Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.12.14

Монгол Улсын хэлхээ холбоо, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтэц: Тайлан

УЛААНБААТАР, Монгол Улс (2020 оны 12-р сарын 14) – Монгол Улс дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхдээ үнэ цэнийн гол хэлхээнд шаардлагатай дэд бүтцээр хангахыг чухалчлах нь зардлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг бий болгох, улмаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн Дэлхийн Банкнаас өнөөдөр гаргаж буй шинэ тайланд онцолжээ.

Монгол Улсын хэлхээ холбоо, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтэц” нэртэй энэхүү тайланд Монгол Улсын газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлог, улсын төсвийн нөхцөл байдал, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлогод тулгуурласан дэд бүтцийн бодит хэрэгцээ шаардлага төдийгүй тэргүүлэх ач холбогдолтой төслүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг судалсан байна. Чингэхдээ Монгол Улсад дэд бүтцийн үйлчилгээний хамгийн өндөр эрэлтийг бий болгох боломжтой мал аж ахуй, уул уурхайн нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг голчлон авч үзжээ. Дээрх салбаруудыг онцолж буй нь  бусад салбаруудыг орхигдуулахын нэр бус харин дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлээр улс орны түвшинд гаргах аливаа шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний дэд бүтцийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ тус салбаруудад байх боломжтойд оршино.

Дэд бүтэц нь Монгол улсын эдийн засгийн гол тулгуур хэдий ч дэд бүтцийг тавьсны дараа эрэлт үүснэ гэсэн арга барилаар хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн үр өгөөж муутай. Харин эдийн засгийн өсөлтийг бий болгох шинэ хөшүүргүүдийг нээхийн тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлэн сонгох нь зүйтэй юм” гэж  Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлоод “Тус улсын эдийн засгийн өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн уул уурхайн салбар төдийгүй мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт эдийн засгийн өсөлт, тэлэлтийг бий болгох боломж потенциалыг нээх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Монгол Улсын хүн амыг нутаг дэвсгэртэй нь харгалзан үзвэл сийрэг, нягтаршил багатай тул өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийн үйл ажиллагаа хязгаарлагдмал. Тайланд тусгаснаар мах, төмөрлөгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьтай тэнцэж буй тээвэр логистикийн зардлыг дорвитой бууруулах хамгийн их боломжтой гэв.

Махны үнэ цэний хэлхээг сайжруулахын тулд мах, сүүний гарц хамгийн өндөр 8 аймаг болон Улаанбаатар хотын ойролцоо стратегийн ач холбогдолтой зангилаа төвүүдээс бүрдсэн нэгдсэн сүлжээ байгуулахыг зөвлөсөн байна. Түүнчлэн дээрх зангилаа төвүүдийг холбосон 4,300км автозамын сүлжээнд шаардлагатай өргөтгөл шинэчлэл, засварын ажлыг нэн тэргүүнд санхүүжүүлэх нь чухал болохыг онцолжээ. Тээвэр, үйлдвэрлэлийн үйлчилгээг энэхүү зангилаа төвүүдэд төвлөрүүлснээр хүйтэн хадгалалтын горим тасалдахгүй, дагалдах нэмүү өртөг шингээх салбарууд хөгжиж, бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй хаягдал буурах ач холбогдолтой аж.

Мөн нийслэл хотод тээврийн хөдөлгөөнийг сайжруулах нь аялал жуулчлал, үйлчилгээний салбарт онцгой ач холбогдолтой тул нийслэлийн 1,190 км автозамын сүлжээнд зам барилга, засварын ажил хийхэд төвлөрч ажиллахыг зөвлөсөн байна.

Түүнчлэн интернэт холболт, хүртээмжтэй байдалд оршиж буй зөрүү, ялгаатай байдлыг арилгах, эцсийн хэрэглэгчийн холболтын чанар, хүртээмж болон орон нутагт үүрэн холбооны 4G сүлжээний хамрах хүрээ зэрэг  асуудлуудад  онцгой анхаарснаар цахим дэд бүтцээс хамааралтай үйлчилгээний салбарууд бэхжих боломжтойг тэмдэглэжээ.

Харин уул уурхайн салбарын хувьд, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сонгомол байдлаар хийх нь эрдэс баялгийн хэд хэдэн үнэ цэний хэлхээнд буй боломжийг нээх ач холбогдолтой. Тухайлбал, уул уурхайн салбарын цахилгаан эрчим хүчний өнөөгийн хэрэглээний 44 хувийг л төвийн эрчим хүчний сүлжээгээр хангадаг бөгөөд үлдсэн хувь нь уурхайн өөрийн шийдэл, аль эсхүл БНХАУ-ын импортоос хараат байна. Үүнээс үзвэл, цахилгаан эрчим хүчний салбарт буй энэхүү найдвартай, урт хугацааны хэрэглээг бүрдүүлэгч орлогын томоохон эх үүсвэр, асар их боломжийг ашиглах нь зүйтэй аж.

Үүний адилаар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн төслүүд төмөр замын дундын дэд бүтэц буюу олон төрлийн хэрэглээ, хэрэглэгчдэд нээлттэй дэд бүтцийг байгуулахад хувь нэмрээ оруулах боломжтой. Улсын төсвөөс дэд бүтцийн бүтээн байгуулалт санхүүжүүлэх нөөц боломж хомс энэ үед Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар нэн шаардлагатай дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх чиглэл баримтлах нь зүйтэй. Концессийн жагсаалтыг зах зээлд чиглэсэн, хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил бий болгохуйц сайтар бэлтгэгдсэн төслийн жагсаалт болгоход анхаарч ажиллаваас Засгийн газар анхаарлаа тэргүүлэх ач холбогдолтой төслүүд рүү жинхэнэ ёсоор төвлөрүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг сэргээх нөхцөл бүрдэнэ.

Эцэст нь, дэд бүтцийн төслийг сонгон шалгаруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд Монгол улсын институцийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг тайланд дурджээ. Ингэхдээ одоогийн хэрэгжиж буй харилцан уялдаагүй системийг халж, нэгдсэн байдлаар дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг зохицуулах үүрэг бүхий нэгжийг байгуулж ажиллуулах саналыг мөн дэвшүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: www.worldbank.org/mongolia

Фейсбук хаяг: http://www.facebook.com/worldbankMongolia

Твиттер хуудас: http://www.twitter.com/WB_AsiaPacific

YouTube хаяг: http://www.youtube.com/worldbank


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2020/12/14

Холбоо барих

Улаанбаатар хотод
Б. Индра
+976 7007 8207
ibaatarkhuu@worldbank.org
Api
Api