Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.3.26

“ЯДУУРЛЫН ДҮР ТӨРХ- 2018” ТАЙЛАН ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны мэдээлэлд үндэслэн “Ядуурлын дүр төрх-2018” үр дүнгийн тайланг боловсруулж, нийтийн хүртээл болгож байна.

Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буурахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт хүн амд тэгш хүртээмжтэй байлгах, ялангуяа ядуу хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх шаардлагатай талаар тайланд дурджээ.

Хот, хөдөөд 2016-аас 2018 онд ядуурлын бууралтын явц харилцан адилгүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд малчдад 2016-аас 2018 он мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмж нэмэгдсэн таатай жилүүд байсан бол эсрэгээрээ хотод амьдардаг хамгийн ядуу бүлгийн хүн амын хувьд хүндхэн байжээ. Тухайлбал, хүн амыг хэрэглээгээр нь 5 тэнцүү бүлэгт хувааж, хамгийн бага хэрэглээтэй 20 хувийн бүлгийг авч үзэхэд хотод бодит орлого 1 хувиар буурсан нь дээрх хугацаанд тэдний цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас шалтгаалсан байна. Түүнчлэн, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт орлогынхоо ихэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг худалдан авч хэрэглэдэг хотын ядуу, эмзэг бүлгийнхэнд хүндээр тусжээ. Энэ нь 2016-аас 2018 онд хөдөөгийн ядуурлын түвшин 4.1 пунктээр буурсан байхад хотынх бага зэрэг өөрчлөгдсөн байгаагаас харагдаж байна.   

 “Энэхүү тайлан нь манай улсын ядуурлын дүр төрхийн талаарх бодит байдлыг илтгэн харуулахаас гадна ядуурлыг бууруулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, боломжуудын талаар онцлон дурдсан хамгийн сүүлийн үеийн тоон мэдээлэл боллоо. Тайлангийн шинжилгээний үр дүнгүүд нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар төдийгүй ядуурал, нийгэм, эдийн засгийн судалгааны чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдад хэрэгцээтэй тоон мэдээлэл болно гэдэгт итгэж байна.” гэж Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцлон хэлжээ.

Ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүн ам, цалин хөлс багатай, ур чадвар бага шаарддаг хөдөлмөр эрхэлдэг ажиллагчид, олон ам бүлтэй өрх болон хүүхдүүд ядууралд илүү өртөмтгий байна. Ариун цэврийн байгууламж, халаалтын найдвартай эх үүсвэр зэрэг дэд бүтцийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаад мөн онцгой анхаарах шаардлагатай хэвээр.

Манай улсын залуучуудын боловсролын түвшин Зүүн Азийн орнууд дундаа хамгийн өндөрт тооцогддог. Гэвч эмэгтэйчүүдийн хувьд дээд боловсролтой байх нь өндөр цалинтай ажилд орох баталгаа болж чадахгүй байна. Сүүлийн арван жилийн хугацаанд ​​ажиллах хүчний оролцоон дахь хүйсийн ялгаатай байдал бараг өөрчлөгдсөнгүй. Малчдын амьжиргааны түвшин сайжирсан хэдий ч тэдэнд ямар нэгэн тусламж, дэмжлэг үзүүлэхгүй бол зуд, бусад байгалийн гамшиг, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ огцом буурах зэрэг хүндрэлүүд амьжиргаанд нь шууд нөлөөлөхүйц эмзэг хэвээр байна.

Хүн ам зүйн бүтцийн хувьд манай улс Зүүн Азийн орнууд дундаа хамгийн залуу хүн амтай орнуудын нэг ба нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд байдаг. Хүн амын дийлэнх болох залуучууд удахгүй хөдөлмөрийн зах зээлд орж ирнэ. Эдгээр шинэ ажиллах хүчийг шингээж чадахуйц хангалттай тооны ажлын байрыг олон төрлийн салбарт бий болгох шаардлага үүсэх юм гэж тайланд дурджээ.

“Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар цуглуулсан цагаа олсон, чанартай мэдээлэл нь өнөөг хүртэл бидний ядуурлыг бууруулахын төлөө хийсэн ажил, хүрсэн амжилтыг үнэлэхэд тус болохоос гадна судалгаа, шинжилгээний үр дүнгүүд нь хаана бодлогын зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байгааг тодруулахад тустай байх болно. Мөн Монгол Улсын хувьд тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах үйл явцыг хурдасгахад залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвартай ажилчин болгож бэлтгэх хөрөнгө оруулалт хийх нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог тэгш, шударгаар хангахтай адил чухал юм.” гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.

 

----------------------

Харилцах хаяг:

Үндэсний Статистикийн Хороо

Засгийн газрын III байр,

Бага тойруу 44, Сүхбаатар дүүрэг

Утас: +(976-51)-262325, 1900-1212

Факс: +(976-11)-324518

И-мэйл: information@nso.mn

Веб сайт: https://www.1212.mn, www.nso.mn

ДБ-ны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Сөүлийн гудамж 4, MCS Плаза 5 давхар

Утас: +(976-11) 312647, 312654

Веб сайт: https://www.worldbank.org/mn/country/mongolia

https://www.worldbank.org/mn/country/mongolia


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2020/03/26

Api
Api