Тойм
"Шувууны болон хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл" (2008.08-2011.11) нь Монгол улсын онцгой байдлын салбарууд, нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны болон мал эмнэлгийн байгууллагуудад хэрэгжиж , гарч болох халдварт өвчин тухайлбал шувууны томуу, хүний томуугийн цартахлыг оношлох, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлсэн.
Анх удаагаа “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн бөгөөд онцгой байдал, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналт зэрэг олон салбарууд өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах асуудлыг хамтран төлөвлөх, сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах зэргээр үндэсний болон орон нутгийн түвшинд хамтран ажилласан.
Тулгамдсан асуудлууд
Монгол улс нь далайд гарцгүй, Хятад болон Орос улстай хиллэдэг. Энэ хоёр оронд хоёуланд нь хүн өвчлүүлдэг өндөр хоруу чанар бүхий шувууны томуу өвчин бүртгэгдсэн. Тиймээс Монгол улс нь энэхүү өвчний эрсдэлтэйд тооцогдох болсон.
Монгол улс нь шувууны томуугийн хувьд дэлхийн хэмжээнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Жил бүр хэдэн сая нүүдлийн шувууд үржлийн улиралд Арктик руу харин өвөлжих гэж урд зүг рүү нүүдэллэхдээ Монгол орныг дайран өнгөрдөг.Энэхүү нүүдлийн шувуудад мониторинг хийх нь Монгол улсын хувьд чухал ажил юм.
Энэхүү өвчин гарсантай холбогдуулан, Монгол улсын Засгийн Газар 3 жилийн Шувууны томуу болон хүний томуугийн цартахалтай тэмцэх үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэхүү стратегид хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр Дэлхийн Банкинд хүсэлт тавьсны дагуу үнэлгээг 2007 онд хийсэн. Энэхүү үнэлгээнд Монгол улсын хувьд өвчинтэй тэмцэх бэлэн байдлын хувьд дэвшил гарч байгаа хэдий ч өвчний үед техникийн, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхи муу байгааг тэмдэглэсэн байдаг.
Хандлага
Төсөл нь Шувууны томуу болон хүний томуугийн цартахлын үеийн бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлдэг гол салбарууд болох Онцгой байдлын Ерөнхий Газар (ОБЕГ), Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны Мал эмнэлгийн газар (МЭГ), Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) болон тэдгээрийн орон нутгийн салбаруудын чадавхийг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Төсөл нь бодлого боловсруулагчид, албан хаагчдын дундах сэрэмжийг өндөржүүлэх, өвчинтэй холбоотой одоогийн бодлого, зохицуулалтын бичиг баримтыг хянах, сайжруулах, удирдлага, хяналтын босоо тогтолцоог олон улсын туршлагад үндэслэн сайжруулах, стандарт үйл ажиллагааны журмыг боловсруулах зэргийг зорилгоо болгосон.
Түүний зэрэгцээ, төсөл нь улсын хэмжээнд компьютерт суурилсан эрт сэрэмжлүүлэх, тандалтын тогтолцоог бий болгох, техникийн чадавхийг бэхжүүлэхийн тулд салбаруудын хариу арга хэмжээний багийг тоног төхөөрөмжөөр хангах,өвчний дэгдэлтийн үед хамгийн их оролцдог олон нутгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн халдварын хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.