ВАШИНГТОН ХОТ, 2019 оны 9-р сарын 30 — Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс "Улаанбаатар Цэвэр Агаар" төсөлд 12 сая ам. долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
Тус төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад байгаль орчинд ээлтэй халаалтын төхөөрөмж ашиглах боломжийг бүрдүүлэх, өрхийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын агууламжийг багасгах арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг болсон. Тус хотын 1.4 сая иргэдийн бараг тэн хагас нь төвийн дулааны сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын оршин суугчид өвлийн цагт гэрээ халаахын тулд зуух, нам даралтын зууханд нүүрс, мод түлдэг нь нь өвлийн улиралд агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрч, утаанаас шалтгаалсан нийгмийн эрүүл мэндийн асуудал үүсэхэд хүргэж байна.
"Улаанбаатар Цэвэр Агаар" төслийг анх 2012 оны 4-р сард Монгол улсын хөгжлийн түншүүдтэй хамтран гэр хороооллын иргэдийг агаарт нарийн ширхэгт тоосонцор бага ялгаруулах халаалтын төхөөрөмжийг ашиглах боломжоор хангах, Улаанбаатар хотод нарийн ширхэгт тоосонцрын ялгарлыг бууруулах арга хэмжээг боловсруулах зорилгоор нийт 15 сая ам.долларын санхүүжилттэйгээр эхлүүлж байсан юм. Төслийн хүрээнд 2013-2015 оны хооронд нийт 40,000 бүрэн шаталттай сайжруулсан зуух тараагдсан. Мөн гэр хорооллын айлуудын байшинг дулаалах замаар түлшний хэрэглээг багасгах, эрчим хүчний үр ашгийг сайжруулах туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 472 амины орон сууц, 12 төрийн үйлчилгээний барилга байгууламжийг хамруулав.
Өнөөдөр батлагдсан нэмэлт санхүүжилт нь Монгол Улсын Засгийн газар болоод хөгжлийн түншүүдийн хэрэгжүүлсэн ба хэрэгжүүлэхээр төлөвлөж буй агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулагдах юм. Тухайлбал тус төслийн хүрээнд цахилгаан халаагуур худалдан авах, нам даралтын зуухнуудыг солих, гэр хорооллын айлуудын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Түүнчлэн эко халаалтын шийдлийн талаар баримтлах дүрэм журмыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангахад засгийн газарт дэмжлэг үзүүлнэ. Дээр дурдсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр 5,000 айл өрхийг шинээр цахилгаан халаагуураар хангаж, улмаар жил тутам хүлэмжийн хийн ялгарлыг 22,615 тоноор бууруулна гэж тооцоолж байна.
Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлуудыг ганцхан шийдлээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд богино ба дунд хугацаанд олон арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм арга хэмжээнүүдийн нэг нь яах аргагүй эрчим хүчний үр ашигтай халаалтын эко төхөөрөмжөөр хангах бөгөөд энэ нь Улаанбаатар хотын хамгийн эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндэд нэн чухал юм. Энэхүү төслөөр дамжуулан Монгол Улсын өмнө тулгараад байгаа сорилтыг даван туулахад дахин дэмжлэг үзүүлж байгаадаа бид баяртай байна” хэмээн тэмдэглэн хэллээ.
Нэмэлт санхүүжилтийн хүрээнд дулаан нөөцлүүртэй цахилгаан халаагуурын хөтөлбөрийг нэмэлтээр оруулж ирсэн. Төслийн тус бүрэлдэхүүн хэсэг нь өвөл ДЦС, салхин цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэж байгаа илүүдэл цахилгаан эрчим хүчийг нөөцлөн, түүнийгээ бүхэл өдрийн турш байгальд ээлтэй халаалтанд зарцуулах боломжийг бүрдүүлэх юм. Эрчим хүчийг үр ашигтай зарцуулах арга хэмжээ, төслөөс олж авсан туршлагыг ашиглан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэр хорооллын 40,000 айл өрхийг цахилгаан халаагууртай болгох зорилготой халаалтын хөтөлбөрийг боловсруулах юм.
Түүнчлэн төвийн дулааны шугам сүлжээг шинэчлэн сайжруулж, өргөтгөх, байгальд ээлтэй халаалтын бие даасан шийдлүүдийг өргөжүүлэх, гэр хорооллуудад эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг бий болгох зэрэг агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны үйл ажиллагаа явуулахад нь Дэлхийн Банк Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.