ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Дэлхийн Банкны Алтан Анжис Шагналын Эзэн

2006.5.12



2005 оноос Монголд хэрэгжиж эхлээд байгаа Малын Индексжүүлсэн Даатгал (МИД) төсөл Дэлхийн Банкны 2006 оны “Алтан Анжис” шагналын эзэн болжээ. Дэлхийн Банкнаас дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй төслүүдийн дунд зарлан, шалгаруулсан энэхүү уралдаан нь хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжилийн асуудалд шинэлэг санаачилга нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан үзүүлэлтийг ийнхүү өндөрөөр үнэлжээ.   Эцсийн шалгаралтуулалт БНХАУ, БНЭУ, Киргиз зэрэг улсуудын төсөлтэй өрсөлдөн ялагчаар тодорсон юм. 

МИД төсөл нь индекст суурилсан буюу тодорхой нутаг дэвсгэрийн статистик үзүүлэлтэд үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолох өвөрмөц аргыг Монгол орны бэлчээрийн мал аж ахуйд туршин нэвтрүүлэхээр зорьж байгаа. “Энэхүү даатгалын төрөл нь шинэлэг буюу дэлхий дээр мал сүргийг индексжүүлэн даатгах анхдагч нь болж байгаа юм. Энэ шинэлэг хандлага нь тус төслийг “Алтан Анжис” шагналын эзэн болоход голлон нөлөөлсөн нь гарцаагүй гэж” Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын ажилтан, хөдөөгийн хөгжлийн мэрэгжилтэн Д. Баярцогт тайлбарлав. 

1999-2002 онд Монгол оронд болж өнгөрсөн ган зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож 333 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Малчин өрхүүдийн аж ахуй, амьжиргааны эх үүсвэрийг байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор  Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын хандивлагч нар хамтрсан судалгааг 2001 оноос эхлэн хийж, өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр Монгол Улсын хувьд тохиромжтой болохыг тогтоосон байна. 

Энэхүү даатгалын хэлбэрийг амжилттай нэвтрүүлэх нь малчдын амжиргааны эмзэг байдлыг бууруулж, тогтвортой болгох, даатгалын компаниуд энэ өвөрмөц аргачлалаар малыг даатган зах зээлийн зарчмаар цаашид хөгжих боломжийг бүрдүүлэх, зуд болон байгалийн гамшгийн үед төрийн буюу олон нийтийн үүрэг ачааг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой юм. 

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн (ОУХА) хооронд 2005 оны 6 дугаар сарын 17-ны  өдөр “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн Хөгжлийн зээлийн гэрээ байгуулагдаж улмаар төслийн үйл ажиллагаа албан ёсоор 2005 оны 9 дүгээр сарын 15-аас эхэлжээ. Төсөл 2009 оныг дуустал хугацаанд туршилтын 3 аймагт /Увс, Баянхонгор, Хэнтий/ хэрэгжинэ. 

Төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Дэлхийн Банкны ОУХА-ын 7.8 сая ам.долларын нөхцөлт зээл болон Япон Улсын Засгийн газраас /PHRD/ олгож буй 1.3 сая ам.доллар, “FIRST Initiative” олон улсын байгууллагын 556 мянган ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газраас 322.9 мянган ам.долларын хөрөнгийг санхүүжүүлж байгаа болно. 

Төслийн хүрээнд 2006 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн, сонгон шалгарсан гурван даатгалын компаниудын эрх бүхий төлөөлөгчдөөр дамжуулан малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнүүдийг орон нутагт борлуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба борлуулалт 4 дүгээр сарын 15-аас жигдрэн орон нутагт даатгалд хамрагдах үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Одоогийн байдлаар төсөл хэрэгжиж буй 3 аймагт нийтдээ 50 орчим өрхийн 3400 гаруй малыг даатгалд хамруулаад байна. Борлуулалт 2006 оны 7 дугаар сарын 10-ыг хүртэл үргэлжилнэ. 

“Алтан Анжис” шагналыг гардуулах үйл ажиллагаа нь 2006 оны 5 сарын 12-нд буюу Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн хөдөөгийн хөгжлийн салбарын менежер хатагтай Хүүнэе Ким Монголд айлчлах үер зохион явагдах юм байна.

Холбоо барих
Хаана Улаанбаатар
Ж. Сүнжидмаа
Утас: (976 11) 312647 ext-207
sjamba@worldbank.org

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №:
2006/05/12

Api
Api

Welcome