Вашингтон, 2008 оны 6 сарын 27 - Дэлхийн Банкны Удирдах Зөвлөл тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөөгийн боловсрол, хөгжлийн төсөл (READ)-ийн хүрээнд 1.0 сая ам. долларын нэмэлт санхүүжилтыг батлав.
Сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Монгол улсын Засгийн газар “Нэг Хүүхдэд Нэг Зөөврийн Компьютер” сантай (OLPC) 2007 оны 12-р сараас хойш хамтран ажиллаж Монголын сургуулиудад 20,000 XO зөөврийн компьютерийг (бага сургуулийн хүүхдүүдэд тусгайлан зориулж бүтээгдсэн компьютер) нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлээд байгаа билээ.
Энэхүү санаачлагатай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөөгийн боловсрол, хөгжлийн төслийн хүрээнд нэмэлт санхүүжилт олгох хүсэлтийг тус банканд тавьсан. Нэмэлт санхүүжилтийг хөдөөгийн сургуулиудад байгаа тоон номын санг ХО зөөврийн компьютерийн баазтай холбох ажлыг оновчтой болгож, OLPC-тай хамтран хэрэгжүүлж буй ажлыг дэмжихэд ашиглах зорилготой байгаагаа Засгийн газар мэдэгдсэн байна.
Аршад Сайед, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан менежер “Дэлхийн Банкнаас гаргах нэмэлт санхүүжилтээр Монгол улсын онцлог нөхцөл байдлыг тусгасан сургалтын агуулга бүхий ХО зөөврийн компьютерийг READ төслийн туршилтанд хамрагдаж буй зарим бага сургуулиудад тарааж мөн сургалт явуулж төслийн мониторинг, нөлөөллийн үнэлгээг хийх болно.” гэв.
Тус хөгжлийн нэмэлт санхүүжилт нь “сургалтын чанартай материалын хүртээмж, ашиглалтыг сайжруулах замаар хөдөөгийн бага сургуулийн (1-ээс 5-р анги) сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газрын хийж буй ажилд туслалцаа үзүүлэх.” зорилго бүхий READ төслийн 1-р бүрдэл хэсэгт хамаарах юм.
Нэмэлт санхүүжилтийн бүрдэл хэсгийн санал:
1. Олон Улсын Хүүхдийн Тоон Номын Сан (ICDL)-гийн програм хангамжийн сайжруулж тохируулсан хувилбарыг авч ХО зөөврийн компьютер дээр Монгол улсын онцлог нөхцөл байдлыг тусгасан сургалтын агуулгыг суулгах. READ төслийн хүрээнд ICDL-ийн монгол хэл дээрх хувилбарыг боловсруулж дууссан байгаа. Үүнд READ төслийн хүрээнд сонгосон бүх сэдэв багтсан бөгөөд Интернэтээс буюу төслийн туршилтанд хамрагдаж байгаа хөдөөгийн цөөн хэдэн сургуулийн дотоод серверээр дамжуулан ашиглаж болно. Энэ бүрдэл хэсгийн хүрээнд ICDL-г ХО зөөврийн компьютер дээр суулгах тохируулгыг сайжруулах, мөн бичсэн зүйлийг англи хэл үрүү автоматаар орчуулах зэрэг бусад үйлдлийг нэмэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэнэ. Дотоод серверийн тусламжтайгаар ХО зөөврийн компьютерүүд ICDL-гийн сайжруулсан хувилбарыг ашиглах боломжтой болно. ХО зөөврийн компьютер, дагалдах тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулсан ОУХА-ийн нэмэлт санхүүжилтийг дотоод сервер худалдан авахад мөн ашиглана. Харааны согогтой хүүхдүүдэд зориулсан үйлдэл зэргийг нэмж ХО зөөврийн компьютерийг ашиглах боломжийг дээшлүүлэхэд чиглэсэн туслах хөрөнгө оруулалтыг мөн нэмэлт санхүүжилтээр санхүүжүүлнэ. READ төслийн хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлэх тохиролцоог ICDL-тай хийсэн байгаа учраас ICDL дээр READ төслийн номнуудын лицензи байгаа бөгөөд ICDL-ийн системд аль хэдийнээ нэгтгэж оруулсан.
2. ХО зөөврийн компьютерийг оновчтой ашиглахыг заах сургалтанд багш, сурагчдыг хамруулж сурагчдын сурлагад дээд зэргээр үр дүнтэй нөлөөлөх. Техники туслалцаа үзүүлж ХО зөөврийн компьютер, ICDL-ийг үр дүнтэй ашиглахыг сурагчид болон багш нарт заана. Мөн хичээлийн төлөвлөгөөг хэрхэн гаргаж сургалтын хөтөлбөртэй хэрхэн нийцүүлэх тухай сургалтанд багш нарыг хамруулна. Энэ сургалтанд хамрагдсанаар багш нарын боловсруулсан хичээлийн төлөвлөгөөг зөөврийн компьютерийн програм хангамж буюу Интернетийн тусламжтайгаар боловсронгй болгох боломж бүрдэнэ. OLPC-г хэрэгжүүлж байгаа бүх багш нарт энэхүү нэмэлт санхүүжилт ашиг тусаа өгөх болно.
3. Мониторинг, үнэлгээний үр дүнтэй систем боловсруулж туршилтын хөтөлбөрөөс холбогдох хичээлийг ялган авч төслийн бүтэц зохион байгуулалтыг шаардлагатай хэлбэрээр өөрчлөн зохицуулах. Нэмэлт санхүүжилтийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааг зохион байгуулахдаа сургалт, сурлагад үзүүлэх үр дүн, нөлөөг үнэлэх боломжийг хангана. Төслийн үр дүн, нөлөөг үнэлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, мөн ХО зөөврийн компьютерүүд зориулагдсан үр шим хүртэгчдэд хүрсэн байх нөхцлийг хангах зорилгоор мониторингийн зохих арга замыг боловсруулахад зориулж техник туслалцаа үзүүлнэ. Арга барилын өөрчлөгдөхөд зардал хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлох үүднээс компьютерийн олон янзын хэлбэрээр ашиглаж үзнэ. Нэг хүүхдэд нэг зөөврийн компьютер санаачлагыг цаашид тус улсад өргөжүүлэх ажлыг зохион байгуулахдаа энэ мэдээллийг ашиглах болно.
4. Нэг хүүхдэд нэг зөөврийн компьютер байгууллагаас хүүхдийн зөөврийн компьютер худалдаж авах. 2,000 орчим XO зөөврийн компьютер худалдаж авахад тэдгээрийг худалдаж авах, хадгалах, тээвэрлэх, тараахтай холбоотой хөрөнгө оруулалт, мөн сервер, техник тоног төхөөрөмж, Интернет холболтын хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Засгийн газар хот суурин газруудад OLPC-тай хамтран ажиллаад эхэлсэн байгаа бөгөөд нэмэлт санхүүжилт нь хөдөөгийн сургуулиудад анхаарч READ төслийн туршлага дээр суурилан Засгийн газрын энэхүү тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтийг хангана.