Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Карбоны санхүүжилтийн үйл ажиллагаанд Монгол Улс хамрагдах суурь тавигдана

2008.1.16



2008 оны 01 сарын 16, Улаанбаатар хот - Монгол Улсын Сангийн Яам, Дэлхийн Банк “Карбоны санхүүжилтийн төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх чадавхийг бий болгох” төслийн санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэхүү төсөл нь карбоны санхүүжилтийн төслүүдийг боловсруулж, төслүүдийг хэрэгжүүлэх Монгол улсын чадавхыг бий болгох үндсэн зорилготой юм. Карбоны санхүүжилт гэдэг нь хөгжиж буй орнуудад бохир утааг багасгасан хэмжээ тутамд тухайн байгууллага, хүмүүст санхүүжилтын урамшуулал өгөх явдал юм. Карбоны сан нь хөгжсөн орнуудаас олгосон тусламж, тэтгэлэгээс бүрддэг. Энэ үйл ажиллагаа нь НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн суурь конвенцэд тулгуурласан Киотогийн протоколыг хэрэгжүүлэх механизмуудын нэг юм. 

Төслийг хэрэгжүүлэгч нь Байгаль Орчны Яам бөгөөд төсөл нь карбоны санхүүжилтийн хүрээнд холбогдох үндэсний институцын хөгжил болон шаардлагатай орчныг бий болгох, улмаар сургалт, семинар зохион явуулах, боломжит төслүүдийг боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах зэрэг үйл ажиллагаанаас голлон бүрдэнэ. 

Төслийн санхүүжилтэнд 475, 420.0 ам.долларыг Японы бодлого ба хүний нөөцийн газраас   буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгох юм. Төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. 

Санхүүжүүлэх гэрээнд Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Улаан, Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгч, Монгол Улсын хариуцсан менежер Аршад Сайед нар гарын үсэг зурав. 

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монгол Улсын Байгаль Орчны Яам, Японы Элчин Сайдын Яамны төлөөлөгчид оролцов.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2008/01/16

Api
Api