Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2019.6.21

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ЯДУУРЛЫН ТҮВШИН 2018 ОНД 28.4 ХУВЬ БОЛЛОО

УЛААНБААТАР ХОТ, 2019 оны 6-р сарын 21 - Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг хүргэж байна. Манай хоёр байгууллага 2002 оноос хойш өрхийн  орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцов.

ҮСХ болон Дэлхийн Банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл, Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ.

Image

Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оныхоос 0.5 пунктээр буурсан бол ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оныхоос 0.2 пунктээр буурсан байна.

Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна. Хот суурин газарт амьдарч буй ядуусын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуусын 41.8 хувь нь амьдарч байна.

Бүс нутгийн хувьд авч үзэхэд Зүүн бүсэд ядуурал 6.6 пунктээр, Баруун бүсэд 4.3 пунктээр, Хангайн бүсэд 2.7 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгдсэн байна.

Image

Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг байгаа бөгөөд хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшин Говь-Алтай аймагт 45.1 хувь, Дорнод аймагт 42.5 хувь, Ховд аймагт 40.9 хувь байна. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байна. Ядуу хүн амын тоогоор авч үзвэл, ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ядуу хүн амын тоогоороо удаалж буй Өвөрхангай аймгаас (40.9 мянган ядуу хүн) бараг 10 дахин их байна. Говьсүмбэр аймагт ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа хэдий ч цөөн хүн амтай учраас 8.2 мянган хүн ядуу амьдарч байна.

Image

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2018 онд 279’912 төгрөг болсон нь 2016 оны үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг хүнд сард ногдох бодит хэрэглээ болох 269’328 төгрөгөөс 3.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээний өсөлт 2016-2018 онд хот сууринтай (3.7%) харьцуулбал хөдөөд (5.4%) өндөр байна.

 

Image

Энэхүү тооцоог хийхдээ 2018 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн тул тухайн хугацааны амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 2019 оны эхнээс гарсан өөрчлөлтийг тусгаагүй болно. Цаашид ядуурлын байдлыг илүү нарийвчлан харуулах нийгэм, эдийн засгийн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээний тайланг хийж, энэ ондоо багтаан нийтийн хүртээл болгох болно.

Ойлголт, тодорхойлолт:

Ядуурлын шугамыг үндсэн хэрэгцээний зардлын аргыг ашиглан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2010 оны үр дүнд үндэслэн тооцсон. Ядуурлын шугам нь нэг хүнд хоногт шаардлагатай 2100 калорийн илчлэг бүхий хүнсний бүтээгдэхүүн болон наад захын хүнсний бус бусад бараа, үйлчилгээг худалдан авахад шаардагдах зардал юм. Үндэсний ядуурлын шугамыг зөвхөн судалгаа хоорондох үнийн индексээр индексжүүлэн шинэчилдэг бөгөөд 2018 оны нэг хүнд сард ногдох ядуурлын шугам 166'580 төгрөг байна.

Ядуурлын хамралтын хүрээний индекс буюу ядуурлын түвшин нь нийт хүн амд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувийг харуулна.

Ядуурлын гүнзгийрэлтийн индекс нь ядуу бус хүн амыг ядуурлын шугамаас 0 хувийн зөрүүтэй гэж үзвэл хүн тус бүрийн хэрэглээний дундаж түвшин ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлнэ.

Ядуурлын мэдрэмжийн индекс нь ядуу хүн амын дундах тэгш бус байдлыг хэмждэг. Энэ үзүүлэлтийг тооцохдоо ядуурлын гүнзгийрэлтийг квадрат зэрэгт дэвшүүлдэг бөгөөд ядуурлын шугамаас хол байх тусам илүү ихээр жигнэнэ гэсэн үг юм.  

Харилцах хаяг:

Үндэсний Статистикийн Хороо

Засгийн газрын III байр,

Бага тойруу 44, Сүхбаатар дүүрэг

Утас: +(976-51)-262325, 1900-1212

Факс: +(976-11)-324518

И-мэйл: information@nso.mn

Веб сайт: https://www.1212.mn, www.nso.mn

ДБ-ны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Сөүлийн гудамж 4, MCS Плаза 5 давхар

Утас: +(976-11) 312647, 312654

Веб сайт: https://www.worldbank.org/mn/country/mongolia


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2019/06/21

Холбоо барих

Ulaanbaatar
Indra Baatarkhuu
976-70078207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api