ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Төсвийн хөрөнгө зарцуулалтын ил тод, ойлгомжтой байдлыг хангах асуудлаар Улаанбаатар хотын зүгээс арга хэмжээ авч эхэллээ

2013.2.07



Image

2013 оны 02-р сарын 07 өдөр, Улаанбаатар хот - Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн онд хэдий хэмжээний хөрөнгө төсвийг авто зам сайжруулах зорилгоор зарцуулсан бол? Сургуулиудын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдсан бол? Хүн амын орлогын албан татвараар хэдий хэмжээний төсвийн орлого бүрдүүлсэн бол?

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн банктай хамтран энэ төрлийн асуултуудад хариулт өгөх ажлуудыг хийж эхэллээ.

Нийслэлийн ИТХ-аас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн банк Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хотын санхүүгийн тогтолцооны  өнөөгийн байдлын талаар анхан шатны дүн шинжилгээг хийж, судалгаа явуулсан юм.  Судалгааны дүнг  “Улаанбаатар хотын санхүүжилт” сэдэвт тайланд нэгтгэн, 2013 оны 1 дугаар сар 30-ны өдөр зохион байгуулагдсан хэлэлцүүлэг уулзалтын үеэр танилцуулсан.  Нийслэлийн Засаг Даргын Санхүү, Эдийн Засаг хариуцсан орлогч дарга ноён Н. Батаагаар удирдуулсан уг хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын удирдлага, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөл, дүүргүүдийн засаг дарга нар, судлаачид, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүмүүс оролцлоо.   

Тайлангын хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ноён Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ, “Төр бол иргэндээ үйлчилгээ үзүүлдэг  нэг ёсны дэлгүүр гэж ойлгож болно. Дэлгүүр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг худалдан авагчдад танилцуулж байдаг шиг төр ч мөн төсөв, үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй ил тод , ойлгомжтой байлгах нь зүйтэй” гэж тэмдэглэсэн. Түүнчлэн энэ төрлийн мэдээллээр хангах нь хотын удирдлагуудад хөрөнгө оруулалтын баримтлах чиглэл, хотын ямар үйлчилгээг түлхүү өргөжүүлэх нь зүйтэй талаар шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэх юм. 

Энэхүү тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд Нийслэл хот шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай. Дэлхийн банкны хотын хөгжлийн ахлах мэргэжилтэн хатагтай  Мескерем Бреим  хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот төсвийн орлогоороо иргэдэд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх бүрэн бололцоотой гэдгийг судалгааны тайлан харуулж буйг дурьдаад, төсвийн орлого зарлагыг тайлагнах одоогийн тогтолцоо нь төсвийн сангийн зарцуулалтын бодит байдлыг хотын удирдлага болон татвар төлөгчдөд ойлгоход хүндрэл учруулж байна” хэмээн тэмдэглэлээ. 

Ирэх саруудад, иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ болгон дээр хэдий хэмжээний төсөв төвлөрч, хэдий хэмжээний зардал хувиарлагдсан байна гэдгийг бүрэн хамруулж тооцсон төсөв төлөвлөх, тайлан бүртгэлийн системийг сайжруулах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн банкны Монгол улсад суугаа суурин төлөөлөгч Корали Гиверс “ Нийслэлийн удирдлага төсвийн зарцуулалтыг ил тод,  нээлттэй байлгах, үүрэг хариуцлага хүлээх талаар чухал амлалт өглөө”гэж тэмдэглэн хэлэв. Тэрээр нэмж хэлэхдээ “Иргэдийн үзэл бодлын тулгуур санаа болж болохуйц, хотын төсвийн талаарх илүү хэрэгцээ шаардлагатай, бодит мэдээллийг иргэдэд өгч, мөн хотын захиргаанд хариуцлагаа ухамсарлан ажиллах талаар Нийслэл  хотын захиргаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл хэрэгтээ Дэлхийн банк тууштай байх болно” гэдгээ мэдэгдсэн.

Энэхүү ажил нь Нийслэлийн ИТХ-ын санаачилгаар хоёр жилийн хугацаатай хэрэгжиж буй судалгаа болон техник туслалцааны  хөтөлбөрийн  эхний хэсэг болно.

Холбоо барих
Хаана Улаанбаатар хот
Пунцагийн Tина
Утас: (976 11) 312647 дотуур утасны дугаар. 207
tpuntsag@worldbank.org


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2013/02/07

Api
Api

Welcome