УЛААНБААТАР, 2025 оны 5 дугаар сарын 23 — Дэлхийн Банкны Монголын Эдийн засгийн тойм тайлангийн шинэ дугаарт дурдсанаар зэсийн баяжмалын олборлолт эрчимжиж, хөдөө аж ахуйн салбар алгуур сэргэх нөлөөгөөр эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өсөх төлөвтэй байна.
Монголын эдийн засаг 2024 онд 5 хувиар өсөж, 2023 оны 7.2 хувийн өсөлтөөс буурахад зудын хүнд нөхцөл байдлын улмаас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл огцом буурсан нь голлон нөлөөлөв. Харин уул уурхай, тээвэр, үйлчилгээний салбаруудын идэвхжил өндөр байв. Тухайлбал, нүүрс олборлолт эрчимжиж, Оюу толгойн далд уурхайн олборлолттой холбоотойгоор зэсийн үйлдвэрлэл огцом нэмэгдсэн байна.
Эрэлт талаас төрийн байгууллагуудын хэрэглээ болон хөрөнгө оруулалт хурдацтай тэлсэн, мөн бодит орлогын өсөлтийг дагаад хувийн хэрэглээ нэмэгдсэн зэрэг нь 2024 оны эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна. Нөгөөтээгүүр, дотоод эрэлт эрчимжиж, импортын өсөлт экспортоос давсан тул цэвэр экспорт 2024 оны өсөлтөд сөргөөр нөлөөлжээ. Дотоод эрэлтийн идэвхжил, нийлүүлэлтийн шалтгаант хүчин зүйлсийн хавсарсан нөлөөгөөр инфляц 2025 оны 3 дугаар сард 9.1 хувьд хүрч өссөн байна.
Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг буюу 2026-27 онуудад дунджаар 5.2 хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Уул уурхайн салбар 2025 онд үргэлжлэн тэлэх төлөвтэй байгаа бол жил дараалсан зудын хор хохирлоос хөдөө аж ахуйн салбар алгуур сэргэх хүлээлттэй байгаа юм. Харин өрхийн орлогын өсөлт саарч, инфляц эрчимжсэнээр өрхийн худалдан авах чадвар, хувийн хэрэглээний өсөлтийг сааруулах төлөвтэй байна.
Эдийн засгийн цаашдын төлөвт нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүдийг тайланд дурджээ. Олон улсын худалдааны бодлоготой холбоотой тодорхой бус байдал нь Монголын голлох худалдааны түншүүдийн эрэлтийг сулруулах, нүүрс, зэс гэх мэт гол түүхий эдийн үнийг бууруулах, улмаар Монголын экспорт, төсвийн орлого болон хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн төсвийн болон төсөвтэй адилтгах зарлага нэмэгдсэнээр богино хугацаанд өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэрийн алдагдал, төсвийн эмзэг байдлыг даамжруулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэл бий.
“Уул уурхайн салбарын тэлэлт үргэлжилснээр Монголын макро эдийн засгийн төлөв байдалд эерэг нөлөө үзүүлээд байна. Гэвч гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсээр байгаа өнөө үед төсвийн болон бүтцийн бодлогын реформыг эрчимжүүлэх нь эдийн засгийг илүү тэсвэрлэх чадвартай, төрөлжсөн болгоход чухал ач холбогдолтой юм” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэв. “Байгалийн гамшигт үзэгдэл зэрэг ирээдүйд учирч болох эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх хүчин чармайлтын хүрээнд гамшгийн эрсдэлийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжилд мөн чухал” хэмээн тэрээр онцоллоо.
Инфляцыг тогтворжуулах, төв банк болон бусад зохицуулагч байгууллага хоорондын бодлогын уялдааг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, мөн гамшгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулж, байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодлогын зорилтуудыг чухалчлах шаардлагатайг тайланд зөвлөмж болгон тусгажээ.