Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2023.9.21

Дэлхийн Банк: Суралцахуйн үр дүнг сайжруулах нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунд орлоготой улс, орнуудын хөгжлийн зорилгодоо хүрэх түлхүүр

Багш нарт оруулсан өнөөдрийн хөрөнгө оруулалт ирээдүй хойч үеийн хөгжлийг тэтгэж чадна.

ВАШИНГТОН ХОТ, 2023 оны 9-р сарын 20 – Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунд орлоготой 22 оронд жил бүр 172 сая хүүхэд бага сургуульд элсэн суралцдаг. Боловсролын салбарт эрт хийсэн хөрөнгө оруулалт Зүүн Азийн үсрэнгүй хөгжлийн түлхүүр нь байв. Гэсэн хэдий ч, Дэлхийн Банкны "Үндэс суурийг бэхжүүлэх нь: Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг дахь багш нар ба суурь боловсрол" тайланд дурдсанаар сургуульд элсэн суралцах үйл явцад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан боловч зарим улс болон зарим улс орны тодорхой газар нутаг дахь хүүхдүүд боловсролын суурь буюу анхан шатны ур чадвар эзэмшээгүй байна. Энэхүү тайланд хамрагдсан улс орнуудын хувьд  хөдөө орон нутаг, хөгжил буурай газар нутаг дахь боловсролын чанар илүү боломжтой, чинээлэг газар нутгийн боловсролын чанараас илт доогуур байна.

Эдгээр 22 орноос Индонез, Мьянмар, Камбож, Филиппин, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс зэрэг 14 оронд 10 настай хүүхэд өөрийн насанд тохирсон материалыг уншиж, ойлгож чадаж буй эсэхээр тодорхойлогддог суралцахуйн ядуурал 50 гаруй хувьтай байгаа талаар тайланд дурджээ. Дундаас дээш орлоготой Малайз Улсад суралцахуйн ядуурал 40-өөс дээш хувьтай байна. Харин Япон, Сингапур, БНСУ-д суралцахуйн ядуурал 3-4 хувьтай байна.  

Сурагчдад суурь ур чадвар эзэмшүүлж чадахгүй байгаа нь тэднийг хөдөлмөрийн зах зээлд амжилт гаргаж, ядуурлаас ангижрахад нь туслах ахисан түвшний ур чадвар эзэмших боломжид эрсдэл учруулж байна. Сурсан эрдэм мэдлэг хуримтлагддаг тул эдгээр хүүхдүүдийн ихэнх нь улс орнуудыг дунд орлоготойгоос өндөр орлоготой орон болох боломж олгох шинэлэг үйлдвэрлэл, орчин үеийн дэвшилтэт үйлчилгээ, бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэх эдийн засгийн үйл ажиллагаанд шаардагдах ахисан түвшний ур чадварыг хэзээ ч хөгжүүлж чадахааргүй байна.

Гэр бүлийн орлого, эрүүл мэнд, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж зэрэг олон хүчин зүйл суралцахад нөлөөлдөг хэдий ч хүүхэд сургуульд элсэн орсны дараа багш нар хамгийн том нөлөө үзүүлдэг. Гэтэл бүс нутгийн хэд хэдэн улсын тоо баримтаас харахад багш нар ихэнхдээ өөрийн заадаг хичээлийнхээ талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байна. БНАЛАУ-д 4-р ангийн багш нарын ердөө 8 хувь нь 4-р ангийн математикийн үнэлгээнд 80 ба түүнээс дээш хувийн оноо авсан бол Индонезид мөн 4-р ангийн багш нарын дөнгөж 8 хувь нь индонези хэлний мэдлэгийн үнэлгээгээр 80 ба түүнээс дээш хувийн оноо авчээ. Бүс нутгийн хэд хэдэн оронд багшийн шалтгаангүйгээр ажил таслалт мөн тулгамдсан асуудал болохыг тоо баримт харуулж байна. Иймд энэхүү тайланд багш нарыг онцлон, багш нарт үзүүлэх дэмжлэг, заан сургах үйл ажиллагааны чанарыг хэрхэн сайжруулах талаар тусгасан байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Ферро хэлэхдээ “Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хамгийн хурдацтай, хамгийн давшингуй хөгжиж буй бүс нутгийн нэг хэвээр байна” гэв. Тэрээр мөн "Энэхүү давшингуй байдлаа тогтвортой хадгалж, өнөөгийн хүүхдүүдэд илүү сайн ажил, амьжиргаа бүхий үр бүтээлтэй насанд хүрэгчид болох боломжийг олгохын тулд хүүхдүүдэд насан туршийн боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь ур чадварыг олгохуйц түвшинд заан сургах шаардлагатай“ болохыг дурдсан юм.

Одоогийн багш нарын ихэнх нь 2030 онд багшилсан хэвээр байх магадлалтай тул багш нарын чадварыг сайжруулахад  анхаарлаа хандуулахыг тайланд зөвлөмж болгожээ. Бүс нутгийн багш нарын нэлээд хувь нь жил бүр сургалтад хамрагддаг гэсэн тоо баримт байдаг хэдий ч Камбож, Фижи, БНАЛАУ, Монгол, Филиппин, Тайланд, Зүүн Тимор, Тонга, Вьетнамд хийсэн шинэ судалгаагаар сургалтын хөтөлбөрүүд нь сурагчдын эрдэм мэдлэгийг дээшлүүлэхтэй холбоотой заах арга, дадлыг ашигладаггүй болохыг харуулж байна. Тухайлбал, дэлхийн хэмжээнд сургалтын хөтөлбөрийн 81 хувь нь сурагчдын эрдэм мэдлэгийг дээшлүүлэхтэй холбоотой байдаг атал, судалгаанд хамрагдсан орнуудыг авч үзвэл сургалтын хөтөлбөрийн 14 хувь нь л хичээлийн агуулгад анхаарсан байв.   

Үр дүнд хүрэхийн тулд сургалт нь тухайн сэдвээрх мэдлэгийг бататгах, олж авсан шинэ мэдлэгээ бусадтай давтах боломж олгодог, түүнчлэн, сургалтын дараа зөвлөгөө өгч, чиглүүлдэг, зэрэг дэв ахих эсвэл цалин хөлстэй холбоотой ажил мэргэжлийн урамшуулал олгодог байх хэрэгтэй. Мөн багш нарыг мэргэжлийн ажлаа эрхлэх хугацаандаа заан сургах ажлынхаа чанарыг тогтвортой дээшлүүлж ирснийх нь төлөө шагнадаг байх хэрэгтэй.    

Боловсролын технологиор (EdTech) дамжуулан багш нарын заан сургах, сурагчдын суралцах чадварыг өөрчлөх боломжтой. Судалгаанаас харахад өндөр үнэлгээтэй багш нарын урьдчилан бэлтгэсэн лекцийг ашиглах нь сурагчдын сурлагын дүнг ахиулж, бусад багш нарын гүйцэтгэлийг ч мөн сайжруулжээ. Гэхдээ EdTech нь үүнийг ашиглахад суралцсан багш нар ашиглахад илүү үр дүнтэй байна.

Бодлого боловсруулагчдын суралцахуйн үр дүнг дээшлүүлэхэд үзүүлэх дэмжлэг, улс төрийн амлалт өөрчлөлт бодитойгоор хийгдэхэд чухал үүрэг гүйцэтгэх талаар тайланд дурджээ. Долоон орныг хамарсан шинэ судалгааны тоо баримтаас харахад бодлого боловсруулагчид улс орныхоо суралцахуйн ядуурлын түвшнийг дутуу үнэлдэг байна. Заан сургах чанарыг дээшлүүлж, сурагчдын сурлагыг сайжруулж, үүний дотор үр дүнтэй сургалт, EdTech зэргийг амжилттай нэвтрүүлэхийн тулд байгаа нөөцөө илүү үр дүнтэй ашиглахаас гадна нэмэлт нөөц хуваарилах шаардлагатай.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Аадитя Маттоо хэлэхдээ"Суралцахуйн ядуурлын асуудлыг шийдвэрлэснээр хойч үеийн хүүхдүүдийн ирээдүй, бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөв гэрэлтэх болно" хэмээв. Мөн "Боловсролын үндэс суурийг засч сайжруулахын тулд шинэчлэл хийх, нөөц бүрдүүлэх, түүнчлэн Боловсролын сайд, Сангийн сайд, багш нар, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа шаардлагатай"  болохыг дурдав.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2024/005/EAP

Холбоо барих

Вашингтонд:
Ким Смитис
+1 202-458-8629

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image