Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.4.10

Европын Холбоо болон Дэлхийн Банк COVID-19-ийн нөлөөг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ

УЛААНБААТАР ХОТ, 2020 оны 4 дүгээр сарын 10 — Европын Холбоо, Дэлхийн Банкны хамтран хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд 680,000 еврогийн санхүүжилтийг коронавируст халдвар (COVID-19)-тай холбоотой үүсээд байгаа онцгой байдалд хариу арга хэмжээ авах, түүний богино болон дунд хугацаанд үзүүлэх нөлөөг зохицуулахад чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихэд зориулахаар боллоо.

Төслийн хөрөнгийн зориулалтыг ийнхүү дахин эрэмбэлэх нь Сангийн Яаманд COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэх, төсвийн хөрөнгийг төлөвлөх, хянах, мөн авч буй хариу арга хэмжээнүүдэд зарцуулах зардлыг хянах зэрэг COVID-19-ийн нөлөөг зохицуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас COVID-19 цар тахалтай тэмцэх чиглэлд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд богино болон дунд хугацаанд Сангийн яамны үүрэг оролцоо чухал. Иймд бид COVID-19-тэй холбоотойгоор макро эдийн засаг, төрийн санхүүгийн удирдлагад үүсэх бэрхшээлийг даван туулахад тус яам болон засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэв.

Цаг үеийн шинж чанартай уг техникийн туслалцаа нь Сангийн яаманд дотоодын нөхцөл байдалд нийцсэний дээр олон улсын сайн туршлагыг харгалзаж үзсэн оновчтой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.

Европын Холбоо, Дэлхийн Банкны хамтран хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл нь 2018 оноос эхлэн төсвийн сахилга бат, төрийн санхүүгийн удирдлага болон ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах замаар засаглалыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжиж байна. Уг төсөл нь Европын Холбооноос 4.8 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй бөгөөд Төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэл хийх стратеги, ажлын төлөвлөгөө (2018-2022)-нд туссан тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газарт техникийн туслалцаа үзүүлдэг.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2020/04/10

Холбоо барих

Улаанбаатар хотод
Б. Индра
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api