Мэдээллийг нээлттэй болгох нь иргэн, төр хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газар нь төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байлгах, ялангуяа улсын төсвийн орлого, зарлага, өр зээл зэрэг төрийн санхүүтэй холбоотой мэдээллийг ил тод болгох нь төрийн үйлчигээг иргэдэд хүргэх, төрийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох, мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд үлэмж нөлөө үзүүлэх боломжтой.
Төрийн санхүүг нээлттэй байлгах зарчим нь Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан байдаг бөгөөд тэр дундаа төсөв, аудит болон хууль боловсруулах үйл явц дахь ил тод байдал, иргэдийн оролцооны талаар тодорхой зүйл заалтууд орсон байдаг. Сангийн яамнаас манлайлан дэс дараатай арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэн, төсөв, санхүүгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь, иргэдэд ойлгомжтой хэлбэрээр, хэд хэдэн сувгаар хүргэдэг боллоо. Ингэснээр ил тод байдлыг эгэл жирийн иргэдийн амьдралд ойртуулах чиглэлээр үр дүн гарч байна.
Хоёр жил тутамд гардаг “Нээлттэй төсвийн судалгааны” 2019 оны тайлан нь дээрх хүчин чармайлтууд тодорхой үр дүнд хүрснийг нотолж байна. Дэлхийд цорын ганц, хараат бус хэмээн тооцогддог уг судалгаа нь улс орнуудын төв засгийн газрын төсвийн хариуцлагын түвшинг Ил тод байдал, Төсвийн үйл явц дах иргэдийн оролцоо, Төсвийн хяналт гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр үнэлж, эрэмбэлдэг юм. Тус судалгааны дата мэдээлэлд үндэслэн гардаг Төсвийн нээлттэй байдлын индексээр Монгол Улс нийт авах ёстой 100 онооноос 2017 онд 46-г авсан бол 2019 онд тус оноо 56 оноо болж өссөн нь хоёр жилийн хугацаанд даруй 20 гаруй хувиар ахисан амжилт боллоо. Судалгаанд хамрагдсан орнууд дунд Төсвийн нээлттэй байдлын индексээ үнэлгээний нэг үе дотор ийнхүү дорвитой ахиулсан туршлага ховор байдаг.
“Төсвийн ил тод байдлыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төр, иргэдийн хооронд бат бөх түншлэлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар онцлон тэмдэглэв. Тэрээр “Иймээс иргэд төсвийн мэдээллийг нээлттэй, ойлгомжтой байдлаар тогтмол хүлээн авах боломжийг бий болгохоор Монгол Улсын Засгийн газар тууштай ажиллаж байна. Олон улсын хэмжээний энэхүү судалгаанд Монгол Улс тодорхой ахиц гаргасанд Сангийн яам баяртай байгаагийн зэрэгцээ цаашид энэ чиглэлд улам ахиц гаргахад анхаарал хандуулан ажилласаар байх болно” гэв.
Монгол Улс уг судалгаагаар ийнхүү оноогоо ахиулахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсвийн мэдээллийг цаг тухайд нь цахимаар нийтэлдэг болсон явдал юм. Батлагдсан төсөв болон “Иргэдийн төсөв” товхимлыг бэлтгэн гаргаж, цахимаар нийтэлдэг болсон нь ч Төсвийн нээлттэй байдлын индексийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан. УИХ-д төсвийн төслийг өргөн барих үед ийнхүү ирэх оны төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар 2018 оноос хойш бэлтгэн гаргаж байна.