ӨГҮҮЛЭЛ

МУ-Н ЭДИЙН ЗАСГИЙН УЛИРЛЫН ТОЙМ: 2012 ОНЫ 2-Р САР

2012.2.28


Image

  • ДНБ-ий өсөлт 2010 онд 6.4 хувь байсан бол 2011 онд 17.3 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт боллоо. Мөн 2010 онд 13 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин 9 хувь болж буурлаа. Гэвч оны эцэст инфляци 11.1 хувьд хүрч албан бус салбарын ажилчдын бодит орлого буурч эхэллээ. 
  • Эдийн засаг хэт халж байгаагийн үндсэн шалтгаан нь уул уурхайн орлого хурдацтай нэмэгдэхийн  зэрэгцээ төсвийн зарлага 2011 онд 56 хувиар өссөн явдалтай холбоотой бөгөөд энэ онд дахин 32 хувиар нэмэгдэхээр төсөвлөгдсан байна. Төсвийн мөчлөг дагасан энэхүү бодлого нь Монгол Улсад урьд өмнө нь тохиолдож байсан “тэлэлт-агшилт”-ын мөчлөгийг давтах эрсдэлийг дагуулж байна. Нэн ялангуяа Европын улсуудад өрийн хямрал үргэлжилж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ огцом унаж болзошгүй энэ үед ийм нөхцөл байдал бий болоод байна.  
  • 2011 оны төсвийн нийт зарлагыг 2009 оны түвшинтэй харьцуулбал хоёр дахин өссөн нь УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн дарамт шахалт, өмнөх сонгуулийн үеэр өгсөн бэлэн мөнгө тараах, хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр нэмэгдүүлэх улс төрийн амлалтыг биелүүлэхтэй холбоотой. 
  • Төсвийн орлогын гүйцэтгэл өндөр байсан учраас 2011 оын төсвийн алдагдал ДНБ-ий 3.6 хувьтай тэнцлээ. Харин төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал тогтвортой байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн гол бүтээгдэхүүний урт хугацааны үнийн төсөөлөл дээр үндэслэн тооцвол 5.8 хувьтай үзүүлэлт гарлаа.
  • Мөнгөний бодлогын тухайд Монголбанкнаас инфляцийг хазаарлах, зээлийн өсөлтийг хумих чиглэлээр 2011 онд чухал арга хэмжээ авч ажилласан. Гэвч бодлогын хүүгийн бодит түвшин сөрөг утгатай хэвээр мөн банкны зээл хурдацтай өссөөр (өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувь) байгаа учраас мөнгөний бодлогыг нэмж чангатгах шаардагатай байна. 
  • Мөн түүнчлэн хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэх хандлагатай болж, банкуудын тайлан тэнцэл дэх чанаргүй зээлийн багц эрчимтэй багасахгүй байна. Төгрөг, ам. долларын данс хооронд хөрвүүлэг чөлөөтэй хийгддэг учраас банкны системийг бэхжүүлэх чиглэлээр макро зохистой арга хэмжээ авахгүй бол хөрөнгийн урсгал гэнэт гадагшлах эрсдэл өндөр хэвээр байна. 
  • Тухайлбал, системийн ач холбогдолтой банкуудад өөрийн хөрөнгийн нэмэгдэл сан байгуулах тухай нэвтрүүлээд удаагүй байгаа шаардлага дээр нэмээд барилга, орон сууц, хэрэглээний зээл гэх мэт хэлбэлзэл өндөртэй салбаруудын зээл дээр алдагдлын нэмэгдэл сан байгуулах нь зүйтэй.  
  • Төгрөгийн ханш 2011 онд 11 хувиар суларсан нь инфляци дотоодод өндөр байгаа, түүхий эдийн үнэ оны сүүл рүү буурсантай шууд холбоотой юм. Түүхий эдийн зас зээлээс хамаарал эрдэс баялгийн нөөц ихтэй хөгжиж буй бусад улс орнуудын ханш адил нөлөө үзсэн. Цаашид ханшийг уян хатан байлгах нь чухал бөгөөд төгрөгийн ханшийг нэг чиглэлээр өөрчлөгдөнө гэсэн хүлээлт дээр үндэслэсэн ашиг хонжоо олох гэсэн дайралт үүсэх эрсдэлийг багасгаж, гадаад цочрол (жишээлбэл, эрдэс баялгийн үнэ) бий болсон тохиолдолд төсөв, экспортын орлогод шууд нөлөөлөхгүйгээр эдийн засагт шингээж авах боломжийг бүрдүүлнэ. 
  • 2008 онд харин ийм цочрол тэр чигээрээ эдийн засагт нөлөөлж, агшилтыг дагуулсан. Цаашилбал, ханшийг уян хатан байлгах нь нэрлэсэн ханшны хэлбэлзэлийг эдийн засагт шингээхэд тустай бөгөөд бодит орлого болон бизнесийн ашигтай байдалд сөргөөр нөлөөлөх цалин хөлс, ажлын байр эрс буурах үр дагавараас сэргийлэх юм. Эцэст нь, ханш уян хатан байх нь хувийн хэвшил болон банкуудыг хамгаалалтгүй эрсдэл үүрэх сонирхлыг бууруулна.
  • Уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, нефть бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч, гадаад худалдааны тэнцэл 2011 оны 12 дугаар сард 1.7 тэрбум ам. долларын алдагдалтай болж, түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Гэхдээ экспорт ч дутахааргүй гүйцэтгэлтэй гарч 2010 оны эцэст 2.9 тэрбум ам. доллартай тэнцэж байсан бол 2011 онд 4.8 тэрбум ам. доллар болж өсчээ. Экспортын өсөлтийг дэмжсэн гол бараа нь БНХАУ руу гаргаж байгаа нүүрс байв. Урсгал дансны тэнцэл 2010 онд ДНБ-ий 14 хувьтай тэнцэж байсан бол 35 хувьтай тэнцэх болж нэмэгдсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дотогшлох урсгалаар бүрэн санхүүжигдсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн улирлын нийлбэрээр 5.3 тэрбум ам. долларт хүрч, ДНБ-ий 62 орчим хувьтай тэнцэж байна. 
  • Хууль эрх зүйн зохицуулалтын талаар 2011 он болон 2012 оны эхээр чухал шийдвэрүүд гарч, бодлого тодорхойлогч байгууллага, зохион байгуулалтын хүрээг бэхжүүлэхэд чиглэсэн. Тухайлбал, 2011 оны 12 дугаар сард Төсвийн нэгдсэн хууль батлагдсан. Хуулинд төсвийн тогтвортой байдлыг дэмжих зохицуулалтууд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэнд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүд багтсан. Мөн түүнчлэн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүд дээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байхын зэрэгцээ үндэсний тэргүүлэх чиглэлийн зорилтуудтай нийцсэн байх шаардлага тавигдаж байгаа байгаа учраас төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын зохион байгуулалтын хүрээг бэхжүүлж чадсан. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зэрэгцээд цаашид төсвийн зохистой бодлого, арга хэмжээ хэрэгжих нөхцөл шаардлагыг бүрдүүлж өгсөн. 
  • Нийгмийн халамжийн тухай хууль оны гарсны дараахан батлагдсан. Шинэ хуулийн хүрээнд одоо иргэн бүрт олгож байгаа бэлэн мөнгөний оронд ядууст чиглэсэн тэтгэмж олгох шийдвэр гарлаа. Хууль батлагдсанаар Монголын ядуу эмзэг бүлгийнхний амьжиргааг хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангасан нийгмийн халамжийн тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр томоохон алхам хийж чадлаа. Ядуу өрхийн тоо 130 мянгад хүрч, таван өрх тутмын нэг нь ядуу гэсэн тооцоо байдаг. 
  • Эдийн засагт гадаад цочрол нүүрлэсэн тохиолдолд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хатуу буулт хийхээс сэргийлэхэд Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн нэгдсэн хуулиудад заасан төсвийн зохистой бодлогыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай байна. Цаашилбал, инфляцийг хазаарлахын тулд төсвийн болоод мөнгөний бодлогын аль алиныг хумиж, банкны салбар дахь системийн эрсдэлийг бууруулах зорилгоор макро зохистой бодлого хэрэгжүүлж, гадаад цочрол биелэлээ олсон нөхцөлд анхан шатны хамгаалалт болох уян хатан ханшийн тогтолцоог хадгалж үлдэх нь зүйтэй. 
  • Монгол Улсын хувьд тодорхой бус үе ирээд байна. Дэлхийн эдийн засгийн байдал эрсдэлтэй байгаагаас эдийн засгийг сөрж байгаа салхины эрч нэмэгдэж болзошгүй. Үүний зэрэгцээ удахгүй болох гэж байгаа сонгууль дотоодын нөхцөл байдлыг улам тодорхой бус болгож байна. Тогтворжуулалтын санд хангалттай хэмжээний хуримтлал үүсэх хүртэл Монгол Улс эрдэсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд их өртөмтгий байна. 2008-2009 оны хямралын үеэр БНХАУ дэд бүтцээ анхаарч эдийн засгаа дэмжиж бодлого авч хэрэгжүүлж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлт буурч буй өнөө үед дахин ийм арга хэмжээ авахгүй байх магадлал өндөр байгааг анхаарах хэрэгтэй. 
  • Яг энэ цаг мөчид “Бэлэн байх” гэсэн үг бодлогын зөвлөмжийг дүгнэж байна. Түүхэн ач холбогдолтой Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд батлахдаа Монгол Улсын бодлого боловсруулагчид “бэлэн байх”-ын ач холбогдлыг ойлгосон. Одоо энэхүү хуулинд заасан зарчмыг даган мөрдөж, эх орныхоо нүүрс, зэсийн арвин их нөөцийг эдийн засгийн тогтвортой өсөлтөнд хүргэж, нийт ард иргэдийнхээ өнөөгийн болоод цаашдын амьжиргааг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болоод байна.

Api
Api

Welcome