publication

Монгол улсын эрүүл мэндийн төлбөрийн



Image

Тэгш байдал, үр ашиг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтад үзүүлэх нөлөөлөл

2015 оны 8 сарын 25, Улаанбаатар хот, Монгол улс - Бага, дунд орлоготой ихэнх улс орнуудад нийт хүн амаа санхүүгийн хүндрэлд орох, хувиас хийж байгаа төлбөрийн улмаас ядууралд өртөх эрсдэлгүйгээр эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээнд хамруулах (“эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралт” буюу БНХ) сорил тулгарсаар байна.

Эдгээр улс орнуудад хамралт өргөжихийн хэрээр санхүүгийн тогтвортой байдал, үр ашиг, тусламж үйлчилгээний чанар зэрэг асуудлууд гарч ирдэг. Эрүүл мэндийн стратегийн худалдан авалт нь БНХ- ын төлөө санхүүжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал хэрэгсэл юм. Үүний хүрээнд юу худалдан авах (хамрагдсан хүн ам ямар тусламж үйлчилгээ хүртэх эрхтэй байх), хэнээс худалдан авах (тусламж үйлчилгээг хүргэхээр аль үйлчилгээ үзүүлэгчдийг гэрээлэх), үйлчилгээ үзүүлэгчдэд хэрхэн ямар хэмжээтэй төлбөр хийх вэ гэдгийг тодорхойлно.

Эрүүл мэндийн төлбөрийн тогтолцоо буюу үйлчилгээ үзүүлэгчдийг тухайн тогтолцоонд хамаарах тусламж үйлчилгээний багцыг хүргэхэд санхүүжүүлэх төлбөрийн арга нь үйлчилгээ үзүүлэгчдэд чанар, үр ашгаа нэмэгдүүлэх хөшүүрэг бий болгох байдлаар орлого, зарлагын тэнцвэржүүлэх боломжтой стратегийн худалдан авалтын чухал арга хэрэгсэл юм. Эцэстээ энэ нь байгаа хөрөнгө нөөцийн хүрээнд хамралтыг өргөжүүлэх боломж олгодог (Лангенбруннер, Кашин, & O'Дугерти, 2009). Гэхдээ бодит амьдрал дээр БНХ-ын зорилтуудад хүрэхэд эрүүл мэндийн төлбөрийн тогтолцоог үр дүнтэй ашиглаж тэр бүр чаддаггүй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэх төлөвлөгөөний хүрээнд ЭМЯ-наас шинэ хуулийн үзэл санааны дагуу эрүүл мэндийн худалдан авалтыг бэхжүүлэх замын зураглал гаргахад ашиглах зорилгоор эрүүл мэндийн төлбөрийн өнөөгийн тогтолцооны энэ гүнзгийрүүлсэн үнэлгээг захиалсан юм. 

Үнэлгээг Монгол улсын эрүүл мэндийн төлбөрийн тогтолцооны цаашдын загвар, хэрэгжилтийг тодорхойлоход туслах зорилготой хийсэн. Энэхүү тайланд Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилт, үйлчилгээ хүргэх тогтолцооны тухай товч танилцуулга, түүний дараа үйлчилгээ үзүүлэгчдийн төлбөрийн тогтолцооны үнэлгээ, гол үр дүнг танилцуулна. Өнөөгийн төлбөрийн холимог тогтолцооны давуу ба сул талууд, загвар ба хэрэгжилтийг олон улсын сайн туршлагатай харьцуулан үзүүллээ. Эцэст нь Монголын эрүүл мэндийн төлбөрийн тогтолцоог цаашид сайжруулах замын зураглалыг гаргасан болно.

Тайланг бүрэн эхээр нь татаж авах