Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

САНАЛ БОДОЛ

МАЛЧИДТАЙ АДИЛ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД БИД Ч БАС БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

2010.2.01


Аршад Саиед, Рожер ван ден Бринк



Аршад Саиед, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч
Рожер ван ден Бринк , Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч

2-р сар 01, 2010 -- Энэ өвөл Монголын малчид хатуу сургамж авлаа. Энэхүү сургамжийг Монголын эдийн засгийг удирдахад ашиглаж болох юм.

Энэ жилийн өвөл өмнөх жилүүдийнхийг бодвол тун хатуу өвөл болж байна. Монгол улсын 21 аймгийн 19-д нь зуд болж энэ нь малчдад маш хүндээр тусч байна. Их цас, хүйтэн жавар, удаан хугацаагаар хэвийн хэмжээнээс илүү хүйтэн байгаа зэргээс болж зарим малчин өрхүүдийн малын 70 орчим хүртэл хувь зуданд хорогдоод байна. Зуднаас болж малчин өрхүүд, сум, аймаг орон нутаг, улс орон бүхэлдээ ойрын хэдэн жилдээ хүндрэлтэй байх болно.

Сайн төлөвлөж, сайн бэлтгэлтэй байсан бол зудыг хохирол багатай давж гарах боломж байсан уу? Тиймээ, байсан.

1990 онд Социалист системээс зах зээлийн эдийн засагт шилжихийн өмнө Монгол улсын Засгийн газар, нэгдлүүд өнтэй жилүүдэд бэлчээрийн газраа хадгалах, өвс тэжээлийн хангалттай нөөцийг бэлдэх зэргээр урьдчилан сайн арга хэмжээ авдаг байсан. Хамтдаа дараа жилийн зуддаа бэлддэг байсан. Харамсалтай нь 1990 оноос хойш хамтаараа ийм арга хэмжээ авахаа больсон. 1990 оноос өмнөх үетэй харьцуулахад одоо зудад хорогдож буй малын тоо толгой ихсэж байгаад гайхаад байх зүйл алга байна.

Малчдын хувьд бий болоод байгаа хатуу өвөл, зудад төлөвлөлт, бэлтгэл муутай хандаж байгаа нь Монгол улсын эдийн засгийг удирдан явуулахад төлөвлөлт, бэлтгэл муутай хандаж байгаатай зүйрлэж болохоор бөгөөд үүнээс сонирхолтой дүгнэлт  гаргаж болохоор байна. Зуны таатай сарууд, эдийн засаг, санхүүгийн тааламжтай үеүд нь тайвширч амрах цаг хугацаа биш харин бэлтгэлээ сайн хангах цаг хугацаа юм.

Түүхий эдийн үнэ өсөх, буурах үед байгалийн баялаг ихтэй Чили улсын эдийн засаг өсч, буурах байдлаар олон жилийн  турш хэлбэлзэлтэй явж ирсэн. Гэхдээ тэнцвэржүүлсэн төсвийн тэнцлийн журмыг нэвтрүүлснээс хойш эдийн засгийн өсөлт, бууралтаас болж Чили улсын эдийн засаг савлаж байдаг байдал буурсан байна.

2001 онд Чили улсад хэрэгжүүлсэн төсвийн дүрэм нь энгийн, ойлгомжтой бөгөөд ил тод байсан. Тус улсын төсвийн зарлага нь одоо бодит орлогод бус түүхий эдийн олон жилийн үнийн төсөөлөл дээр тулгуурлаж байна. Энэ нь үнийн өсөлтийн үед бий болсон орлогыг хуримтлуулж, хямралын үед хуримтлуулсан хөрөнгөө зарцуулах боломжийг бий болгосон.

Үүний үр дүнд Чили болон Төсвийн Тогтвортой Байдлыг Тухай хуулийг хэрэгжүүлсэн олон орнууд дэлхийн санхүүгийн хямралд харьцангуй бага өртжээ. Монгол улстай харьцуулахад эдгээр орнууд бэлтгэл сайтай байсан байна.

Бэлчээр, тэжээлийн зохистой менежмент нь малаа сайн өсгөхөд чухал байдагтай адил төсвийн сайн удирдлага нь Монгол улс эрүүл эдийн засагтай байхад тун хэрэгтэй. Өвс тэжээлээ сайтар нөөцөлж базаах, бэлчээрийн нөөц газартай байх нь мал сүргээ хатуу өвөл, зудны үеэр онд мэнд оруулахад сайнаар нөлөөлнө. Үүнтэй адил төсвийн Тогтвортой Байдлын Тухай хуультай болсноор бий болох санхүүгийн хөрөнгийн хуримтлал нь дотоодын валютын тогтвортой байдлыг хангах, Монгол улсын хүн амд ялангуяа ядуу бүлгийн хүмүүст төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломжийг хангах, Монгол улсын эдийн засаг эрүүл байх нөхцөлийг олгоно.

Санхүүгийн төлөвлөлт, бэлтгэлийг сайтар хангахын ач холбогдол, үнэ цэнийг хэр зэрэг ухаарч хүлээн авах нь одоо Улсын Их Хурлын шийдэх асуудал юм. Удахгүй Монгол улсад Төсвийн Тогтвортой Байдлын Тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийн төслөөр тэнцвэржүүлсэн төсвийн дүрмийг мөрдөхийг санал болгож байна. Монгол улсын ирээдүй үеийнхэнд үр өгөөжөө өгөх ийм хуулийг хэрэгжүүлэх боломжийг УИХ алдвал маш их харамсалтай байх болов уу.

“Сайн малчны өмнө зуд сөхөрнө, Саар малчны өмнө зуд асна” гэж монголчууд хэлдэг.

Api
Api