Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.6.19

Монгол Улс: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, КОВИД-19 цар тахлын үед ажилчид болон ажил олгогчдыг дэмжихэд зориулан $20 сая ам долларын зээл олгоно

ВАШИНГТОН ХОТ, 2020 оны 6 сарын 19 – Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөлөөс өнөөдөр Mонгол улсад Онцгой байдлын үеийн хөнгөлөлт ба хөдөлмөр эрхлэлтийн төсөлд зориулан Олон Улсын Хөгжлийн Ассоциациас 20 сая ам. долларын хөнгөлттэй зээл олгохоор баталлаа. Тус төсөл нь КОВИД-19 цар тахлаас үүдсэн хямралын энэ үед зохих шалгуурыг хангасан ажилчид, ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлж, ажил хайгч болон бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дээрх боломжийг илүү хүртээмжтэй болгоход туслах юм.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэлт болон ядуурал нь хоорондоо нягт холбоотой бөгөөд ажлын бүтээмж, цалин хөлс муутай ажил эрхэлдэг хүмүүсийн дунд ядуурал хамгийн өндөр байна. Мөн залуус болон ажлын туршлага багатай бусад эмзэг бүлгийн иргэдийн хувьд ажлын байр байнга дутагдалтай байсаар ирснээс гадна хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл ил тод бус, хүртээмжтэй бус байдаг нь ажил хайгч иргэдэд бэрхшээл дагуулдаг.  

КОВИД -19 цар тахлын улмаас улсын эдийн засаг хүндэрч байгаа нь ажлын байрыг цомхотгох, ажилтнуудын тоог цөөлөх, цалинг бууруулах эрсдлийг нэмэгдүүлж байна.

Тус төсөл нь засгийн газрын зүгээс КОВИД -19 цар тахлын үед зохих шалгуурыг хангасан ажил олгогчид болон ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлээс түр хугацаанд чөлөөлөх арга хэмжээг дэмжинэ.

КОВИД-19 цар тахлын хямралын үед  бичил бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлснээр урт хугацааны ажилгүйдэл нэмэгдэх, ажиллах хүчний эрэлт буурах эрсдлийг бууруулна. Иймд төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд туслах зорилгоор санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлнэ. Мөн ажил олгогчдын зүгээс шаарддаг ур чадварыг ажил хайгчдад эзэмшүүлэхэд туслах ур чадвар олгох шинэлэг хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлнэ.

Мөн  тус төсөл нь ажил хайгчдад илүү үр дүнтэйгээр ажил олоход нь туслах  хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудыг шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ. Энэ хүрээнд үйлчилгээний  орчинг сайжруулах, ажлын зохион байгуулалтыг шинэчлэх, мэдээллийн системийг сайжруулах болон шийдвэр гаргахад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулна.  

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев "Төслийн хүрээнд, ажил олгогч болон ажилчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх үйл  ажиллагааг дэмжиж байгаа нь бизнесээ хаах, эсвэл олон тооны ажилчдыг халж цомхотголгүйгээр КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн хямралыг хурдан даван туулахад тусална. Энэхүү  төсөл нь мөн хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдал, үр ашгийг дээшлүүлснээр Монголчууд хямралыг хурдан даван туулж, илүү сайн ажлын байртай болоход нь туслах болно" гэв.

Энэхүү  төслийг Дэлхийн Банкны санхүүжилттэй хэрэгжиж буй, 2020 оны 5 сард бүтцийн өөрчлөлт хийгдсэн, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төслийн  үйл ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2020/233/EAP

Холбоо барих

Улаанбаатар хотод
Б. Индра
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Николас Кеиес
Вашингтон хотод
+1 202 473 9135
nkeyes@worldbank.org
Api
Api