ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Засгийн Газар, түншүүдийн хамтарсан техникийн уулзалт

2006.3.02




УЛААНБААТАР, 2006 оны 3 сарын 2 - Монголын Засгийн Газар, гадаад түншүүд, хувийн хэвшил болон ТББ-ын төлөөлөгчид Монгол Улсын эдийн засаг, нийгмийн болон хөгжлийн явцийн асуудлаар хамтран ярилцсан техникийн уулзалт хоер өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү уулзалтаар хөгжлийн үр дүнд чиглэгдсэн удирдлага, гадаадын зээл тусламжийн харилцан уялдаа, өрийн удирдлага, хувийн хэвшлийн хөгжил, боловсролын салбарын асуудлуудыг хөндөн ярилцлаа. Засгийн газар болон хандивлагчдын дараагийн уулзалтаар тэргүүлэх чиглэлийн бусад асуудлуудыг хэлэлцэх болно. 

Монгол Улс гадаад орон, хандивлагчдаас ихээхэн хэмжээний зээл, тусламжийг авч ашиглаж байгаа билээ. Монгол улсын Засгийн Газар, Дэлхийн Банктай хамтран зохион байгуулсан энэхүү уулзалт нь хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, гадаадын зээл, тусламжийг хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн үе шаттай уялдуулах Засгийн Газар, гадаад түншүүдийн харилцан хамтын ажиллагааг улам нягтруулах зорилготой юм. 

Уулзалтанд оролцогчид Засгийн Газар болон гадаад түншүүдийн үйл ажиллагааг өнөөгийн бодлого төлөвлөлт, жилийн төсөв болон одоо шинээр боловсруулагдаж байгаа Мянганы хөгжлийн зорилтууд дээр тулгуурласан Үндэсний Хөгжлийн Стратегийн хүрээнд харилцан уялдуулж, Улсын Их хурал, Засгийн газар, яамдууд болон салбар хоорондын хүрээнд ил тод байдал, харилцаа хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж байна. 

Монгол улсын эдийн засгийн бодит өсөлт 2001 оноос хойш жилд дунджаар 5.5 хувь байгаа учраас  гадаадын зээл, тусламжийн үр ашгийг илүү сайжруулах шаардлагатай болохыг харуулж байна гэж Сангийн сайд Н. Баяртсайхан тэмдэглэв.  Мөн түүнчлэн “өр, зээлийн удирдлагыг сайжруулах, хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн зохистой харьцааг хадгалах бодлого, стратеги өнөөдөр илүү чухлаар шаардагдаж байна. Бидний зорилго бол цаашид гарч болзошгүй дэлхийн зах зээл дэх түүхийн эдийн үнийн уналтыг хохирол багатай даван туулах чадвар бүхий тогтвортой эдийн засгийн чадавхийг бий болгох, бэхжүүлэх асуудал юм” гэж хэллээ. 

Энэхүү уулзалтаар зээл тусламжийн бодлогын хувьд Засгийн газар болон гадаад түншүүдийн хооронд харилцан зөвшилцсөн хамтын ажиллагааны шинэ механизмыг тодорхойллоо. Зээл тусламжийн шинэ механизм нь эдийн засгийн бодит хөгжлийг дэмжсэн, үр дүнд тулгуурласан, давхардлыг арилгасан, эргэж тайлагнадаг, ил тод байх зарчимд тулгуурлана. Мөн зээл тусламжийн бодлого нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бодлого, эрх ашигт хамаарах тул Сангийн яам нэгдсэн бодлогыг тодорхойлж, зохицуулалтыг хийх нь зөв гэж Сангийн яамнаас тэмдэглэн хэлэв. 

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа сүүлийн жилүүдэд ихээхэн амжилт олсон гэдэгт Засгийн Газар, гадаад түншүүд санал нэгтэй байлаа. 1990-ээд онд 9 хувиас илүү алдагдалтай байсан улсын төсвийн гүйцэтгэл 2005 онд эерэг үлдэгдэлтэй гарсан. Сүүлийн жилүүдэд төсвийн гүйцэтгэл сайжирснаар 1991 оноос өмнө үүссэн Оросын Холбооны улсад төлбөл зохих гадаад өрийг төлөх боломж олгосон байна. Монгол улс Мянганы Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх явцдаа “бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших” зэрэг зорилтыг амжилтай хэрэгжүүлж байна.          

Гэвч Монгол улсын эдийн засгийн цаашдын хөгжлийн явцад зарим тодорхой эрсдэл гарч болзошгүй учраас энэхүү уулзалтанд оролцогчид улс орны өнөөгийн эдийн засгийн өндөр өсөлттэй байгаа энэ цаг үед гадаад зах зээлийн тааламжтай байдлаас үүссэн төсвийн нэмэгдэл орлогыг зүй зохистой ашиглах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгтэй байв. Мөн талууд энэхүү уулзалтаар ярилцсан, харилцан тохиролцсон зүйлсээ ажил  хэрэг болгох, гүйцэтгэсэн ажлуудаа 6 сарын дараа зохион байгуулагдах дараагийн хамтарсан уулзалтаар дүгнэн хэлэлцэхээр харилцан тохиролцов. 

Техникийн уулзалтаар хувийн хэвшил болон боловсролын салбарын хөгжлийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, эдгээр салбаруудын хүрээнд Монгол улсын хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гол асуудлуудыг ярилцсан байна. Тодруулбал татвар, гаалийн асуудлууд, лиценз, зөвшөөрөл олголтын талаар хийсэн судалгааны үр дүнгүүд болон хувийн хэвшлийн хөгжлийг сааруулж байгаа гол шалтгаанууд болох авилгал, хүнд сурталтай тэмцэх талаар тодорхой алхам хийх хэрэгтэй байгааг хөндөж ярилцсан. 

Боловсролын салбарын хөгжлийн стратегийг боловсруулж байгаатай холбогдуулан тус салбарт хэрэгжүүлж байгаа гол ажлуудыг дүгнэн хэлэлцсэн. Мөн эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн явцын талаар авч ярилцсан болно. 

Хүн бүрийг боловсролтой болгох дэлхийн нийтийн зорилтын хүрээнд түүнийг түргэвчилсэн хэлбэрээр хэрэгжүүлэх санаачлагын хүрээнд хийгдсэн боловсролын салбарын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар оролцогчид мөн санал нэгдэв.          

Уулзалтын төгсгөлд Дэлхийн Банкны Монголыг хариуцсан захирал ноен Дэвид Доллар Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн асуудлыг макро болон микро түвшинд тодорхойлох нь чухлыг онцлон тэмдэглэв. Тэрээр “Монгол улсын Засгийн Газар хувийн хэвшил, боловсролын салбар зэрэг хөгжлийн гол салбарын эн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлыг тодорхойлохыг эрмэлзэж байгаад баяртай байна. Энэ нь гадаадын зээл тусламжийг Монгол улсын хөгжлийн тэргүүлэх асуудалд чиглүүлнэ гэдгийг илүү тодорхой болгож байна” гэв.  Макро түвшний хувьд авч үзвэл ирээдүйд гарч болзошгүй \үнийн эрсдэлээс хамаарсан\ эдийн засгийн тогтворгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс хөнгөлттэй зээлийн болон нийт өрийн хэмжээг хязгаарлах, төсвийн тогтвортой байдлыг баталгаажуулах чиглэлээр нэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж тэмдэглэв. 

Хамтарсан уулзалт нь 2006 оны 2 сарын 28-аас 3 сарын 1-ны өдрүүдэд Чингис зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд Засгийн Газар, гадаадын түншүүд болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хүрээнд цаашид 6 сар тутамд зохиогдож байх  уулзалтын эхлэл боллоо.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/03/02

Api
Api

Welcome