Skip to Main Navigation
publication2022.12.12

Монгол Улсын Хөдөлмөрийн Зах Зээлийн Дүн Шинжилгээ: Эдийн засгийг сэргээх, төрөлжүүлэх зорилгоор илүү идэвхтэй, хүртээмжтэй хөдөлмөрийн зах зээлийг бий болгох нь

The World Bank

Энэхүү “Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ” нь (ХЗЗДШ) Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ илүү олон, илүүтэй сайн ажлын байр бий болгох бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Дэлхийн банкны Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийг тодорхойлсон баримт бичигт “ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал нь олон салбарын оролцоог шаарддаг, нийтлэг асуудал” гэдгийг онцолсон. Тиймээс, төрөлжсөн, тогтвортой ажлын байрыг Монгол Улсад олноор бий болгох бодлогод дэмжлэг үзүүлэхийн тулд ХЗЗДШ-ний хүрээнд иж бүрэн, нарийвчилсан цуврал судалгааг эхлүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд макро орчин, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар үндсэн дүн шинжилгээ, мөн хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, бодлого, шилжилт хөдөлгөөн, нийгмийн халамжийн хөтөлбөр, Ковид-19, даян дэлхийн ногоон шилжилт зэрэг тодорхой чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийгээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”-д тусгагдсан эдийн засгийг сэргээх, төрөлжүүлэх зорилтод хүрэхийн тулд илүү эрчтэй, хүртээмжтэй хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхийн төлөө авч хэрэгжүүлвэл зохих бодлого, арга хэмжээг санал зөвлөмж болгов.

Сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засаг өсөж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэний үр дүнд олон иргэд ажлын байртай болж чадсан байна. 2000- 2019 оны хооронд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жилд дунджаар 5.4 хувьтай өссөн байна. Хүн ам зүйн ачаалал 2000-аад оны эхэн үеэс буурч, хотжилт дорвитой нэмэгдэж, нийт ажил эрхлэлт болон цалин, хөлстэй ажил эрхлэлт мэдэгдэхүйц өсжээ. Хөдөлмөрийн бүтээмж нийт эдийн засгийн хэмжээнд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт өссөний зэрэгцээ аж үйлдвэр, үйлчилгээний салбар дахь хувиараа хөдөлмөр эрхлэлтийн түвшин ч мөн нэмэгджээ. Үүний үр дүнд бодит цалингийн дундаж хэмжээ ч өсжээ. Аливаа өсөлттэй эдийн засагт тохиолддогтой адил, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн дийлэнх нь салбарын дотоод өсөлт байсан ч, бүтцийн өөрчлөлтийн оруулсан хувь нэмэр чамлахааргүй буюу 2000-2018 оны хоорондох бүтээмжийн жилийн дундаж өсөлтийг 1 орчим нэгж хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг дахь энэ салбарын нэмүү өртгийн эзлэх хувийн жин ч буурчээ. Ковид-19 цар тахал нь эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэв. Хэдийгээр эдийн засгийг сэргээх багц арга хэмжээний үр дүнд эдийн засгийн огцом уналтаас сэргийлж чадсан ч, 2020 онд ДНБ сүүлийн арваад жилийн хугацаанд анх удаагаа буюу 4.4 хувиар буурч, 2021 онд ажил эрхлэлт 5 орчим хувиар буурсан байна.

Ижил төстэй эдийн засагтай харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж харьцангуй доогуур, эдийн засаг тогтворгүй, капиталын гүнзгийрэлт удаан, уул уурхайн салбарт хэт тулгуурладаг зэрэг нь цаашид Монгол Улсад ажлын байр бий болгоход бэрхшээл учруулж байна. Хэдийгээр хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц өссөн ч бүтцийн хувьд ижил төстэй бусад эдийн засагтай харьцуулахад Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмжийн түвшин доогуур байна. Нэг ажиллагчид ногдох капиталын өсөлт удаан, мөн эдийн засагт чухал ач холбогдолтой боловч ажлын байр олноор бий болгодоггүй уул уурхайн салбарт илүүтэй төвлөрч байна. Худалдааны нөхцөл сайжрахын зэрэгцээ хөрөнгө оруулалтад гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) давамгайлж ирсэн байна. Түүхий эдийн зах зээлийн чиг хандлагыг даган хөрөнгийн урсгал өгсөж, уруудахад Монголын эдийн засагт савлагаа үүсэж, улмаар 2014 оноос хойш нэг хүнд ногдох өсөлтийг сааруулахад нөлөөлсөн байна. Үүнээс гадна, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Монгол Улс илүү нарийн төвөгтэй экспортын бүтээгдэхүүний харьцангуй давуу байдлаа алдаж, цөөн тооны эрдэс баялгийн экспортын бүтээгдэхүүнд төвлөрч ирсэн нь цаашид уул уурхайн бус үйлдвэрлэлээр эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгоход томоохон бэрхшээл учруулж байна.

Монголын ажиллах хүч залуу, харьцангуй өндөр боловсролтой ч хүн амын насжилт явагдаж, ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байна. Монгол Улсын хүн ам залуу хэвээр тул хүн ам зүйн цонхны ашиг тусыг хүртэх боломжтой ч насжилт хурдацтай явагдаж байна. 2020 оны байдлаар хөдөлмөрийн насны (15-аас дээш насны) хүн амын 60 хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож, ердөө тал орчим хувь нь ажил эрхэлж байв. Эдгээр тоо баримт нь Монгол Улсыг энэхүү тайланд харьцуулсан орнуудын хойно жагсахад хүргэж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улсын дээд боловсролтой ажиллах хүчний эзлэх хувь өндөр ч боловсролын чанар, тэгш хүртээмжийн асуудалд анхаарал хандуулах шаардлага хэвээр байна. Эрэгтэйчүүд, хөдөө орон нутагт амьдрагсад, ядуу иргэдийн хувьд боловсролын үр дүн тааруу байна. Бүрэн дунд боловсрол, дээд боловсролын өгөөж ач холбогдолтой хэвээр байгаа ч, 2018 оноос хойш боловсролын өгөөж буурсан, ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд илүүтэй буурсан хандлагатай байна. Ажилгүйдэл, ялангуяа хот суурин газар, бүрэн дунд/техник мэргэжлийн боловсролтой иргэд, залуучуудын дунд өндөр байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд ажиллах хүчний эрэлт дорвитой нэмэгдсэн ч ажлын байрны дийлэнх нь харьцангуй бага цалинтай салбаруудад бий болжээ. Хөдөлмөрийн эрэлтийн өсөлтийг голчлон хувийн хэвшил бүрдүүлж, жижиг бизнес эрхлэгчдийн тоо илүүтэй өссөн байна. Хөдөлмөр эрхлэлт орон нутагт мэдэгдэхүйц өсөхийн зэрэгцээ ажил олохоор орон нутгаас нүүж ирсэн өчнөөн олон иргэдийг шингээсэн нийслэл Улаанбаатар хотод ч ажлын байр нэлээд өссөн байна. Эдүгээ Монгол Улсын ажиллах хүчний эрэлтэд худалдааны салбарын жижиг аж ахуйн нэгжүүд давамгайлж байгаа бөгөөд аж ахуйн нэгжид суурилсан ажлын байрны гуравны хоёр нь Улаанбаатар хотод ногдож байна. Улсын салбарын гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц буурсан ч ажлын байрны боломж хязгаарлагдмал бүс нутагт чухал үүрэгтэй хэвээр байна. 2010-2020 оны хооронд бий болсон ажлын байрны 60 орчим хувь нь голч цалингаас доогуур цалинтай салбаруудад ногдож байна. Харин өндөр цалинтай ажлын байр бий болгож буй салбаруудад уул уурхай, барилгын салбар багтаж байгаа ч эдгээр нь шинэ ажлын байрны гол эх үүсвэр болж чадахгүй байна. Компаниудын хүрээнд ажиллах хүчийг дахин хуваарилах үйл явц удаашралтай байна. Ажилд орж буй иргэдийн дийлэнх нь шинээр бий болсон ажлын байрт бус харин сул, чөлөөтэй болсон ажлын байрт ажиллаж байгаа нь ажлаас халагдагчдын тоо харьцангуй өндөр байгаатай холбоотой. Ажиллагчдын ур чадвар, санхүүжилтийн хүртээмжтэй холбоотой саад хязгаарлалтын талаар олон компани мэдээлдэг. Түүгээр ч зогсохгүй, Ковид-19 цар тахлаас үүдэн дотоодод хөл хориотой, хил хаалттай байсан нь уул уурхай, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт дарамт учруулж, тэр тусмаа жижиг, дунд үйлдвэрүүдэд илүүтэй нөлөөлсний улмаас өндөр болон дундаж цалинтай ажлын байр бий болгох боломжийг хязгаарлажээ.

Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудал бол сүүлийн 10 жилд бий болгосноос илүү олон, илүү чанартай ажлын байрыг шинээр бий болгох явдал бөгөөд үүний тулд хувийн хэвшлийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн, олон салбарыг хамарсан стратеги баримтлах шаардлагатай. Илүү олон хүнийг ажиллах хүчинд нэгтгэж, ажилгүйдлийг бууруулах зорилтын үүднээс авч үзвэл ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт тийм ч амжилттай биш байна. Боловсролын түвшин нь улам бүр дээшилж буй ажиллах хүчний хүсэл эрмэлзлийг хангах, өндөр орлого, бүтээмж бүхий сайн ажлын байрыг олноор бий болгох нь Монгол Улсад тулгараад буй гол сорилт мөн. Үүний тулд илүү эрч хүчтэй, шинэтгэн бүтээгч чадвартай хувийн хэвшлийг төлөвшүүлэх, үүнд чиглэсэн бодлогын орчныг төрөөс бүрдүүлэх шаардлагатай. Энэхүү сорилтыг шийдвэрлэхэд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг төрөлжүүлэх нь чухал. Гэвч, өмнө дурдсанчлан, төрөлжүүлэх үйл явц удаашралтай, сайн ажлын байрыг олноор бий болгохуйц салбарууд төдийлөн хөгжиж эхлээгүй байна. Энэ сорилтыг давж туулахын тулд ажиллах хүчнийг хөгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад яам, агентлагуудын үүрэг чухлаар тавигдах нь зүй. Гэхдээ, хувийн хэвшлийг шинэтгэн хөгжүүлж чадах эдийн засгийн бодлогыг хариуцсан яамдын хийх шинэчлэл нь Монгол Улсад тулгамдаж буй ажлын байрны сорилтыг шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

Монгол Улс тодорхой бүлгийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад илүү боломж олгох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн бусад бэрхшээлтэй тулгарсаар байна. Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин жишиж харьцуулсан улс орнуудынхаас харьцангуй доогуур байгаагийн зэрэгцээ аажмаар буурч буй хандлагатай байна. Хөдөлмөрийн насны хүн амын ажиллах хүчний оролцоо, тухайлбал, эмэгтэйчүүд, хотын оршин суугчид, дунд боловсролтой иргэдийн хувьд бага байна. Тус улсын хүн амд залуучуудын эзлэх хувь өндөр, боловсролд нэлээд хөрөнгө оруулж байгаа учраас залуучуудын хөдөлмөрийн зах зээлд шилжих шилжилтийг чухалчлан авч үзэх ёстой. Гэвч энэ шилжилт ялангуяа боловсрол доогуур залуучуудын хувьд тийм ч амар биш, тэр ч байтугай дээд боловсролтой залуучуудын идэвхгүй байдал, ажилгүйдлийн түвшин нь хэт өндөр байна.

Монгол Улсад ажлын байр бий болгоход тулгарч буй сорилт бэрхшээлүүд нь ажиллагчдын ур чадвар, ажиллахад бэлэн байдал зэрэг өөр олон хүчин зүйлстэй холбоотой байна. Нийлүүлэлтийн талаас авч үзвэл, ажиллах хүчний ур чадвар нь нийтлэг шинжтэй асуудал биш мэт боловч ур чадварын хомсдол тодорхой чиглэлээр илэрч байна. Нэгд, боловсрол, сургалтын систем нь улс орны эдийн засгийг сэргээх төлөвлөгөө, урт хугацааны хөгжлийн тэргүүлэх салбаруудад хангалттай тооны чадварлаг ажиллах хүчин бэлтгэхгүй байна. Хоёрт, дөнгөж төгсөгчдийн багагүй хэсэг нь хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй ур чадвар эзэмшээгүй, ялангуяа, өндөр ур чадвар шаардсан ажлын байранд төдийлөн бэлтгэгдэхгүй байна. Нийлүүлэлтийн талын өөр нэг асуудал бол зарим тохиолдолд (голчлон эмэгтэйчүүдийн хувьд) гэр бүлээ асран халамжлах үүрэг ажил хөдөлмөр эрхлэхэд бэрхшээл учруулж байна. Нийгмийн халамжийн тэтгэмж эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд нөлөөлж буй эсэхийг судлахад нийгмийн халамжийн тэтгэмж ба хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжгүй байдал гэсэн хоёр хүчин зүйлсийн үр нөлөөг тусад нь ялгаж дүгнэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ, хүүхэдтэй өрхүүдийн авч буй олон төрлийн тэтгэмжийн нийлбэр мэдэгдэхүйц өгөөмөр болж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих хөшүүрэг, үр дүнтэй идэвхжүүлэх арга хэмжээ дутмаг байна.

Өмнө дурдсанчлан, эдийн засгийн эрэлтийн тал томоохон саад бэрхшээлтэй байгаагаас үүдэн хувийн хэвшил хангалттай эрчтэй хөгжихгүй, ажлын байрыг шаардлагатай хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байна. Ажилгүй иргэдийн дийлэнх нь ажил олоход тулгарч буй гол бэрхшээл бол ажлын байрны хомсдол гэж үзэж байна. Монголын нийт бизнес эрхлэгчдийн дийлэнхийг жижиг аж ахуй эрхлэгчид бүрдүүлдэг ба тэдгээрийн маш цөөхөн нь л ажлын байр олноор бий болгож чадах томоохон компани болж өргөждөг. Бизнесийн орчин дахь элдвийн саад бэрхшээл тэдний үйл ажиллагааг хязгаарладаг гэж аж ахуй эрхлэгчид үзэж байна. Эдгээр саад бэрхшээлд улс төрийн тогтворгүй байдал, татвар, зээлийн хүртээмж, авлига зэрэг асуудал багтаж байна. Гэсэн хэдий ч эрэлтийн саад хязгаарлалтууд бүгдээрээ бодлогын орчноос үүдэлтэй биш юм. Монгол Улсын газарзүйн онцлог, хүн амын маш бага нягтрал зэрэг нь тус улсын хувьд бизнесийн төвлөрлийн нөлөө, ашиг тусыг хүртэх боломжийг хязгаарладаг. Иймд, бүс нутгуудыг хооронд нь холбож, тус улсын цорын ганц том хотын чадавхыг бүрэн ашиглахад онцгой хүчин чармайлт гаргах шаардлагатай.

Хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ нь ажлын байр бий болгоход тулгарч буй эрэлт, нийлүүлэлтийн талын саад хязгаарыг шийдвэрлэх, мөн хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байна. Дэвшүүлсэн бодлогын зөвлөмжүүд нь ажлын байр бий болгоход нөлөөлж буй саад хязгаарууд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бидний тодорхойлсон сорилт бэрхшээлийг шийдвэрлэх зорилготой. Эдгээр арга хэмжээг хамтад нь авч хэрэгжүүлбэл хувийн хэвшил илүү динамик, эрчтэй хөгжиж, ажлын байрыг бий болгох бөгөөд ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн гадна байх өндөр магадлалтай бүлгүүдийн хувьд илүү сайн ажлын байр, илүү боломж бий болно. Зарим зөвлөмжүүд нь ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Эдгээр нь ур чадварын тогтолцоог сайжруулах, нийгмийн халамж, ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагчдыг хөдөлмөрийн зах зээлд (дахин) нэгтгэх хөшүүрэг, арга замыг хөгжүүлэх зэрэг шинэчлэлийн асуудлыг багтаасан. Хөдөлмөрийн зах зээлийн функцийг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, ажил хайгчдыг дэмжих хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийн үр нөлөөг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн даатгалын хүрээнд үзүүлэх хамгаалалтыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг зөвлөмжийг санал болгож байна. Эцэст нь, ажиллах хүчний эрэлтийн талын саад хязгаарыг даван туулах, үүний тулд эдийн засгийн төрөлжилт, ажлын байрыг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэхтэй холбоотой саналуудыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр санал, зөвлөмж нь эдийн засгийн хөгжил, төрөлжилтийн асуудлыг хөндсөн Дэлхийн банкны сүүлийн үеийн тайлан, зөвлөмжүүдийг нэмж баяжуулж буй юм.