ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирал Монголд айлчилна

2015.5.14


Улаанбаатар, 2015 оны тавдугаар сарын 14. Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирал, Дэлхийн Банк группын Санхүү хариуцсан захирал Бертран Бадре тавдугаар сарын 15-16-нд Монголд анхны айлчлалаа хийх гэж байна. Тэрбээр Монголын улсын засгийн газрын төлөөлөлтэй уулзахаас гадна Монголын хүн амын амьжиргааг дээшлүүлэх чиглэлд Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл явцтай танилцах юм.

“Монголын хөгжлийн явцыг илүү ойлгохын тулд, мөн дэлхийн Банк группээс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж байгаа санхүүгийн болон мэдлэгийн тусламжаа хэрхэн цааш үргэлжлүүлэх вэ гэдгийг Монголын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзахаар Монголд айлчилж байна” хэмээн Бадре хэллээ.

Ноён Бадре айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Д.Эрдэнэбат нартай уулзахаас гадна хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж Дэлхийн Банк групп Монголын хөгжилд үзүүлж байгаа дэмжлэгээ хэрхэн цааш үргэлжлүүлэх тухай харилцан ярилцана.

Дэлхийн Банк группээс Монголын хөдөө орон нутгийн хөгжил, боловсрол, эрчим хүчний хөгжилд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, Тогтвортой амьжиргаа төсөл, Хөдөөгийн боловсролын хөгжил төсөл, Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл, мөн Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа салхин сэнсний Салхит төсөл бөгөөд эдгээр төслийн үйл явцтай ноён Бадре танилцана.

Ноён Бадре нь Дэлхийн Банк группын санхүүгийн болон эрсдлийн стратегийн удирдлагыг хариуцдаг. Түүний үүрэгт санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, санхүүгийн дүн, тайлангийн хяналт, эрсдлийг удирдахаас гадна группын стратегитай уялдсан санхүүгийн нөөц боломжийг дайчлах ажлууд багтдаг. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд группыг төлөөлөн оролцох замаар ноён Бадре санхүүгийн стандарт тогтоох, шилдэг туршлагыг түгээх олон улсын яриа хэлэлцээнд өөрийн хувь нэмрийг оруулж яваа нэгэн.  



Холбоо барих
Хаана Улаанбаатарт
Тина Пунцаг
Утас: +(976) 7007-8207
tpuntsag@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2015/05/14

Api
Api

Welcome