Дэлхийн Банк хөгжлийн түншүүдийн хамт “Монголын Хөгжлийн Зах-2007” уралдаант тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 200 төслийн саналуудыг эхний шатанд шалгаруулав. Эдгээр шалгарсан байгууллагууд, хүмүүс төслийн саналуудаа илүү дэлгэрэнгүй боловсруулж, 9 сарын 7-нд Улаанбаатар хотноо зохиогдох арга хэмжээний үеэр болох төгсгөлийн шалгаруулалтанд уралдах юм
2007 оны 7 сарын 10 – Монголын Хөгжлийн Зах-2007 хөтөлбөрийн 2 дахь шатанд өрсөлдөхөөр 200 төслийн санал шалгарлаа. Шалгарсан төслүүд нь 9 сарын 7-нд зохиогдох нээлттэй арга хэмжээний үеэр болох төгсгөлийн шалгаруулалтанд уралдах бөгөөд үүний өмнө байгууллага, хувь хүмүүс төслийн саналаа илүү дэлгэрэнгүй болгож боловсруулна. Монгол орны бүх аймаг, хотуудаас ирсэн 1851 төслийн саналууд нь хөдөө орон нутаг, хотууд дахь ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн үйлчилгээг илүү сайжруулах бүтээлч, шинэлэг арга замуудыг дэвшүүлсэн байна.
Нийгмийн үйлчилгээнүүд болох дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, усны хангамж, эрүүл ахуй, мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээнүүдийн чанар, хүртээмж хангалттай бус хэвээр байна. Энэхүү байдал нь хүн бүрийг ялангуяа УБ, бусад хотууд болон хөдөө орон нутгийн гэр хорооллын оршин суугчдад, тэдний аж амьдралд хүндрэлүүдийг бий болгосоор байгаа билээ. Эдгээр бэрхшээлүүдийг давах, хүмүүсийн амьдралын түвшнийг сайжруулахад олон нийтийн санаачлага, оролцоог дэмжих үүднээс “Монголын Хөгжлийн Зах-2007” уралдаант тэтгэлэгт хөтөлбөрийг 2007 оны 3 сарын 12-нд зарлан, эхэлсэн билээ.
Уралдаант тэтгэлэгт хөтөлбөрт ирүүлсэн нийт 1851 төслүүдийн тэн хагас нь хөдөө орон нутгаас ирсэн бөгөөд төслүүдийн нилээд хэсэг нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон байгаль орчны асуудлыг, үлдсэн хэсэг нь усны хангамж, эрүүл ахуй, мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүчний үйлчилгээг сайжруулахад чиглэсэн байна.
Монголын Хөгжлийн Захын түншүүд, хөгжлийн мэргэжилтнүүд болон Дэлхийн Банкны ажилтан нараас бүрдсэн 70 гаруй үнэлэгч нар нийт төслүүдийг үнэлж, 200 төслийг шалгаруулах хүндхэн үүргийг хүлээж, гүйцэтгэсэн байна. Хөтөлбөрийн эхний шатанд олон түмнийг өргөнөөр оролцуулах зорилгоор гурван хуудаснаас хэтрэхгүй төслийн товч саналын маягтыг боловсруулж тараасан. “Нийт ирүүлсэн 1851 саналаас 200 саналыг л сонгох байлаа. Энэ үнэхээр хэцүүхэн даалгавар гэдгийг та бүхэн төсөөлж байгаа байх. Яагаад гэвэл төслийн саналууд нь товчхон учир дэлгэрэнгүй санаа ч биш харин санааны үрийг л үнэлэх байлаа. Энэхүү хэцүүхэн даалгаврыг түншүүд болон үнэлэгч нарын нөр хөдөлмөрийн ачаар гүйцэтгэж чадсан. Нийт үнэлэгч нарт бид маш их талархаж байна.” гэж Аршад Сайед, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч хэлэв.
Хөтөлбөрт ирсэн нийт төслийн саналуудыг шинэлэг байдал; ядуу ба эмзэг бүлгийнхэнд өгөх үр өгөөж/нөлөөлөл; өртөг зардлын хэмнэлт/бодит байдал; тогтвортой байдал, цаашид өргөжих боломж; олшруулан хэрэгжүүлэх боломж гэсэн ач холбогдлын хувьд ижил бүхий таван үндсэн шалгуураар үнэлсэн.
“МХЗ-2007”-гийн түнш болох Мобикомын ажилтан, үнэлэгчийн багийн гишүүн хатагтай Тэгшбаяр “Үнэлгээний үйл явцын нээлттэй байдал болон баримталсан зарчмуудыг чухалчлан үнэлж, үнэлгээ нь тодорхой шалгуур дээр тулгуурласан, хэмжигдэхүйц өрсөлдөөнт үйл явц болж чадлаа.” гэв Мөн тэрээр “Салбаруудын саналууд нь чанарын болон асуудалд хандаж байгаа хандлагын хувьд ялгаатай байсан” гэв. “Энэхүү ялгаатай байдал нь салбар бүрийн талаарх олон нийтийн мэдлэг, оролцооны түвшин, мөн тухайн салбар дахь нийгмийн хэрэгцээг харуулж байгаа юм.” гэж МХЗ-2007 хөтөлбөрийн ахлагч Ж. Сүнжидмаа тэмдэглэн хэллээ.
Эхний шатанд шалгарсан байгууллагууд, хувь хүмүүс нь Улаанбаатар хотноо 9 сарын 7-нд зохиогдох “Монголын Хөгжлийн Зах-2007” үйл ажиллагаанд уригдан оролцоно. Энэхүү арга хэмжээний үеэр тэд өөрсдийн дэлгэрэнгүй төслөө олон түмэнд болон шүүгчдийн багт танилцуулах бөгөөд мөн бусад мэдлэг, мэдээлэл солилцох үйл ажиллагаануудад оролцох юм.
“Эхний шатанд шалгараагүй оролцогчдод энэхүү хөтөлбөрт идэвхтэй оролцсонд баяр хүргэе. Та бүхэн өөрсдийн санаагаа бусад хүрээнд хэрэгжүүлнэ, мөн 9 сард болох МХЗ-2007 арга хэмжээнд хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж байна. Харин уралдаанд шалгарсан хүмүүсийн хувьд дараагийн шатны уралдаанд амжилттай оролцохын тулд дэлгэрэнгүй төслөө илүү сайн, тодорхой боловсруулах нь чухал.”гэж Аршад Сайед, Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч нийт оролцогч нарт хандан тэмдэглэн хэлэв.
“Монголын Хөгжлийн Зах -2007” хөтөлбөрийг Дэлхийн Банкнаас Монголд анх удаа санаачлан зохион явуулж байгаа. Дэлхийн Банкнаас дэлхийн хэмжээнд болон улс орнуудын хүрээнд зохион явуулдаг энэхүү “Хөгжлийн зах” нь vр дvнд хvрэхvйц, цаашид өргөжvvлж vлгэр жишээ болгон олшруулан, хэрэгжvvлэх боломжтой хөгжлийн бvтээлч, жижиг төслvvдийг санхvvжvvлэх уралдаант тэтгэлэгт хөтөлбөр юм. Хөтөлбөрийн vндсэн зорилт нь одоо үед хамгийн тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдэх бvтээлч, дэвшилтэт шийдлvvдийг дэмжин, улмаар амжилттай хэрэгжсэн шинэ санааг цаашид дэлгэрvvлэх, жишиг болгон олшруулан хэрэгжvvлэхэд оршино.
“МХЗ-2007” нь бүхий л түвшинд хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн Банкнаас Монголын төр засгийн байгууллагууд, үндэсний хэмжээний төрийн бус байгууллагууд, нийгэмд хариуцлагатай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөгжлийн байгууллагуудыг тус хөтөлбөрт түншээр урин оролцуулсан болно.
“МХЗ-2007” хөтөлбөрт дараах байгууллагууд түншээр ажиллаж байгаа. Үүнд: Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Үндэсний Хөгжлийн Хүрээлэн, Тогтвортой Амьжиргаа Төсөл, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Швецарын Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Агентлаги, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Мобиком ХХК, Хаан Банк , Хас Банк, Newcom Group, Германы Элчин, НҮБХХ, ДЭМБ, НҮБХС, Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Монгол дахь АНУ-ын Энх Тайвны Корпус, Skytel, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, хот, аймгууд дахь төвийн номын сангууд