Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ 2020.11.05

Монгол Улсад хакатон уралдаан Z үеийнхнийг нийгмийн эгэх хариуцлагын төлөө идэвхжүүлэв


Халуун усанд орно гэдэг олон хүний хувьд байдаг л нэг энгийн зүйл мэт боловч Монголын хамгийн алслагдсан аймгийн нэг болох Ховдын оюутнуудын хувьд эрүүл мэнд, эрүүл ахуй, амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөхүйц асуудал байлаа.

“Би халуун усгүй дотуур байранд хоёр жил амьдарсан. Хэдий хэцүү байсан ч үүнийг асуудал болгож тавьдаг хүн өмнө байгаагүй,” гэж Ховдын Их Сургуулийн оюутан Ц.Болортуяа хэлээд “Энэ байдалд бидэнд бүгдэд нь таалагддаггүй байсан ч бүгд л нөхцөл байдалтайгаа эвлэрэн, халуун усгүй амьдарч дадсан байсан,” гэв.

Гэвч багш, сурган хүмүүжүүлэхийн чиглэлээр суралцаж буй хэсэг оюутнууд Дэлхийн Банкны Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн (МУНЭХБТ) хүрээнд 2019 онд зохион байгуулагдсан залууст чиглэсэн хакатон уралдаанд уг асуудлыг шийдвэрлэхээр хүчээ нэгтгэснээр нөхцөл байдал өөрчлөгдөж эхлэв.

Тус төслөөс 2016 онд хийсэн суурь судалгаагаар Монгол орны “Z үеийнхэн” буюу 18-24 насны залуус төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамгийн бага оролцоотой байдгийг тодорхойлсон. Мөн өөрт тулгамдсан асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийлж, цааш уламжлах нь хамгийн бага байна. Үүнээс гадна нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголт, мэдлэг нийт хүн амын дунд хомс байдаг буюу иргэд дуу хоолойгоо хүргэх тодорхой арга механизм, сувгуудыг мэддэггүй тул шийдвэр гаргах үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож чаддаггүй гэдгийг судалгаагаар тогтоосон билээ.

Уралдаанаас үйл ажиллагаанд

Дэлхийн Банк хакатон уралдаанаар дамжуулан оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, өөрт тулгамдаж буй асуудлыг гартаа аван шийдвэрлэхэд нь туслахаар ажиллав. Хакатонд оюутнууд баг бүрдүүлэн оролцон, эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлаа тодорхойлох, улмаар нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслээр тухайн асуудлыг бүтээлчээр шийдэх арга замыг боловсруулах боломжийг олгосон билээ.

“Оюутнууд суралцаж буй орон нутагтаа түр оршин суугчийн статустай амьдардаг тул эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй үлдэх нь элбэг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийн талаар мэдлэг мэдээлэл бага байдаг учраас энэ салбарын асуудлыг хакатон уралдааныхаа сэдэв болгон сонгосон” гэж Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн багийн ахлагч Доржийн Амарбаясгалан өгүүлэв. “Нөгөө талаас залуус ерөнхийдөө эрүүл чийрэг байдаг тул элдэв өвчний талаар гомдоллох ёсгүй гэсэн хэвшмэл ойлголт залуу үеийнхнийг эрүүл мэндийн үзлэгт тогмтол хамрагдаж чадахгүй, даатгалаас гадуур үлдэхэд нөлөөлж байна,” гэв.

Орон нутгийн оюутан залуучуудын оролцоог хангах, хамруулах үүднээс нийслэлээс гадна таван аймагт суралцаж буй  оюутнуудыг мөн оролцуулав.

Хакатонд нийт 20 их, дээд сургуулийн 300 оюутан оролцож, өөрсдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх 108 төслийн саналыг танилцууллаа. Хакатон уралдаанаас 12 багийг шалгаруулж, төслөө хэрэгжүүлэх гарааны санхүүжилт олгосон юм. Багууд төсөл, санаачилгаа орон нутагтаа Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн дэмжлэг, зөвлөмжтэй хэрэгжүүлэхээр ханцуй шамлан ажилласан билээ.

“Одоогийн Z үеийн залуучууд мань бага наснаасаа интернеттэй харьцаад сурчихсан байдаг. Иймд бид өмнөх туршлагадаа үндэслэн залуучуудыг өргөнөөр оролцуулахын тулд нийгмийн сүлжээнүүдийг голлон ашигласан.” гэж залуучуудын дэд төслийг хэрэгжүүлсэн Монголын Эдийн засгийн судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэлэв.


Image

Өөрчлөлт хийх чадавх

Нийслэлээс оролцсон нэг баг оюутан залуусын дунд түгээмэл тохиолддог боловч төдийлөн анхаарал хандуулдаггүй эрүүл мэндийн асуудал болох нойргүйдлийг хөндөн төслийн санал танилцуулсан юм. Өөр нэг баг сургууль дээрээ урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгийг тогтмолжуулж, бүх оюутныг хамруулах арга зам боловсруулжээ.

“Бидэнд хэрэгтэй зүйлсийг бид нар биш өөр хүмүүс хийгээд байгаа болохоор тэр шийдвэр гаргадаг хүмүүс бидний асуудлыг үнэхээр мэдэж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс бид тулгамдсан асуудлуудаа шийдвэр гаргагчдад хүргэх, харилцан зөвшилцөж байж шийдэл олох нь чухал байна. Ингэж л эерэг өөрчлөлт гаргана гэдгийг энэ төсөл надад ойлгууллаа” гэж Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн гуравдугаар курсийн оюутан Б.Бямбасүрэн ярив.

Ховд аймагт, халуун усны асуудлыг оюутнууд сургуулийнхаа удирдах зөвлөлд хүргэснээр дотуур байрны халуун усны сүлжээг засаж, бүрэн ажиллагаатай болгов. Санхүүжилтийг сургуулийн төсвөөс гаргасан. Халуун усны өрөөнд агааржуулалт муу зэрэг шийдэгдээгүй үлдсэн зарим асуудал  байсаар байна. Иймд оюутнуудын зүгээс тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт тавин, тууштай хөөцөлдсөөр байна.

“Дэлхийн Банкны дэмжлэгтэй залууст чиглэсэн дэд төсөл нийгмийн эгэх хариуцлага, түүний арга хэрэгслийн талаарх мэдлэг, туршлага олоход нь залуучуудад тусалсан. Залуучууд эрүүл мэндийнхээ асуудалд эзэн болж, холбогдох эрх бүхий байгууллагуудад асуудлыг тавьж, эерэг өөрчлөлт гартал идэвхтэй ажилллаж байгааг харахад таатай байна” гэж Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцлов.

Дэлхийн Банк, Швейцарын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг хамтран санхүжүүлсэн Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн эхний шат 2015 – 2019 онд 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжсэн билээ.



Api
Api