Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2017.10.04

Дэлхийн эдийн засгийн идэвхжил нэмэгдэхээр байгаа нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт эергээр нөлөөлөхөөр байна.

2017 онд бүс нутгийн эдийн засаг 6.4 хувь өсөхөөр байгаа нь урт хугацааны хүндрэлийг даван туулах орон зайг нэмэгдүүлэх юм.

 

Бангкок хот, 2017 оны 10 дугаар сарын 4: Дэлхий эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв сайжирч, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгуудын дотоодын эрэлт нэмэгдэж байгаагаас тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв байдал эерэг байна хэмээн Дэлхийн Банкнаас бүс нутгийн шинэ тайланд дурьджээ. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт нэмэгдэн, түүхий эдийн үнэ сэргэж байгаа, глобал худалдаа идэвхжиж байгаа зэрэг нь хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг сайжирч 2017 онд 6.4 хувиар өсөхөд нөлөөлөх гадаад таатай хүчин зүйл болж байна.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2017 оны 10 дугаар сарын эдийн засгийн тоймд 2017 оны эдийн засгийн өсөлт өмнө төсөөлж байсантай харьцуулахад өндөр гарсан нь Хятадын эдийн засгийн өсөлт таамагласнаaс өндөр буюу 6.7 хувьтай байгаагаас голлон шалтгаалав. Энэ нь тус улсын 2016 оны эдийн засгийн өсөлттэй ижил түвшинд байгаа юм. Зүүн Өмнөд Азийн томоохон орнууд болон бүсийн бусад орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй хурдацтай буюу 2016 онд 4.9 хувь байснаа өсч 2017 онд 5.1 хувь, 2018 онд 5.2 хувь байх төлөвтэй байна.

Энэхүү эерэг төлөв байдалд гадаад болон дотоод хэд хэдэн эрсдэлүүд нөлөөлж болзошгүй юм. Зарим хөгжингүй орнуудын эдийн засгийн бодлого тодорхойгүй хэвээр байгаа бол бүс нутаг дахь геополитикийн хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байна. АНУ болон Евро бүс мөнгөний бодлогоо төсөөлж байснаас илүү хурдан чангаруулах магадлалтай байна. Бүс нутгийн олон улс орнуудад төсвийн алдагдал өндөр эсвэл нэмэгдэж байгаа ба хувийн хэвшлийн өр их хэвээр байна.

"Дэлхийн эдийн засаг сэргэж, глобал худалдаа идэвхжиж байгаа нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн хувьд сайн мэдээ болж байгаа ба энэ нь ялангуяа амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр цаашид үргэлжлүүлэн амжилт гаргахад чухал ач холбогдолтой" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Виктория Кваква хэлжээ. "Бүс нутгийн хэмжээнд тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах суурь үндсийг бий болгохын тулд эн тэргүүнд богино хугацаанд өсөлтийг хангах, дунд хугацаанд эмзэг байдлыг бууруулах зэрэг зорилтыг оновчтой хослуулах асуудал нь улс орнуудын хувьд гол сорилт байх болно."

Хятадад хөрөнгө оруулалтаас дотоодын хэрэглээ рүү чиглэсэн аажим шилжилт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд 2018 онд эдийн засгийн өсөлт удааширч 6.4% болж буурах төлөвтэй байна.

Тайланд улсад аялал жуулчлал салбарын өсч, Малайз улсад хөрөнгө оруулалт өсөх зэргээс эдгээр хоёр орны экспорт ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдийн засаг нь төсөөлснөөс илүү хурдацтай өсөх төлөвтэй байна. Индонез улсын хувьд бодит цалин хөлс нэмэгдснээс хэрэглээ өсч байгаа бол Вьетнам улсад хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын өсөлт дахин эрчимжиж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт харьцангуй удааширалтай байгаатай холбоотойгоор Филиппин улсын эдийн засгийн өсөлт 2016 оныхтой харьцуулахад бага зэрэг удаашрах төлөвтэй байна.

Жижиг улс орнуудын эдийн засгийн ирээдүйн төлөв харилцан адилгүй байна. Монгол болон Фижи улсын эдийн засаг 2017-2018 онуудад сайжрах төлөвтэй байна. Монгол улсын макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр нь уул уурхай, тээврийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Винстон хар салхины дараах сэргээн босголтын ажил нь Фижи улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байна. Камбожи, Лаос улсын эдийн засгийн өсөлтүүд 2016 оныхтой харьцуулахад буурч байгаа ч бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад өндөр хэвээр байгаа юм. Камбожи улсад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, Лаос улсад эрчим хүчний салбарын хөгжил нь эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйлс болж байна.

Аялал жуулчлал өргөжин, дэлхийн түүхий эдийн үнэ доогуур байгаа, загас агнуурын төлбөрөөс олох орлого нэмэгдэн, барилгын салбарын үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа зэрэг нь Номхон далайн ихэнх жижиг арлын орнуудын эдийн засгийн өсөлтийг тогтвортой түвшинд хадгалж байна. Урт хугацаанд аялал жуулчлалын салбарын шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, загасны аж ахуй, мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих нь өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлт, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх бололцоотой юм.

"Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдал сайжирсан нь урт хугацааны өсөлтийг хангах шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эмзэг байдлыг бууруулах боломжийг улс орнуудад олгож байна" гэж Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ерөнхий эдийн засагч Судхир Шетти хэлэв. "Санхүүгийн салбарын тогтвортой байдлын эрсдэлийг бууруулж, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ялангуяа бүс нутгийн интеграцчиллыг дэмжих нь тэргүүлэх чиглэл хэвээр байна" гэлээ.

Эрсдэл даах чадвараа хадгалахын тулд богино хугацааны өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээ авахын оронд санхүү, төсвийн эмзэг байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг тайланд уриалжээ. Үүнд: хувийн хэвшлийн өр, зээл хурдацтай нэмэгдэж буй улс орнуудад хяналт шалгалт, зохицуулалтыг бэхжүүлэх; төсвийн орлого бүрдүүлэлтийг сайжруулахын тулд татварын бодлого, татварын удирдлагын шинэчлэл хийх ба хөгжингүй эдийн засагтай орнууд дахь хүүгийн өсөлтөөс хамаарч мөнгөний бодлогыг чангаруулахад бэлэн байх хэрэгтэй зэргийг дурьджээ.

Бүтцийн шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд улс орон бүрт харилцан адилгүй байна. Хятад, Вьетнам улсад төрийн өмчит үйлдвэрийн салбарт шинэчлэлийг тогтворжуулсан нь өсөлтийн хэтийн төлвийг сайжруулах магадлалтай. Филиппин, Тайланд, Лаос, Камбожи зэрэг орнуудад төсвийн санхүүжилттэй дэд бүтцийн хөтөлбөрүүд өргөжин тэлж буй энэ үед цаашид төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог үргэлжлүүлэн сайжруулж, тэдгээр хөтөлбөрүүдийг дэмжих нь үр өгөөжтэй байх болно. Индонез улсад гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтыг либералчлах нь чухал хэвээр байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлж, бүс нутгийн интеграцчиллыг бэхжүүлснээр улс орнуудын эдийн засгаа хамгаалах протекционист бодлогын сөрөг нөлөөг арилгах боломжтойг тайланд онцлон тэмдэглэжээ. Сайн менежмент хийж чадвал аялал жуулчлалын салбарын өсөлт нь тус бүс нутаг, ялангуяа Номхон далайн арлын орнуудад ихээхэн үр өгөөжтэй. Зүүн Өмнөд Ази бүс нутгийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (ASEAN) Эдийн Засгийн Нийгэм нь үйлчилгээний салбарт худалдааг либералчлах, тарифын бус саад бэрхшээлийг багасгах зэргээр бүс нутгийн нэгдэл, интеграцчиллыг хөхиүлэн дэмжих нэг боломжийг олгож байна.

Ядуурлыг амжилттай бууруулж байгаа ч тэгш бус байдал улам нэмэгдэж, уян хатан байдал буурч, эдийн засгийн аюулгүй байдал алдагдах явдал нэмэгдсээр байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байна. Хүртээмжтэй өсөлтийг удаан хугацаанд хадгалахын тулд одоогоор хэрэгжүүлж буй нэн ядуурлыг бууруулах арга хэмжээнээс гадна чанартай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, илүү өндөр бүтээмжтэй ажлын байрыг бий болгох, эдийн засгийн аливаа сөрөг цочролын үр дагаврыг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын сайн тогтолцоог бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

 

Зүүн Ази, Номхон далайн бүсийн тойм нь Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн талаарх цогц  үнэлгээ, дүгнэлт юм. Уг тоймыг жилд хоёр удаа гаргадаг бөгөөд https://www.worldbank.org/eapupdate  хаягаар үнэ төлбөргүй авч танилцах боломжтой.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: https://www.worldbank.org/eap


Холбоо барих

Mongolia
Indra Baatarkhuu
+97670078207
ibaatarkhuu@worldbank.org
Washington
Lívia Pontes
+1 202 473-8949
Lpontes@worldbank.org
Api
Api