Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ2024.5.10

Дэлхийн Банкны тайлан: Монгол Улсын эдийн засаг сэргэхийн зэрэгцээ эрсдэл хэвээр байна

УЛААНБААТАР, 2024 оны 5-р сарын 10 — Дэлхийн Банкнаас хагас жил тутам эрхлэн гаргаж буй Монголын эдийн засгийн тойм тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.8 хувиар өсөх төлөвтэй байна. Үүнд уул уурхайн салбар өргөжиж, хувийн хэрэглээ идэвхжин, төсвийн зардал тэлснээр  цаг агаарын хүнд нөхцөл байдлаас үүдэлтэй хөдөө аж ахуйн салбарын уналтыг нөхөх зэрэг хүчин зүйлс нөлөөлөхөөр байна.

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7.1 хувиар өсөхөд нүүрсний олборлолт, тээвэрлэлт эрчимжсэн нь голчлон нөлөөлөв. Цаашид томоохон зэсийн уурхай болох Оюу толгойн олборлолт нэмэгдсэнээр 2025-2026 онд эдийн засгийн өсөлт дунджаар 6.4 хувьд хадгалагдаж, улмаар дунд хугацааны өсөлтийн төлөв эерэг хэвээр байгааг тус тайланд онцолжээ.

Эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүд бий. Олон улсын хэмжээнд, ялангуяа БНХАУ-д эдийн засгийн өсөлт хүлээлтээс удааширвал Монголын экспортын эрэлт буурч болзошгүй байна. Мөн геополитикийн хурцадмал байдал даамжирвал импортоор авах түлш, шатахууны үнийг нэмэгдүүлэх магадлалтай.

Хүйтний эрч чангарч, цас их орсны улмаас үүсдэг цаг агаарын онцгой үзэгдэл болох зудын гамшиг нүүрлэснээр Монгол Улсын хэмжээнд 2010 оноос хойш хамгийн олон тооны мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлөөд байна. Зудын нөхцөл байдал хүндэрч, удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл их хэмжээгээр буурч болзошгүй.

Дотоод хүчин зүйлсийн хувьд төсвийн тэлэлт, өрхийн орлогын өсөлт зэрэг нь 2024 онд инфляцын дарамтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Уул уурхайн салбарын идэвхжилийн нөлөөгөөр 2023 онд макро эдийн засаг, төсвийн нөхцөл байдал сайжирсан ч макро эдийн засгийн бат бөх, тэсвэртэй байдлыг хангах, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд бүтцийн шинэчлэлийн бодлого, арга хэмжээнүүд чухал ач холбогдолтой.

"Сүүлийн хоёр жил дараалан өвөлжилт хүндэрч, өнгөрсөн жил үерийн томоохон аюул нүүрлэсэн нь байгалийн гамшгийн давтамж, эрч нэмэгдэж байгааг илтгэж байна. Иймд Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх сөрөг нөлөөлөлд илүү тэсвэртэй болгохын тулд институци, бодлого, хөрөнгө оруулалтын чиглэлд анхаарал хандуулах нь чухал юм" хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли  хэллээ.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2024/054/EAP

Холбоо барих

Улаанбаатарт
Б.Жавхлан
+976 70078207
Вашингтонд
Марк Фелсентал
+1 (202) 602 9673

БЛОГ

    loader image

ШИНЭ МЭДЭЭ

    loader image