ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Хөрөнгийн урсгал ихээр нэмэгдэж байгааг зохицуулах нь хөгжиж буй орнуудын хувьд сорилт болж байна

2006.5.30




ТОКИО, 2006 оны 5-р сарын 30 — Дэлхийн банкнаас жил тутамд эрхлэн гаргадаг Даян дэлхийн хөгжлийн санхүүжилтийн тухай 2006 оны тайланд дурьдсанчлан хөгжиж буй орнууд руу чиглэсэн хувийн хөрөнгийн цэвэр урсгалын хэмжээ 2005 онд оргилдоо хүрч 491 тэрбум ам доллар болсон бөгөөд энэ нь өмч хувьчлал, компаниудыг нийлүүлэх, худалдан авах процесс, гадаад өрийн санхүүжилт болон Ази, Латин Америкийн дотоод валютын бондын зах зээлийг сонирхох хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгаа зэргээс үүдэлтэй.  Хөрөнгийн урсгалын оргил өсөлт, түүний дотор банкны зээл, бонд гаргалт өндөр хэмжээтэй байсан нь өнгөрсөн жил хөгжиж буй орнууд өндөр хөгжилттэй орнуудын дундаж өсөлт болох 2.8%-иас хоёр дахин их буюу 6.4%-ийн эдийн засгийн өсөлттэй байсантай давхцсан. 

Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засгийг хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхий эдийн засагч Франсуаз Бургиноны хэлсэнээр “Эдгээр өсөлтүүд нь хөгжиж буй олон орнуудад эдийн засгийн бодлого сайжирсан нь эерэг үр нөлөө үзүүлсэнийг илэрхийлж байна.Улс орнууд дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин сайжирсаны үр ашгийг хүртэжбайгаагийн зэрэгцээ олон улсын санхүүгийн интеграцчилал улам бүр ойртон нягтарч байгаагаас эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах хүнд сорилт хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчдын өмнө тулгарч байна.”

Нефтийн үнэ өндөр байгаа, дэлхий нийтээр зээлийн хүүгийн хэмжээ өсч байгаа, дэлхий нийтийн төлбөрийн баланс тэнцвэргүй байгаа зэргээс шалтгаалсан тодорхойгүй байдлыг үл харгалзан хөгжиж буй орнуудад орох хувийн хөрөнгө оруулалтын хэмжээнд огцом өсөлт гарсан.  Хөгжиж буй орнуудад оруулсан хувийн хөрөнгийн өрийн урсгал 2003 онд 85 тэрбум ам доллар байсан бол 192 тэрбум орчим ам доллар болтлоо нэмэгдсэн бөгөөд энэ нь дэлхий нийтийн хэмжээнд түргэн борлогдох чанар хангалттай сайжирч, хөгжиж буй орнуудын кредитийн чанар сайжран, чинээлэг орнууд дахь хөрөнгө оруулалтын ашиг буурч, шинэ тулгар хөгжиж буй зах зээл дээрхи хөрөнгийг сонирхох  хөрөнгө оруулагчдын сонирхол улам бүр өсч байгаагаас үүдэлтэй. Хөгжиж буй олон орнуудын бондын эрсдэлийн тархалт хамгийн доод хэмжээндээ хүрсэний дагуу кредитийн түвшний үнэлгээ нь сайжирч, улмаар 2004 онд бонд гаргалт нь 102 тэрбум ам доллар байсан бол 2005 онд 131 тэрбум ам доллар хүртэл нэмэгдүүлэх боломжтой болсон.

Эдгээр нааштай үзүүлэлтийн нөлөөгөөр 2005 онд бага болон дунд орлоготой орнуудын ДНБ-ий өсөлт урьдчилсан байдлаар 6.4%-д хүрсэний дотор 9.9%-ийн өсөлттэй Хятад, 8%-ийн өсөлттэй Энэтхэг голлох байр суурийг эзэлж байна. Харин энэ хоёр орноос бусад нефть импортлогч хөгжиж буй орнуудын өсөлт 2004 онд 5.7% байсан бол буурч 4.3% болсон. Хөгжиж буй бүх орнуудад 2008 он хүртэл хугацаанд өсөлт 5%-иас дээш байх төлөвтэй бөгөөд харин Латин  Америк, Карибын тэнгисийн орнуудын өсөлт 3.8% болох төлөвтэй байгаа.

Тайлангийн эдийн засгийн төлөв байдал гэсэн хэсгийг бэлтгэсэн Дэлхийн банкны Дэлхийн нийтийн чиг хандлагын багийн менежер Ханс Тиммерийн хэлсэнээр “Ирэх хоёр жилийн хугацаанд хөгжиж буй ихэнх орнуудад нефтийн үнийн өсөлт, зээлийн хүүгийн өсөлт, инфляцийн дарамт эдийн засгийн өсөлтийг хязгаарлах төлөвтэй хэдий боловч тэдгээр орнууд өндөр орлоготой орнуудын өсөлтөөс давсан хэмжээний өсөлттэй гарах төлөвтэй байна. Хөгжиж буй орнуудын урсгал дансны алдагдал бүхэлдээ баланслах түвшинд ойрхон байгаа боловч нефть импортлогч орнуудын алдагдал нэлээд хэмжээгээр нэмэгдсэн нь нефтийн үнийн өсөлт, нэлээд тохиолдолд хэт өндөр өсөлттэй холбоотой”.

Хөрөнгийн урсгалын огцом өсөлт нь түүнчлэн хөгжиж буй орнуудын хоорондын худалдааны  урсгал, санхүүгийн интеграцчилал нэмэгдэж байгаатай холбоотой. Өмнөдөөс өмнөдийн хоорондын худалдаа 1995 онд 222 тэрбум ам доллар байсан бол 2004 онд 562 тэрбум ам доллар болж нэмэгдэн, 2004 онд хөгжиж буй орнуудын нийт худалдааны эргэлтийн  26%-д хүрсэн. Өмнөдөөс өмнөдөд хийх гадаадын шууд хөрөнгө оруулалт мөн нэмэгдэж, 1995 онд 14 тэрбум ам доллар байсан бол 2003 онд 47 тэрбум ам доллар болсон нь хөгжиж буй орнуудын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 37%-д хүрсэн.

Дэлхийн нийтийн хөгжлийн санхүүжилтийн тухай 2006 оны тайлангийн голлох зохиогч Мансур Дайламигийн хэлсэнээр “Өмнөдөөс өмнөдөд чиглэсэн энэ урсгал нь нийт хувийн хөрөнгө оруулалтын урсгалын харьцангуй бага хувийг эзлэх боловч ялангуяа хэрэв хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өндөр хөгжилтэй орнуудын өсөлтийг давсан хэвээр байвал хөгжлийн санхүүжилтийн дүр төрхийг өөрчлөх боломжтой”.

Өмнөдөөс өмнөдөд чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нэлээд хэсгийг дундаж орлоготой орнуудын компаниудаас хийсэн хөрөнгө оруулалт эзэлж байгаа бөгөөд тэдгээр хөрөнгө оруулалтыг тухайн бүс нутагтаа хийж байна. Жишээ нь ОХУ, Унгарын компаниуд зүүн Европ, төв Азийн орнуудад, өмнөд Африкийн компаниуд өмнөд Африкийн бусад орнууддаа хийж байна. Харин Хятадын гадаадын шууд хөрөнгө оруулалтын тэн хагас орчим хувь нь Латин Америк дахь байгалийн баялагийг ашиглах төслүүдэд зориулагдсан байна.

Дэлхий нийтийн хөгжлийн санхүүжилтийн тайланг боловсруулдаг Дэлхийн банкны Хөгжлийн төлөвийн группын захирал Ури Дадушийн хэлсэнээр “Эдийн засгийн энэ нааштай гүйцэтгэл нь сайн бодлоготой холбоотойн зэрэгцээ энэ нь гадаад нөхцөл байдал нааштай байгаатай мөн холбоотой боловч гадаад нөхцөл байдал сулрах төлөвтэй. Хөгжиж буй олон орнууд нефтийн үнийн өсөлт, эдийн засгийн хурдан өсөлтийг хангахын тулд төсвийн илүүдэл болон бусад нөөц бололцоогоо зарцуулж дууссан. Үүний улмаас эдгээр орнууд цаашид гарч болзошгүй цочролуудад эмзэг өртөмтгий хэвээр байсаар байна.”

Хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгийн урсгал өсөн нэмэгдэж буй өөдрөг чиг хандлагын зэрэгцээ эдгээр орнуудад кредит авах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Хятад, Чили, Унгар, Малайз, Мексик, Польш, ОХУ, Тайланд зэрэг орнууд багтсан нэг групп орнууд 2002 оноос хойш бонд гаргаж, хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн үнэлгээний түвшинд үнэлэгдэн, хөгжиж буй орнуудын ерөнхий дундаж үзүүлэлтээс доогуур бондын тархалттай байна. Хоёр дахь группын орнууд экспорт, гадаад гуйвуулага буюу олборлох үйлдвэрлэл зэргээс орох орлогын урсгал нь сайн тодорхойлогдсоны улмаас банкны зээл авах боломжтой боловч бондын зах зээлд нэвтрэх боломжгүй. Гурав дахь группын бага орлоготой орнууд богино хугацааны худалдааны санхүүжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас бусад хэлбэрийн хувийн хөрөнгө оруулалт авах боломжгүй, урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ хангахдаа албан ёсны тусламж, санхүүжилтээс голчлон хамааралтай байдаг.

Энэ сүүлчийн группын орнууд хөгжлийн тусламж, өр чөлөөлөх арга хэмжээний үр ашгийг хүртэж байдаг. Тэдгээр орнуудад үзүүлэх хандивлагчидийн хөгжлийн албан ёсны тусламж 2001 онд тэдгээр орны Үндэсний нийт бүтээгдэхүүний 0.21% байсан бол 2005 онд 0.33%-д хүргэж нэмэгдүүлсэн нь 1990-ээд оны эхэн үед 0.34% байсантай дөхөж байна. 27 тэрбум ам долларын өсөлтийн ихэнх нь Ирак, Нигер гэсэн хоёр орны өрийг чөлөөлсөнтэй холбоотой. Гэвч хандивлагчид дэмжлэг туслалцаагаа нэмэгдүүлэх чиг хандлагатай байгаа нь харагдаж байна. Өр чөлөөлөх арга хэмжээ буурсанаас хөгжлийн албан ёсны тусламж 2006-2007 онд буурах магадлалтай боловч 2010 онд Үндэсний нийт бүтээгдэхүүний 0.36%-тай тэнцэх хэмжээнд хүртэл алгуураар нэмэгдэнэ. Хандивлагчид 2010 он гэхэд хөгжлийн албан ёсны тусламжид төлөвлөж буй 50 тэрбум ам долларынхаа наад зах нь тал хувийг дэд Сахарын Африкийн орнуудад хуваарилахаар төлөвлөж байгаа нь энэ бүс нутагт оруулах тусламжийг хоёр дахин нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ Маш их өртэй ядуу орнуудын өрийг чөлөөлөх санаачлага болон Олон талт өр чөлөөлөх санаачлагын хүрээнд авах өр чөлөөлөх арга хэмжээ нь энэ ангилалд хамаарах ядуу орнуудын өрийн үйлчилгээний зардлыг ихээхэн бууруулж, мянганы хөгжлийн зорилтуудыг хангахад нь шаардагдах нэмэлт санхүүжилт болох боломжоор хангана.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/05/30

Api
Api

Welcome