Skip to Main Navigation
BRIEF 2020.12.30

Монгол Улстай байгуулах Түншлэлийн Стратегийн Хүрээг зөвлөлдөх төлөвлөгөө

Дэлхийн Банк Групп нь Монгол Улстай байгуулах Түншлэлийн шинэ стратегийн хүрээг (ТСХ) боловсруулж байгаатай холбогдуулан оролцогч талуудын санал, зөвлөмж авахаар уулзалт, онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 2021-2025 оныг хамрах Түншлэлийн стратегийн хүрээний гол зорилго нь ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Дэлхийн Банк Группын дэмжлэг хамгийн ихээр нөлөөлөх чухал салбаруудыг тодорхойлж тэргүүлэх чиглэлийг тогтоох явдал юм.

Энэ хүрээнд Засгийн газар (төв болон орон нутгийн засаг захиргаа), иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, хөгжлийн түнш байгууллагуудтай зөвлөлдөнө. Мөн бусад оролцогч талууд, олон нийтээс санал авах зорилгоор 2020 оны 12-р сарын 29-ний өдрөөс 2021 оны 3-р сарын 8-ны өдрийн хооронд онлайн хэлэлцүүлгийн платформоор санал хүлээж авах юм.

ТАНИЛЦУУЛГА

Энэ удаагийн зөвлөлдөх үйл ажиллагаа нь 2017-с 2019 онд зохион байгуулсан өмнөх хоёр шатны зөвлөлдөх уулзалтууд дээр тулгуурлаж байна.

2017 оны 8-с 10 дугаар сард зохион байгуулагдсан эхний шатны зөвлөлдөх уулзалтууд болон онлайн санал асуулгын үеэр Улаанбаатар хот болон 4 бүсэд Засгийн газар, Улсын Их Хурал, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн салбар болон орон нутгийн оролцогч талуудын 400 гаруй оролцогчид оролцож, Монгол Улсын Нийгэм эдийн засгийн хөгжлийн цогц дүн шинжилгээ/оношилгооны баримт бичиг болон шинэ ТСХ-ний талаар санал бодлоо хуваалцсан юм.

Дараагийн шатны хэлэлцүүлгийг 2018 оны 12-р сараас 2019 оны 2-р сар хүртэл зохион байгуулж, ТСХ-ний төсөлд оролцогч талуудын саналыг тусгасан билээ. Эхний хоёр шатны зөвлөлдөх үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор үзэх боломжтой.

Одоо зохион байгуулж буй гурав дахь буюу эцсийн шатны хэлэлцүүлэгт Дэлхийн Банк Группээс Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлүүдийн талаар олон талын оролцогч талуудаас санал авч, тэдгээр саналыг ТСХ-ний эцсийн төсөлд тусгах зорилготой.

ГОЛ ОРОЛЦОГЧ ТАЛУУД:

Зөвлөлдөх үйл ажиллагаанд олон талыг оролцогчдыг хамруулна. Үүнд:

  • Засгийн газар: Засгийн газрын яам, тамгын газар, агентлагууд, орон нутгийн удирдлага
  • Улсын Их Хурал
  • Хөгжлийн түншүүд: НҮБ-ийн байгууллагууд, хандивлагчид, олон талт болон хоёр талын хөгжлийн түншүүд
  • Иргэний нийгмийн байгууллагууд: Төрийн бус байгууллагууд болон холбоод, үйлдвэрчний эвлэлийн бүлгүүд, “think tank” буюу судалгаа шинжилгээний байгууллагууд, сургалт шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид
  • Хувийн хэвшил: Бизнесийн салбар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бизнесийн байгууллага, жижиг дунд үйлдвэр, худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн зөвлөлүүдийн төлөөлөл.

ЗӨВЛӨЛДӨХ ҮЙЛ ЯВЦ:

Санал авах үйл ажиллагаанд олон талын өргөн цар хүрээтэй оролцогч талуудыг хамруулахын тулд онлайн уулзалтууд болон онлайн/вэбсайтад суурилсан платформын аль алиныг ашиглах юм. Онлайн уулзалтыг нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг, шаардлагатай тохиолдолд бүлгийн ярилцлага хийж, улмаар хөндлөнгийн төвийг сахисан чиглүүлэгчтэйгээр нэгтгэн тайлагнах замаар зохион байгуулах боломжтой. Онлайн платформын хувьд сонирхсон оролцогч талууд ТСХ-ний зөвлөлдөх вэб хуудсаас холбогдох баримт бичиг, мэдээллийг авч, wbmongolia@worldbank.org хаяг руу санал зөвлөмжөө явуулах боломжтой юм.

ХЭЛ:

Зөвлөлдөх уулзалт, үйл ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийг англи, монгол хэлээр онлайн байршуулна. Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн байгууллагуудтай хийх онлайн уулзалтуудыг монгол хэлээр явуулах бөгөөд англи хэлнээ хөрвүүлэх синхрон орчуулгатай байна.

УРИЛГА БА ТАНИЛЦУУЛГА МАТЕРИАЛ:

Урилга болон холбогдох танилцуулга материалыг Англи, Монгол хэлээр бэлтгэж хуваарьт уулзалтаас өмнө оролцогчдод хүргэнэ.

ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН САНАЛ:

ТСХ-ий зөвлөлгөөний вэб хуудаст  оролцогч талуудын уулзалтын хураангуйг монгол, англи хэлээр байршуулна. Мөн ТСХ-ний батлагдсан эцсийн хувилбарыг Дэлхийн Банкны Монгол Улсын веб хуудаст олон нийтэд нээлттэй байршуулна.