САНАЛ БОДОЛ

Ирээдүйгээ бүтээх Монголын боломж

2014.12.11


Аксел ван Троценбург news.mn

Аксел ван Троценбург, Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч

“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйг” Монголын нэгэн зүйр үг бидэнд сануулж байдаг. Нэг жил гаруйн өмнөхөн Монголд ирснээс хойш эдийн засагт нь гарсан өөрчлөлтүүдээс энэ зүйр цэцэн үг хичнээн үнэн болохыг харлаа.  Тэр үед эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэсэн уул уурхайн огцом өсөлт ид өрнөн, ирээдүйд олох орлогыг хэрхэн зарцуулах  болон  ихээхэн хэрэгцээтэй байгаа хүний болон биет капитал руу хөрөнгө оруулах тухайд ихээхэн анхаарал, хүчин чармайлт төвлөрч байсан билээ.

Өнөөдөр тэрхүү огцом өсөлт, түүнийг дагасан сэтгэл хөөрөл хэдийн болоод өнгөрсөн мэт санагдана. Өсөлт нэлээд удаашран, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан, Монгол улс гадаад валютын нөөцийн бууралт, улам бүр  нэмэгдэж буй төсвийн алдагдлыг даван туулахыг хичээж байх зуур инфляци хоёр оронтой тоонд хэвээр байна.

Үүнд түүхий эдийн үнэ буурсан, Монгол улсын худалдааны түншүүдийн өсөлт удааширсан зэрэг гадаад хүчин зүйлс ч хувь нэмрээ оруулсан. Зах зээлийн хүчин зүйлст  эмзэг байдаг нь байгалийн баялагт түшиглэсэн эдийн засагтай бүх улс орнуудад тулгарч буй эрсдэл юм. Байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн мөчлөгт шинж чанарыг амжилттай удирдахын тулд эдийн засаг сайн байх үед төсвийн сахилга батыг хатуу сахих нь чухал. Цагийн сайнд сахилга батыг чанд мөрдсөн, байгалийн баялаг ихтэй улс орнууд байдал хэцүүдэх үед  зайлшгүй тулгарах эдийн засгийн өгсөлт, уруудалтыг даван туулах илүү нөөц бололцоо, хувилбартай байдаг. Хэлэхэд амар ч хийхэд хэцүү гэгчээр эдийн засаг эрчимтэй өсч  байх үед  энэ сайхан цаг төгсөх тухай хэн ч төсөөлөхийг хүсдэггүй. Гэвч ийм цаг ирэхэд ирээдүйнхээ  төлөө хуримтлал хийж чадсан улс орнууд л байгалийн нөөцөд  тулгуурласан эдийн засгийн өсөлт, бууралтыг илүү удирдаж чаддаг. 

Ийм стратегийн гол цөм нь байгалийн нөөцийг ид ашиглах үед олсон  нэмэлт ашгийг ухаалгаар, үр ашигтай хэрэглэх итгэлийг бий болгох шаардлага юм. Ийм итгэлийг олж авах нь амар биш, бүх улс орнууд үүний төлөө ихээхэн чармайх хэрэгтэй болдог, гэхдээ хийж чадах зүйлс бий. Монгол улс засаглалын тухайд аль хэдийн хүрсэн ахиц дэвшлээ гүнзгийрүүлэх нь нэн чухал. Ил тод байдлыг бэхжүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг удирдах, авлигатай тэмцэх зэрэг нь байгалийн баялагт түшиглэсэн макро эдийн засгийг зохистой удирдах улс төр, нийтийн зөвшилцөлд хүрэхэд чухал тэрхүү итгэлийг бий болгоход  тусална. Эцэст нь, хөгжил гэдэг бол хүмүүсийн тухай,  хүн амын амьдралын  сайн сайхан  байдлыг сайжруулах тухай асуудал юм. Эдийн засгийг төрөлжүүлснээр байгалийн нөөцийн өсөлт-бууралтын мөчлөгийн далайцыг бууруулаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт болон ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах явдал, мөн итгэлийн хоорондын уялдааг бэхжүүлж өгнө.

Дуулгах сайн зүйл гэвэл үүнийг хэрэгжүүлэх боломжтой бодлогын хувилбарууд байдаг. Байгалийн баялгийн үр өгөөжийг хүн амдаа урт хугацааны туршид оновчтой хүртээх бодлогыг хэрхэн ил тод, амжилттай хэрэгжүүлж болохыг Чили, Норвеги зэрэг улс орнууд харуулсан билээ. Үүнээс гадна, Монгол Улс ийм хүчин чармайлт гаргахдаа Дэлхийн банк зэрэг хоёр талын болон олон талт түншүүдийнхээ дэмжлэгт найдаж болно.  

Хүмүүсээ ядуурлаас гарахад нь тусалдаг,  Монголын хөгжлийн үр шимийг нийт хүн ам нь хүртдэг,  олон талт эдийн засгийн өсөлтөө дахин сэргээх  боломж Монгол улсад бий.  Үүний тулд хамтын хүч чармайлт гарган, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийг сайжруулах, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийнхүү хүчин зүтгэсний хариуд цахилдаг дахин хөхрөх болно.  


Api
Api