Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2020.5.15

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран Ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Улаанбаатар хот, Монгол улс, 2020 оны 5 дугаар сарын 15— Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болон Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) нь Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороотой (CЗХ) ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг сайжруулах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичгүүд байгууллаа.

Санамж бичгийн нэг гол зорилго нь Монгол улсад Өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, ингэснээр бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх явдал билээ. Энэхүү ажил нь өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өөрийн хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авах боломжийг бий болгоход чиглэсэн хөтөлбөрийн үргэлжлэл байдлаар хийгдэх юм. Мөн Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүд, ялангуяа уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, мөн орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтыг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг бодлого, зорилтуудад тулгуурлан хэрэгжих болно.

Түүнчлэн, санамж бичгийн хүрээнд ОУСК нь СЗХ-той хамтран Монгол улсад ногоон санхүүжилтийн зах зээл, ялангуяа ногоон бонд гаргахад чиглэсэн заавар, зөвлөмжийг боловсруулж, байгаль орчинд ээлтэй төсөл, бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Мөн энэ ажлын хүрээнд байгаль орчин, нийгмийн болон засаглалын шаардлагуудыг санхүүгийн байгууллагуудын зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаанд нэвтрүүлэх, санхүүгийн салбарт уур амьсгалтай холбоотой эрсдлийг үнэлэх, бодлого боловсруулах үйл ажиллагаанд тусгахад туслах болно.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл билээ. ОУСК-тай хамтран ажиллаж буй энэхүү хамтын ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудыг олж илрүүлэх замаар ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн журам, бодлогыг боловсруулж, ногоон эдийн засгийн хөгжлийн талаархи засгийн газрын бодлого, зорилтуудыг дэмжих юм" гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн байна. "Түүнчлэн Монгол улсад нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хэрэгцээг хангах, цаашлаад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна" гэжээ.

Монгол улс хөдлөх хөрөнгө барьцаалан зээл, санхүүжилт авах боломжийг бий болгоход шаардлагатай суурь тогтолцоог амжилттай хөгжүүлсэн боловч энэхүү зах зээлийн хэмжээ бага хэвээр байна. Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд зээл авах харьцангуй шинэ арга зам бөгөөд тэдгээртэй хамтран ажилладаг томоохон худалдан авагч эсвэл ханган нийлүүлэгчдийн зээл авах боломж, зээлийн зэрэглэлийг ашиглан санхүүжилт авах тухай ойлголт юм.

"Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед жижиг, дунд бизнес эрхлэгчдэд туслах шинэлэг арга замыг хайж, нэвтрүүлэх нь чухал юм. Энэ нь ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамааралтай. Учир нь энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээ өндөр байдаг” хэмээн ОУСК-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэллээ. "ОУСК нь Монгол улсын санхүүгийн салбарт тогтвортой байдлын үзэл баримтлалыг хөгжүүлэх чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллах болно. ОУСК нь олон улсын ногоон бондын зах зээлд хамгийн анх оролцогчдын нэг байсан билээ. Иймд, бид өөрийн туршлагаа ашиглан Монгол улсад олон улсын стандартад нийцсэн ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

ОУСК нь дэлхийн хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжигч хамгийн том санхүүжүүлэгч байгууллагуудын нэг билээ. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийг дэмжих  чиглэлээр хувийн хэвшлийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ОУСК нь Ногоон бондны хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. 2019 оны 9-р сарын 30-ны байдлаар, ОУСК-аас 18 төрлийн валютаар 10 гаруй тэрбум ам.долларын 157 удаагийн ногоон бондыг зах зээл дээр амжилттай гаргажээ.

ОУСК нь өнгөрсөн хугацаанд Колумб, Хятад, Гана, Вьетнам зэрэг дэлхийн 40 гаруй хөгжиж буй орнуудад хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд тусалсан байна. Монгол улсад нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааг Швейцарийн засгийн газрын Эдийн засгийн хэрэг эрхлэх газрын (SECO) дэмжлэгтэй хэрэгжүүлнэ.

ОУСК-ийн тухай

 

Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнууд дахь хувийн хэвшлийг зорилготой дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхий даяар нийтдээ 2000 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрсдийн мэдлэг, нөөц бололцоогоо ядуурлыг бууруулах, баялгийн тэгш хуваарилалтыг дэмжихийг гол зорилгоо болгодог. 2019 оны санхүүгийн жилд манай байгууллагаас хувиийн хэвшилд оруулсан нийт хөрөнгө оруулалт 19 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд бид хувийн хэвшлийн хүчин чадал, бололцоонд тулгуурлан ажлын байр бий болгох, дэлхий даяар нүүрлэж буй хөгжлийн тулгамдсан бэрхшээлүүдийг даван туулахад анхаарч ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ifc.org –с авна уу.

 

ОУСК-ийн үйл ажиллагааны талаар байнгын мэдээллийг дараах сувгуудаар аваарай

www.ifc.org/eastasia

www.twitter.com/IFC_EAP

www.youtube.com/IFCvideocasts

www.ifc.org/SocialMediaIndex

www.instagram.com/ifc_org

www.facebook.com/IFCeap

www.facebook.com/IFCwbg


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2020/05/15

Холбоо барих

Бээжин хотод
Жинг Юу
+86 10 5860 3062
jyu1@ifc.org
Api
Api