ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк, Нийслэлийн захиргаа хотын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, нийтийн тээврийн санхүүжилтийг сайжруулахад хамтран ажиллана

2017.5.24


Монгол Улс, Улаанбаатар хот, 2017 оны 5-р сарын 24-ны өдөр – Нийслэл хотын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хамтран бэхжүүлэх чиглэлээр өнөөдөр Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Нийслэлийн Засаг даргын орлогч П. Баярхүү нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Image

Нийслэлийн захиргааны зүгээс Дэлхийн Банктай хамтарч ажилласнаар төсвийн зарлагыг бууруулахын зэрэгцээ олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар ил тод байдлыг сайжруулна хэмээн үзэж байгаа аж. Саяхан болж өнгөрсөн семинараар Нийслэлийн харьяа байгууллагууд төсөв төлөвлөлтийн явцад олон улсын туршлагаас суралцан, тусгах мөн 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын төслийг эрэмбэлэх үйл явцыг илүү ил тод болгоход чиглэсэн арга хэмжээг авахаар тохирсон байна.

Хотын нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхээр тус салбарын нөхцөл байдлын цогц судлагаа, үнэлгээг гүйцэтгэхээс гадна нийтийн тээвэр төлөвлөлтийн өөр өөр хувилбаруудад дүн шинжилгээ хийн, дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлын стратегийг боловсруулах аж. Дээрх үнэлгээ, стратеги нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй нийтийн тээврийн салбарт зарцуулж буй татаасын хэмжээг бууруулах зорилготой аж.

Дэлхийн Банкны Монгол Улс дах Суурин төлөөлөгч Жеймс Андерсон: “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг илүү ил тод, харилцан уялдаатай болгосноор хотын хэрэгжүүлэгч байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулан, төслүүдийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхэд тусална. Үүний адил хот нийтийн тээврийн үйлчилгээг санхүүгийн хувьд тогтвортой байдлаар үзүүлэхэд стратеги боловсруулах шаардлагатай. Одоогийн төсвийн хүндрэлтэй цаг үед дээрх асуудлуудын ач холбогдол улам ихсэж байна” - гэв.

Энэхүү түншлэл нь Дэлхийн Банкны Төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангаар санхүүжиж буй техникийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа ба Дэлхийн Банкнаас УБ хот дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Дэлхийн Банкны Тээвэр, МХХТ-ийн газар нь УБ хотын нийтийн тээврийн төлөвлөлт, удирдлагын чадавх бэхжүүлэх зэргээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах суурийг бий болгоход УБ хотын захиргаатай нягт хамтран ажиллаж ирсэн болно. 

Холбоо барих
Хаана Вашингтон
Жэйн Занг
Утас: +1 202 473-1376
janezhang@worldbank.org
Хаана Улаанбаатар
Б. Индра
Утас: +976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2017/05/23

Api
Api