BRIEF

“Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент” судалгааны талаарх мэдэгдэл

2016.6.24


УЛААНБААТАР, 6-р сарын 24, 2016 - Дэлхийн Банк “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын газрын удирдлага” тайланг 16 сарын өмнө буюу 2015 оны хоёрдугаар сард гаргаж, олон нийтэд танилцуулсан билээ. Монгол Улсын хүн амын тал орчим нь оршин суудаг хамгийн том хотын газрын удирдлага, харилцаа, олголт зэргийг бодитойгоор үнэлэхэд энэхүү судалгааны зорилго нь оршиж байсан бөгөөд газрын удирдлагын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, хотын тэлэлтийг удирдах арга хэмжээ, газар олголтоос орлого олох боломж зэрэг сэдвийг тус тайланд хамруулсан юм. Дэлхийн Банк 1990-ээд оноос хойш хотын захиргаатай хамтран эрчим хүч, агаарын бохирдол, хотын санхүүжилт зэрэг сэдвээр хийсэн олон судалгаануудын нэг нь энэ юм. Судалгаа хийж танилцуулахтай холбоотой зардлыг Дэлхийн Банк өөрийн хөрөнгөөс санхүүжүүлдэг.

Газрыг зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдаж байсантай холбоотой алдагдлыг онцлох зорилгоор газар олгосны үр дүнд улсын төсөвт төвлөрөх байсан орлогын хэд хэдэн тооцоог энэхүү тайланд агуулсан. Гурван өөр тооцоо хийж танилцуулсан бөгөөд эдгээр тооцоо нь бүгд гурван өөр цогц таамаглалд тулгуурласан юм. Судалгаанд ашигласан тооцооллын аргачлал бүрийг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд үүнд тооцоолол хийхдээ ашигласан таамаглал болон тоон баримтууд, өгөгдлийн эх үүсвэрүүд, мөн эдгээр таамаглалыг дэвшүүлэх болсон шалтгаан зэрэг мэдээлэл тус тайланд байгаа. Тооцоолол болон түүний аргачлалыг ийнхүү ил тод танилцуулснаар энэхүү тооцоог дахин хийх, нягтлах боломжийг бүрдүүлж буй юм.  “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын газрын удирдлага ба менежмент” судалгааны тайлан нь манай цахим хуудаст Англи болон Монгол хэлээр олон нийтэд нээлттэй байгаа.

Газрын харилцаа болон менежментын талаар судалгаа хийж, тайлан гаргах болсон бидний зорилго нь газрын удирдлагын талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцох боломж олгохын зэрэгцээ газрын удирдлагыг сайжруулах бодлогын зөвлөмж санал болгох байсан бөгөөд энэ бүгдийг тайланд багтаасан болно. Дэлхийн бусад улс оронтой адил нийслэл хотын газрын удирдлага нь хотын оршин суугчдын аж амьдрал болон тухайн улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү судалгаа нь цаашид ч нийслэл Улаанбаатар хотын газрыг хэрхэн зүй зохистой удирдах талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд түлхэц болохоос гадна нийслэл хотын газрын нөөцийг удирдах шинэчлэлүүд нь стратеги төлөвлөгөөнд нийцсэн, үр дүнтэй, шударгаар үргэлжилнэ гэдэгт бид найдаж байна.