ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн хямралыг гэтлэхийн тулд Монгол улсын хэрэгжүүлж байгаа нааштай алхамуудыг дэмжихээ Дэлхийн Банкны удирдах захирал дахин нотлов

2009.6.12




УЛААНБААТАР, 2009 оны 6 дугаар сарын 12, Баасан гариг – Дэлхийн санхүүгийн хямрал Монгол улсын хувьд хүнд туссан байж болох боловч Монгол улсын Засгийн газар хэрэгжүүлж байгаа зоримог шинэчлэлийн эрчийг бууруулахгүйгээр хэрэгжүүлж чадвал эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах бат бэх үндэс суурь тавьж чадна гэж Дэлхийн банкны удирдах захирал Др. Хуан Хосе Дабуб үзэж байна.

Монгол улс 1991 оноос эдийн засаг, улс төрийн шилжилтийн үеийг амжилттай даван туулж ирсэн ба энэ бүх амжилтаараа бахархах ёстой юм” гэж Др. Дабуб өнөөдөр  хэлсэн үгэндээ тэмдэглэв. “Дэлхий дахинд сүүлийн хэдэн сар нүүрлээд байгаа хямрал Монгол улсыг тойроогүй бөгөөд энэ бүхний үр дагавар нь улс орондоо шинэчлэлийг үргэлжлүүлэх шаардлагатай байгааг харууллаа” гэж тэрээр нэмж хэлэв. Зэсийн үнийн уналт Монголын эдийн засгийн өсөлтийг нэлээд удаашруулахад хүргэсэн ба өсөлт энэ оны хувьд сүүлийн дөрвөн жилийн дундач 9% -аас буурч, дөнгөж 3 орчим хувьд байх төлөвтэй байна.

Др. Дабуб Монголд гурав хоногийн айлчлалаар ирээд байгаа бөгөөд энэ хугацаандаа Монгол улсын Засгийн газрын ажилтнууд,  бизнес, иргэний нийгэмлэг болон хөгжлийн үйл явцад оролцогч бусад түншүүдийн төлөөлөлтэй уулзаж, мөн Улаанбаатар хот болон хөдөөгийн хамгийн эмзэг бүлгийн иргэд энэхүү хямралд хэрхэн нэрвэгдсэнийг нүдээр үзэн танилцах юм.

Монгол улсын Сонгогдсон –Ерөнхийлөгч Элбэгдорж болон Засгийн газрын гишүүд болон Их хурлын гишүүдтэй уулзах үеэрээ эдийн засгийн хямраллын эсрэг Засгийн газрын зүгээс авсан анхны арга хэмжээнүүдийг үнэлэв. “Дэлхийн хямралын нөлөө зайлшгүй гэдэг нь тодорхой болох үед Монгол улсын Засгийн газар цаг хугацаа алдалгүй, шийдмэг арга хэмжээ авч ажилласаныг  үнэлэх ёстой. Нэн ядуу бүлгийн хүмүүст хямралын дарамтыг нимгэлэхэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийн зэрэгцээ дунд- хугацааны шинэчлэлийн ажлын эрч хүчийг бууруулахгүй байх нь маш чухал байх болно.” гэж Др. Дабуб хэлэв.  Хоёрдугаар сараас хойшхи хугацаанд Засгийн газар төсвийн тодотгол хийх, мөнгөний бодлогодоо зохицуулалт хийх, санхүүгийн байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн шинэчлэл хийх зэрэг хэд хэдэн амаргүй шийдвэрийг гарган ажилласан нь бараа таваарын үнийн цаашдын өсөлтийг дааж гарах улс орны чадварыг сайжруулсан юм.

Улс орны эдийн засагт уул уурхайн салбараас оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхтэй холбогдсон асуудлаар Др. Дабуб мөн санал бодлоо солилцов. “УИХ-ын дарга болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж ярилцах үеэр, Монгол улсын өнөө болон ирээдүй хойч үедээ үр шимийг нь хүртээхийн тулд уул уурхайн салбарыг тогтвортой бөгөөд ил тод байдлаар хөгжүүлэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байлаа. Энэ үйлсийг нь цаашид ч дэмжихэд Дэлхийн Банкны Групп бэлэн байгаа юм” гэж тэрээр нэмж хэлэв.

Иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзах үеэрээ ажлын байрны тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг роль өндөр болохыг Др. Дабуб онцлон тэмдэглэв. “Өнөөдөр дэлхийн эдийн засаг уналтад орж, зээлийн урсгал хумигдаж байгаа энэ үед Монгол шиг жижиг улс орнууд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд үйл ажиллагаа нь ил тод, үр өгөөжтэй, өрсөлдөх чадвартай бизнесийн орчинтой байх явдал хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байгаа юм. Манай хувийн хэвшлийн түшиг ОУСК Монгол улсад ажиллаж, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх талаар идэвхитэй ажиллаж байна” гэж Др. Дабуб хэлэв. Сайн засаглалын ач холбогдлыг цохон тэмдэглэхдээ,  олон нийтийн ухамсар, хяналт шалгалтыг өндөржүүлэх хүчтэй байгууллага, ил тод механизмтай байх нь авилгалтай тэмцэх хамгийн сайн хөшүүрэг гэж хэлэв.    

 Айлчлалынхаа үеэр, Улаанбаатар хотын гэр хорооллоор орж, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа усны алдагдлыг багасгах, хотын эмзэг бүлгийн хүмүүст хүргэх усны чанарыг сайжруулах зорилго бүхий Улаанбаатарын үйлчилгээг сайжруулах төслийн хэрэгжилттэй танилцаад, цаашид иймэрхүү хямралаас улс үндэстнээ хамгаалахын тулд нийгмийн хамгаалал, аюулгүй байдлын сүлжээний хувьд шаардлагатай бодлогын өөрчлөлтүүдийг хийхэд нь Монгол улсад Дэлхийн банк дэмжлэг тусламжаа үргэлжлүүлэх болно гэж Удирдах захирал онцлон тэмдлэглэв. “Гэрэлт ирээдүйд хүрэх хувь тавилангаа өөрсдөө жолоодон явах шийдвэр төгс байгааг Монгол хүүхдүүдийн нүд, инээмсэглэлээс нь би олж харлаа.  Монгол улсын Засгийн газарт шаардлагатай бөгөөд эдлэх ёстой боломж бололцоогоо бүрдүүлэхэд нь бид хамтран ажиллаж, туслан дэмжих болно.” гэж тэрээр нэмж хэлэв.

Монгол улстай Дэлхийн банк 18 жилийн туршид хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 29 төсөл хэрэгжүүлэхэд 422 сая ам. долларыг олгосон. Энэ хөрөнгөөс 340 саяыг нь эдийн засгийн хөгжил, ашигт малтмалын нөөцийн менежмент, засаглал, дэд бүтэц, хүний хөгжлийн чиглэлд зарцуулаад байгаа. Эдийн засгийн хямралыг нимгэлэх, нэн эмзэг бүлгийн хүмүүсийн хувьд тулгамдаад байгаа эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ улс орны хэтийн хөгжлийн асуудлыг хараандаа байлгахад чиглэсэн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих шинэ стратегийн асуудлаар Монгол улсын удирдлагатай Дэлхийн банк саяхан ярилцсан.

Энэ улс үндэстэн бол асар их нөөц боломжтой бөгөөд эдийн засгийн энэ шуургын тоос намжаад ирэх үед Монгол улс хөгжлийн замаараа замнах болно. Хөгжил дэвшилд хүргэх энэ замд нь Дэлхийн Банк, Монгол улстай хамт алхах болно”  гэж Удирдах захирал үгийнхээ эцэст тэмдэглэв.

  • Др. Дабуб нь дэлхийн 74 улс оронд \Латин Америк, Кариб, Зүүн Ази ба Номхон далай, Ойрхи Дорнод, Хойд Африк\ Дэлхийн Банкны явуулж байгаа үйл ажиллагааг хариуцсан менежментийн захирал юм.
  • 2006 онд Дэлхийн Банкинд ажиллаж эхлэхээсээ өмнө Эл Сальвадорын Сангийн сайд болон Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар хавсран ажиллаж байсан болно.
Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2009/06/12

Api
Api

Welcome