ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банк Монголын Хөдөөгийн ард түмний амьжиргааг сайжруулахад 33 сая ам. долларын төслийг батлав

2007.6.19



Вашингтон, 2007 оны 6 сарын 19 - Дэлхийн Банкны Удирдах Зөвлөл хөрөнгө оруулалтын зээл болон буцалтгүй тусламж бүхий 33 сая ам. долларыг “Тогтвортой Амьжиргаа -2” төслийн хэрэгжилтэнд зориулан батлав.  Энэхүү төсөл нь Дэлхийн Банкны тусламжтайгаар хэрэгжүүлж буй гурван шат бүхий “Зохицон өөрчлөгдөхүйц Хөтөлбөрийн Зээл”–ийн (ЗХЗ) хоёр дах шат нь юм. 

Монголын эдийн засаг нь сүүлийн жилүүдэд ахицтай хөгжиж байгаа болов ч нийгмийн томоохон сорилтууд оршсоор байна.  Хэдийгээр ядуурлыг бууруулахад тодорхой дэвшил харагдаж байгаа ч нийт улсын хэмжээнд ядуурал нь харилцан адилгүй байна. Ядуурал нь хөдөө орон нутагт( 43 %) хот суурин газартай (30 %) харьцуулахад нилээд өндөр байна.   Ядуу гэр бүлийн дийлэнх хэсгийг малчид эзэлж байна. 

“Тогтвортой Амьжиргаа” төслийн эхний шатны хэрэгжилтийн явцад малчдын амьжиргааны эрсдлийг багасгах; орон нутаг, аймгийн захиргаа байгалийн аливаа гамшгийн талаар сайн мэдээлэлтэй байж, түүнд хариу арга хэмжээ авах тал дээр тэдний чадавхийг сайжруулах; иргэдийн оролцоо, хувь нэмрийг түшиглэн орон нутгийн түвшин дэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох; илүү сайн, өрсөлдөхүйц зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэгт орон нутгийн шинэлэг хандлагуудыг дэмжих  үйл ажиллагаанууд хийгдсэн байна.  Дэлхийн Банк “Тогтвортой Амьжиргаа -2” төслөөр дамжуулан төслийн эхний шатны ололт, үр дүн болон сургамжуудыг байгууллага, институтийн хүрээнд хөгжүүлэх мөн бусад доноруудаас хэрэгжүүлэх ижил төстэй болон нэмэлт үйл ажиллагаануудын харилцан уялдааг сайжруулахад Монголын Засгийн Газарт туслах юм. 

Монгол улсын нийт хэмжээнд хөдөө, орон нутаг дахь хүмүүсийн амьжиргааны эмзэг байдлыг багасгах, тодруулбал тэдгээр хүмүүсийн амжиргааны баталгааг нэмэгдүүлэх, холбогдох байгууллагуудын хүрээнд шаардлагатай механизмыг бий болгоход “Тогтвортой Амьжиргаа -2” төслийн хөгжлийн зорилго оршино. 

Төслийн 2 дах шатанд нь эхний шатанд 8 аймагт туршилтаар хэрэгжүүлсэн тогтвортой амьжиргааны стратеги, үйл ажиллагааны нааштай ололтыг бататган цаашид бүх аймгуудыг хамруулан хэрэгжүүлж орон нутгийн чадавхийг бэхжүүлэх юм. 

" Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн иргэд өөрсдөө тодорхойлсон орон нутгийн хамгийн хүндрэлтэй асуудлыг шийдэх, дэмжихэд голлон чиглэдэг нь "Тогтвортой Амьжиргаа" төслийн хамгийн чухал санаа юм.” гэж Төслийн Багийн Ахлагч, Дэлхийн Банкны Хөдөөгийн Хөгжлийн Ахлах Эдийн Засагч Натан Белете хэлэв. Тэрээр “Дэлхийн Банк нь Монгол улсын нийт хөдөө орон нутаг дахь амьжиргааны эмзэг байдлыг багасгахад чиглэсэн хамгийн боломжит механизмыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна” гэж тодотгон хэлэв. 

Төслийн нийт өртөг 51.40 орчим сая ам.доллар бөгөөд үүний 33,0 сая ам.доллар нь Дэлхийн Банкнаас хөнгөлөттэй зээл болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр, 15,0 орчим сая ам.долларыг Европын холбооноос буцалтгүй тусламжаар, мөн 3.4 сая ам. долларыг Монголын Засгийн Газраас тус тус санхүүжүүлэх юм. 

Төслийн үйл ажиллагаа нь дараах үндсэн 4 хэсгээс бүрдэнэ.Үүнд. 

Нэг. Бэлчээрийн эрсдэлийн удирдлага (БЭУ): Бэлчээрийн удирдлага, ашиглалтыг малчдын оролцоотойгоор сайжруулж, эрсдэлд бэлэн байх цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх замаар хөдөөгийн айл өрх, иргэдийн, ялангуяа малчдын амьжиргааг дээшлүүлэх, байгаль, цаг агаарын бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулах чадавхийг бэхжүүлэх. 

Хоёр. Иргэдийн санаачилга: Баг/хороо, сум/дүүргийн түвшинд иргэд, олон нийт нэн тэргүүний хэрэгцээгээ өөрсдөө тодорхойлсны үдсэн дээр төслийг сонгон шалгаруулж, хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлэх, үр ашигтай, ил тод, иргэдийн санаачилгад тулгуурласан оролцооны аргыг орон даяар нэвтрүүлж, орон нутгийн нийтийн  эзэмшлийн байгууламж болон өмчид хөрөнгө оруулах замаар  орон нутгийн иргэд, олон нийтийн чадавхийг бэхжүүлэх. 

Гурав. Бичил санхүүгийн үйлчилгээ: Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ  хязгаарлагдмал газар нутгуудад оршин сууж буй иргэдийг санхүүгийн тогтвортойүйлчилгээнд хамруулан улмаар  хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах. 

Дөрөв. Төслийн удирдлага: Төслийн удирдлага нь төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ажиллаж, өдөр тутмын ба санхүүгийн зохистой удирдлагаар хангах. 

Төслийг “Тогтвортой Амьжиргаа” төслийн нэгж, түүний дүүрэг, орон нутаг дахь салбар хэсгүүдээр дэмжуулан нийт Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.

Монгол улсын Сангийн Яам, холбогдох агентлагуудаас бүрдсэн Төслийн Удирдах Зөвлөл энэхүү төслийн хэрэжилтийг хариуцах юм. Төсөл нь 2007 оны 9 сараас 2011 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжинэ.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2007/06/19

Api
Api

Welcome