ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Санхүүгийн мэдлэг, боловсрол нь Монголд тулгарч буй нэг бэрхшээл хэвээр үлдэнэ

2013.9.11



Image

Монгол улс өөрийн иргэдэд санхүүгийн хамгийн сайн сонголт хийдэг болоход нь тустай санхүүгийн мэдлэг боловсролыг сайжруулахад хөрөнгө оруулалт хийж  болох юм.  

Улаанбаатар хот – 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дэлхийн Банк “Монголд санхүүгийн шийдвэр гаргалтыг сайжруулах замыг нээх нь” гэх нэртэй шинээр гаргасан тайлангийнхаа үр дүнг танилцууллаа.  

Уг тайлан нь Монгол даяар 2,500 гаруй өрхийг хамарч, санхүүгийн үйлчилгээний хэрэглээ, банк болон хадгаламж зээлийн хоршоо гэх мэт санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын олгодог санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх тэдний мэдлэг, мөн төсөв төлөвлөхөөс авхуулаад ирээдүйдээ хадгаламж хуримтлуулах хүртлэх санхүүгийн нөөцөө удирдан зохицуулах чадварыг үнэлсэн судалгаанд тулгуурлагдсан байна.

“Монгол улс дунд орлоготой орон болохоор хөгжихийн зэрэгцээ санхүүгийн байгууллагууд илүү олон төрлийн, цогц санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг болж байгаа тул үйлчлүүлэгчид өөрсддөө  хамгийн сайн санхүүгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэдээлэлтэй байхыг баталгаажуулах нь чухал юм”, гэж Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Корали Геверс хэлэв.

Судалгаагаар албан ёсны санхүүгийн зах зээлд оролцох оролцоо өндөр төвшинд явж буйг тогтоосон байна. Тухайлбал судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь банкинд мөнгөө хадгалуулдаг гэсэн бол таван хүн тутмын нэг нь албан ёсны зээлтэй гэж хариулсан байна. Мөн зөвхөн гуравны нэг нь мөнгөө гэртээ хадгалдаг байна. Хамгийн гол нь дийлэнх олонх нь өөрсдийн харилцдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, ялангуяа банкинд сэтгэл хангалуун явдаг байна.

”Гэсэн хэдий ч Монгол улстай ижил төвшний орлоготой олон орны адилаар олон Монголчууд хуримтлал болон хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөжтөй шийдвэр гаргахад шаардлагатай үндсэн санхүүгийн ойлголтын талаар хязгаарлагдмал мэдлэгтэй байна”, гэж судалгааны тайланг бичсэн багийн ахлагч, Дэлхийн Банкны эдийн засагч Сиегфийд Зоттэл онцоллоо. Жишээлбэл, судалгаанд оролцогчдын гуравны нэг нь хүүгийн талаар хангалттай ойлголтгүй, 60 гаруй хувь нь инфляц тэдний хадгаламжинд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мэдэхгүй байна. Арилжааны банкуудыг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гэдгийг түгээмэл мэддэг авч даатгалын компаниуд, бичил санхүүгийн байгууллага (БСБ) эсвэл бусад санхүүгийн байгууллагууд (БСБ)-ын олгодог илүү өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээний талаар хомс мэдлэгтэй байна.

Тайланд санхүүгийн боловсролыг эрчимтэй нэмэгдүүлэх, мөн хадгаламж, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэрэгчлэгчдийг илүү сайн санхүүгийн шийдвэр гаргах чадвартай болгох замыг нээх олон зөвлөмж агуулагдсан байна. Телевизийн олон ангит кино, бүрэн хэмжээний кино эсвэл радио хөтөлбөрөөр дамжуулан насанд хүрсэн үзэгчдэд санхүүгийн боловсролын мэссэж хүргэхээс авхуулаад сургуулийн хөтөлбөрт тусгах тоглоомоор дамжуулан санхүүгийн боловсрол олгох, хэрэглэгчдийг гэрлэх эсвэл анхны байрын зээлээ авах үед тараахад тусгайлан зориулсан мэдээллийн материал боловсруулах зэрэг олон саналыг дэвшүүлсэн байна.

“Улс орны санхүүгийн тогтвортой байдал олон хүчин зүйлээс хамаардаг ба үүнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэдэг хэрэглэгчдийн санхүүгийн суурь боловсрол маш чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Монгол дахь Дэлхийн Банкны Суурин төлөөлөгчийн газарт санхүүгийн салбарын хөтөлбөр хариуцсан зохицуулагч Мариус Висмантас хэлэв. Түүнчлэн тэрээр, “Мэдээлэлд сайн тулгуурлагдсан санхүүгийн шийдвэр гаргах чадвартай, боловсролтой хэрэглэгчид санхүүгийн ерөнхий тогтвортой байдалд их хувь нэмэр оруулдаг. Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хувьд мэдлэгтэй, сурцтай хэрэглэгчидтэй байх нь тэдэнд ашигтай. Яагаад гэвэл энэ нь хэрэглэгчдэд хамгийн сайн шийдэл олгож, санхүүгийн салбарт илүү үр дүнтэй нөөцийн хуваарилалт хийхэд хүргэдэг” гэж нэмж хэлэв.

Уг тайланг АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүгийн тусламжтайгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон Сангийн яамтай хамтран бэлтгэв.

Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Tina Puntsag
Утас: + (976) 70078207 ext. 8207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/09/11

Api
Api