УЛААНБААТАР ХОТ, 2022 оны 12-р сарын 12-ны өдөр — Монгол Улс эмэгтэйчүүд, залуучууд, хотын оршин суугчдын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өнгөрсөн 10 жилд бий болгосноос илүү олон, илүү сайн ажлын байруудыг шинээр бий болгох шаардлагатайг Дэлхийн Банкнаас өнөөдөр гаргасан тайланд дурджээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2000-2019 онд дунджаар 5.4 хувьтай байж, ажлын байр, бодит цалингийн хэмжээг өсгөхөд нөлөөлжээ. Дэлхийн Банкны танилцуулж буй “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ”-ний тайланд дурдсанаар Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх багц арга хэмжээний ачаар эдийн засгийн огцом уналтаас сэргийлж чадсан ч 2021 онд хөдөлмөр эрхлэлт 5 орчим хувиар буурсан байна.
“Хөдөлмөрийн зах зээл нь өсөн нэмэгдэж буй ажиллах хүчнийг хангалттай тооны чанартай ажлын байраар хангах, ажилгүйдлийг бууруулахуйц эрч хүчтэй биш байгаа нь Монгол Улсад тулгарч буй гол бэрхшээл юм” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэв. Мөн тэрээр “Залуу, боловсрол өндөртэй болж буй ажиллах хүчин тасралтгүй нэмэгдэж байгаа ч тэдний хүсэл эрмэлзэлд нийцэх сайн ажлын байрыг олноор бий болгох нь чухал. Үүний тулд хувийн хэвшил чанартай ажлын байр бий болгохыг дэмжсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлэх нь зүйтэй” хэмээн онцолсон юм.
Тайланд дурдсанаар, 2021 оны байдлаар хөдөлмөрийн насны (15-аас дээш насны) хүн амын 60 хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож, ердөө тал орчим хувь нь ажил эрхэлж байна. Ажиллах хүчний оролцоо эмэгтэйчүүд, хотын оршин суугчид, дунд боловсролтой иргэдийн хувьд доогуур байгаа юм. Түүнчлэн залуучуудын, ялангуяа доогуур түвшний боловсролтой залуучуудын хувьд хөдөлмөрийн зах зээлд шилжих шилжилт тийм ч амар биш байна. Мөн дээд боловсролтой залуучуудын хувьд ч ажилгүйдлийн түвшин өндөр байгааг тайланд онцолжээ.
Стратегийн тэргүүлэх салбаруудад хангалттай тооны чадварлаг ажиллах хүчин бэлтгэгдэхгүй байснаар ур чадварын хомсдол бий болж байгаа нь бас нэгэн сорилт болж байна. Түүнчлэн, сургууль төгсөгчдийн багагүй хэсэг нь хөдөлмөрийн зах зээлд, тэр дундаа илүү өндөр ур чадвар шаардсан ажлын байрны шаардлагыг хангахад бэлтгэгдэхгүй байна.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд Засгийн газар багаараа ажиллах, тэр дундаа хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих бодлого хариуцдаг яамдын оролцоо чухал. Энэхүү тайланд хувийн хэвшлийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох, ур чадварын тогтолцоог сайжруулах замаар ажиллах хүчнийг чадваржуулах, нийгмийн халамжид хамрагдагсдыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг зөвлөмжүүд багтсан байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цогц системийг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийг идэвхжүүлэх хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх, ажилгүйдлийн даатгалын хүрээнд үзүүлж буй хамгааллыг сайжруулах зэргээр хөдөлмөрийн зах зээлийн функциональ ажиллагааг сайжруулах зөвлөмжүүд багтсан юм.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээг “Солонгос-Дэлхийн Банк Группийн Түншлэлийн Сан”-гийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэв.