдүүлвэл орон нутгийн дэд бүтэц, үйлчилгээний салбар сайжрах чухал ач холбогдолтой юм. Мөн тэдэнд байгалийн нөөц баялгийг урт хугацаанд үр ашигтайгаар олборлох боломж олгож, худалдаа болон зээлийн эх үүсвэрт тэгш эрхтэйгээр оролцох нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэж “Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” хөтөлбөрийн удирдагч үзэж байна.

 

                                                                       ###

Интернэт мэдээлэл:

“Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” хөтөлбөр болон гар аргын олборлолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосыг ашиглана уу: www.casmsite.org

 

 

Суурь мэдээлэл:

 

Гар аргын олборлолт гэж юу вэ?

“Гар аргын болон жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” гэдэг нь гараараа болон энгийн механик төхөөрөмжийн тусламжтайгаар ашигт малтмал олборлох явдлыг хэлнэ.

 

“Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” хөтөлбөрийн тухай

 

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, мөн жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй орон нутгийн ард иргэдийн өмнө тулгарч буй нийгмийн болон байгаль орчны ээдрээтэй асуудлуудад салбар хоорондын нэгдмэл шийдлийг нэн даруй олох шаардлага байна хэмээн жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагааг хэлэцэх олон улсын хурал болгон дээр удаа дараа яригддаг байв. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” санаачлагыг 2001 оны 3-р сард эхлүүлсэн юм.

 

“Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” санаачлага нь албан бус олборлолтын үйл ажиллагааг ядуурал, зөрчилдөөний эх үүсвэр бус харин эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн эх үүсвэр болгох нэгдмэл зорилго агуулдаг юм.

 

“Орон нутгийн хүн ам ба Жижиг хэмжээний уул уурхайн үйл ажиллагаа” санаачлагыг дэмждэг хандивлагч орнууд ба байгууллагууд

 

Нэгдсэн Вант улсын Олон Улсын Хөгжлийн газар, мөн Дэлхийн Банк өөрийн Хөгжлийн буцалтгүй туслалцааны хөтөлбөрөө дамжуулан энэхүү санаачлагын үндсэн хандивлагчаар оролцдог ба Канадын ашигт малтмалын газар болон Австри, Дани, Голланд, Швейцар зэрэг орны итгэлцлийн сангууд, мөн Дэлхийн Уул уурхайн судалгааны холбоо зэрэг байгууллагууд уг хөтөлбөрийн хамтран санхүүжүүлдэг юм.

Холбоо барих
Хаана Вашингтон ДС-д
Mauricio Ríos
Утас:  (202) 458-2458
mrios@worldbank.org
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/09/10

Api
Api

Welcome