ӨГҮҮЛЭЛ

Монгол Улсын Эдийн Засгийн Улирлын Тойм: 2011 ОНЫ 8-Р САР

2011.8.24


Эдийн засгийн нийт өсөлт

  • Монгол Улсын эдийн засаг 2011 онд эрчимтэй өсч байна.   Оны эхний улиралд 9.9 хувийн өсөлттэй гарсан эдийн засаг 2-р улиралд өмнөх оны мөн улиралтай (ӨОМУ) харьцуулахад маш өндөр түвшин болох 17.3 хувиар өссөн байна.
  • Тээврийн салбар 39.9 хувь, барилгын салбар 38.4 хувиар тус тус өссөн бол хүн амын орлого нэмэгдэж хэрэглээ нь тэлсний үр дүнд  жижиглэн болон бөөний худалдаа 24.7 хувиар өсчээ.
  • Уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарууд  2-р улиралд  8.3 хувь, 12.9 хувиар тус тус өссөн амжилт гарсан байна 

Хөдөлмөрийн зах зээл ба ядуурлын түвшин

  • 2010  оны  12-р  сард  13 хувьтай байсан  ажилгүйдлийн  түвшин  энэ  оны  6-р сард  8.7 хувь болон  буурчээ. 
  • Мэргэжилгүй ажилчдын албан  бус  хөдөлмөрийн  зах  эрчимтэй  тэлж,  бодит  цалингийн  хэмжээ  2010  оны  12-р сараас  2011  оны  6-р сарын  хооронд  бараг  2   дахин  нэмэгдсэн  байна. 

Инфляцийн түвшин

  • Харамсалтай нь  инфляци дахин  өндөр  түвшинд  хүрээд  байна. Улаанбаатар  хотод  инфляцийн  өсөлт  7-р сард  өмнөх  оны  мөн үетэй   харьцуулахад   11.4 хувьд хүрсэн нь өмнөх   сарын 5.5 хувийн дүнгээс өссөн үзүүлэлт боллоо.  
  • Эрчим хүчний   болон   хүнсний  барааны савалгаа бүхий үнүүдийг   эс оролцуулан  тооцож гаргадаг  суурь   инфляцийн түвшин энэ улиралд өмнөх   оны   мөн   үетэй   харьцуулахад   дээрх хувиудаас ч  илүүтэйгээр буюу   13.7 хувиар өссөн байна.
  • 2010 оны зудаар малын тоо толгойд учирсан хохирол бүрэн арилаагүй байгаа энэ цаг үед БНХАУ-д  хүнсний, тэр дундаа махны үнэ  улам бүр өсөж (7-р сард ӨОМҮ-тэй харьцуулахад 34 хувиар өссөн) байгаагаас Монгол дахь хүнсний үнэ  өндөр хэвээр байх төлөвтэй байна.  

Гадаад худалдаа

  • Нийт импорт 106 хувиар өссөн байна.  Энэхүү өсөлт нь эрчимтэй хөгжиж байгаа уул  уурхайн  салбарын, үүн дотор  Оюу  Толгой төслийн хэрэгцээнд  их хэмжээний тоног төхөөрөмж,  машин механизм импортлогдон орж ирж байгаатай холбоотой юм.  Энэ өсөлтийн улмаас тус улсын гадаад худалдааны алдагдал 2011 оны 7-р сарын байдлаар 1,349 сая ам.долларын хэмжээнд хүрчээ.
  • Экспортын  бүтцийг  авч үзвэл, нүүрсний  экспорт зэсийн  экспортыг  анх удаа давж  нийт  экспортын  38 хувийг  эзэлсэн бөгөөд энэ нь өмнөх  оны  мөн  үеэийнхээс   даруй 129 хувиар өссөн  үзүүлэлт болж байна.
  • Нүүрсний экспорт эрчим хүчний нүүрсний  хамгийн  том  хэрэглэгч  болох  Хятад Улс  руу  бүхэлдээ чиглэгдэж  байна.  Нүүрсний ордууд шинээр ашиглалтад орох хэрээр тус улсын нүүрсний нийт экспорт улам бүр нэмэгдэх чиг хандлагатай  байна.
  • Түүхий  нефтийн  экспорт  7-р сард  өмнөх  оны  мөн  үетэй харьцуулахад  42 хувиар өссөн  нь  газрын  тосны  үнэ  өндөр  байсантай  холбоотой. Харин  экспортод гаргах зэсийн нийт тонн хэмжээ буурсаар байгаагийн зэрэгцээ  тус улсаас  БНХАУ-д  нийлүүлдэг  төмөрлөгийн хэмжээ мөн буурсан байна. 

Банк санхүүгийн салбар

  • Банкны  салбар дахь зээл  олголт  хурдацтай өсч  байна. 2011 оны 7-р сарын байдлаар олгогдсон нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад бодит үзүүлэлтээр 46 хувиар өссөн байна.
  • Тиймээс  болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс арилжааны бүх  банкуудад эрсдэлийн эсрэг зохистой тогтолцоог хэвшүүлэх, шаардагдах нөөц хөрөнгийг бүрдүүлэх  тал дээр Төв   Банкны  зүгээс арга хэмжээ авах нь туйлын чухал байна.
  • Төгрөгийн нийт хадгаламж  урд өмнө байгаагүй түвшин буюу 2.6 их наяад төгрөгт хүрсэн нь ӨОМҮ-тэй харьцуулахад 73 хувиар өссөн үзүүлэлт байв.
  • 2010 оны 7-р сарын байдалтай харьцуулахад ам.доллартай харьцуулсан төгрөгийн сарын дундаж  ханш 9 орчим хувиар чангарсан байв. 

Төсвийн байдал

  • 12 сарын гулсмал нийлбэрээр тооцсон төсвийн тэнцэл 2011 оны 7-р сард ДНБ-ний 7.4 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарлаа.
  • Төсвийн орлого, гадны зээл тусламжийн хэмжээ 2011 оны 7-р сард ӨОМҮ-тэй харьцуулахад бодит дүнгээр 46 хувиар өссөний зэрэгцээ ашигт малтмал ашигласны төлбөр, нэмүү өртгийн албан татвар, гаалийн татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татваруудаас орох орлогын хэмжээ мөн нэмэгдсэн байна. 
  • Төсвийн зардал энэ оны 7-р сард үлэмж хэмжээгээр буюу өмнөх  оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар нэмэгдэж,  үүнд хөрөнгийн зардал 57 хувь, урсгал зардал  48 хувиар  нэмэгдсэн явдлыг Хүний Хөгжлийн Сангаар дамжуулан иргэдэд олгож буй бэлэн мөнгөнийн тараалт нөхцөлдүүлсэн байна.  

Эдийн засгийн цаашдын чиг хандлага

  • Монголын эдийн засгийн цаашдын чиг хандлага дэлхийн  макро эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах бөгөөд дэлхийн здийн засгийн өнөөгийн итгэлтэй бус байдал,  өсөлт сул байх хандлага  зэрэг нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. 
  • Дэлхийн эдийн засаг дахин хямарсан тохиолдолд тус улсын харьцангуй жижиг бөгөөд  нээлттэй эдийн засаг зайлшгүй өртөх болно.  Тийм нөхцөл байдалд урд хөршийн бодлогын алхамууд туйлын чухал үүрэг гүйцэтгэх юм.
  • Хятад улс  2008/9 оны жишгээр шүүрхай бөгөөд үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тохиолдолд  дэлхийн эдийн засгийн хямралын Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл хязгаарлагдах боломжтой бөгөөд энэ нь Монголоос нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүний  Хятадын зах зээл  дэх өндөр эрэлтээс ихээхэн шалтгаалах юм.  2008/9 онуудын хямралын үед анх эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөрүүдээ Монгол Улс амжилттай хэрэгжүүлж  урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх гайхалтай боломжуудыг ашиглаж чадах эсэх нь тус улсаас өөрөөс нь хамаарах болно.

 


Api
Api

Welcome