Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2021.4.01

Дэлхийн Банкнаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилттэй хувийн хамгаалах хэрэгслийг гардуулан өглөө

Дэлхийн Банкны Цар тахлын онцгой байдлын сангийн 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр худалдан авсан хувийн хамгаалах хэрэгслийн багцыг өнөөдөр ЭМЯ-нд гардуулан өглөө. Тус хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн тэргүүн эгнээнд цар тахалтай нүүр тулж буй эмч, эмнэлгийн ажилчдыг эрсдэлээс хамгаалахад зориулан ашиглах юм.

Өнөөдөр хүлээлгэн өгсөн багцад:

  • Нэг удаагийн бээлий- 4,103,000 ширхэг
  • Нэг удаагийн маск-218,000 ширхэг
  • Комбинзон  -36,000 ширхэг
  • N95 маск -28,500 ширхэг
  • Нүдний шил – 6,000 ширхэг
  • Нүүрний хамгаалалт -6,000 ширхэг тус тус багтаж байна.

Монгол Улсад КОВИД-19 цар тахал дэлгэрээд байгаа энэ цаг үед эрүүл мэндийн ажилтнууд болон тэргүүнд эгнээнд ажиллаж буй бусад салбарын ажилтнуудад хэрэгцээтэй эдгээр хувийн хамгаалах хэрэгсэл яг цагаа олж ирсэнд маш их баяртай байна,” гэж Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев хэлээд, “Цар тахлын эсрэг Монгол Улсын авч байгаа хариу арга хэмжээг дэмжин Дэлхийн Банкнаас санхүүжилт болон бусад тусламжийг олгож ирсэн билээ. Бид цаашдаа ч цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, хэрэгслээр ханган ажиллахад дэмжлэг үзүүлж, Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын бусад байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна.” гэв.

“Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүгээс энэхүү тусламжийг олгож байгаад Дэлхийн Банкинд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна,” – гэж Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд М. Баттүвшин өнөөдрийн үйл ажиллагааны үеэр хэлэв. “Монгол Улсын нийслэл болон олон аймаг, сумдад КОВИД-19-ийн халдвар эрчимтэй тархаж байгаа энэ эгзэгтэй цаг үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон бусад ажилтнуудыг халдвараас хамгаалахад хэрэгцээтэй хамгаалах хэрэгслийг олгож байгаа нь цагаа олсон, нэн чухал тусламж болсон гэдгийг онцолмоор байна.”

Дэлхийн Банк нь КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад Монгол Улсад цогц дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2020 оны 4 дүгээр сард батлагдсан “Монгол Улсын Ковид-19–өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийн хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Төслийн санхүүжилтийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгүүдийг амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг байгууллагуудад цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган ажиллаж байна. Үүний үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээ, өвчтөний асаргаа, лабораторийн хүчин чадал бэхжих боломж бүрдлээ.

Үүний зэрэгцээ нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг төслийг Дэлхийн Банкны захирлуудын зөвлөл 2021 оны 2-р сарын 11-ны өдөр баталсан. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэх, вакцины хүйтэн хэлхээг бэхжүүлэх, боловсон хүчний чадавх бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2021/04/01

Холбоо барих

Б. Индра
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api