Skip to Main Navigation
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2018.3.07

ОУСК болон Монголын Хөрөнгийн Бирж бусад хөрөнгийн биржтэй нэгдэн “Жендэрийн тэгш байдлын төлөө” хонх цохив

Улаанбаатар хот, Монгол Улс, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр – Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн хамт дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй хөрөнгийн биржтэй нэгдэн олон улсад хэрэгжиж буй санаачилга болох “Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна. Жил тутам зохион байгуулдаг тус арга хэмжээ нь хувийн хэвшлийн зүгээс дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог  дэмжин тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах талаар олон нийтэд таниулах зорилготой юм. 

“Бид жендэрийн тэгш байдалд тулгуурлан эдийн засгийг хөгжүүлэх ёстой” гэж ОУСК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Стефани Вон Фридбург онцоллоо. “18 их наяд ам.долларын худалдан авах чадвар бүхий эмэгтэйчүүдэд дэлхийн эдийн засгийг өөрчлөх хүч бүрэн бий.”

МХБ тус арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байна. “Жендэрийн тэгш байдлын төлөөх олон улсын арга хэмжээнд нэгдэн орж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн хонхыг цохих хүндтэй үүргийг хүлээсэн Монголын Хөрөнгийн Биржийн Санхүү эрхэлсэн захирал Нинжийн Дөл-Эрдэнэ онцоллоо. “МХБ бүртгэлтэй компаниуддаа Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын түвшинд хүйсийн тэгш байдлыг ханган ажиллахыг уриалж, дэмжин ажилладаг”.

МҮХАҮТ, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, WomenCorporateDirectors-ийн Монголын салбарын хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд 30 гаран эмэгтэй энтрепренерүүд, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.

Эмэгтэйчүүдийн авьяас чадвар дэлхий даяар хамгийн бага ашиглагдаж буй эдийн засаг, бизнесийн нөөц бололцооны нэг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Дэлхий даяарх жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд хийгдсэн багахан хэмжээний нөлөө нь богино хугацаанд хүчтэй үр дүн авчирч, ирэх 7 жилийн хугацаанд дэлхийн ДНБ-ий хэмжээг 5.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2017 оны тайланд дурджээ. Хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниуд өөрсдийн нөөц бололцоог бүрэн ашиглаж хөрөнгө болгоогүй, тухайлбал ТУЗ болон дээд шатны удирдлагын түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлээгүйгээс болж алдагдсан боломжийн зардал нь өндөр гарах магадлалтай.

Хэдийгээр Компанийн засаглалын хөгжлийн төвийн явуулсан судалгаагаар дэлхийн дундаж болох 15 хувьтай харьцуулахад Монгол Улсын Хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниуд болон төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа ч ТУЗ-ийн  гишүүдийн ойролцоогоор гуравны хоёр нь эрчүүд байна. Үүнээс гадна Дэлхийн Банкнаас хийсэн  саяхны судалгаанаас үзэхэд монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад бага орлоготой байсаар байна.

“Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсад хүйсийн тэгш бус байдал харьцангуй бага” хэмээн ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Туен Д. Нгуен онцоллоо. “Хэдий тийм боловч бизнесийн салбарт гүйцэтгэх захирал, ТУЗ-өөс эхлээд ажиллагсдын түвшинд жендэрийн тэгш бус байдлыг багасгах нь эмэгтэйчүүдийг өөрсдийн нөөц бололцоо, чадавхийг бүрэн дүүрэн дайчлан ажиллахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ. Энэ нь цаашдаа гэр бүл, бизнес, үндэсний хэмжээнд маш том нөлөө үзүүлэх ба энэ нь тогтвортой хөгжилд нэн чухал. Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангахад бусад улсуудыг манлайлан ажиллах боломжтой”.

Энэ жилийн “Хонх цохих” арга хэмжээнд 60 хөрөнгийн бирж оролцож байна. Жендэрийн тэгш байдлын төлөө тууштай, итгэл төгс ажиллана гэдэг байр сууриа Эмэгтэйчүүдийг чадавхжуулах зарчмууд, ажлын байр, зах зээл, нийгэм дэх эмэгтэйчүүдийн чадавхийг нэмэгдүүлэх зөвлөмж зэрэгт гарын үсэг зурж олон нийтэд илэрхийлэхийг тус арга хэмжээнд оролцож буй байгууллагуудад уриалдаг.

Тус арга хэмжээнд оролцож буй хөрөнгийн биржүүдэд мөн жендэрийн тэгш байдлыг дэмжсэн ажлын байрны бодлого хэрэгжүүлж, эмэгтэйчүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, хүйсийн тэгш байдлын талаарх зорилтууд, бодлого, дадлуудыг хувьцаа эзэмшигчдэд тайлагнаж, ТУЗ болон дээд шатны удирдлагын түвшинд алба хашиж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн компанийн бүтцэд хүйсийн тэгш байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг уриалдаг.

“Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ нь ОУСК, Тогтвортой хөрөнгийн биржүүдийн санаачилга (SSE), НҮБ-ын Глобал Компакт, НҮБ-ын Эмэгтэйчүүд, Women in ETFs, Дэлхийн хөрөнгийн биржүүдийн холбоо зэрэг байгууллагуудын түншлэл юм.

ОУСК-ийн тухай

Дэлхийн Банкны ‘дүү’ байгууллага Олон Улсын Санхүүгийн Корпораци нь Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага бөгөөд хөгжиж байгаа зах зээл, улс орнуудын хувийн хэвшилтэй хамтран ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхий даяар нийтдээ 2000 гаруй бизнес, харилцагч байгууллагуудтай хамтран өөрсдийн капитал, мэдлэг, туршлага, нөлөөг хамгийн их хэрэгцээтэй байгаа газруудад зах зээл, боломж бий болгохын тулд ашиглан ажиллаж байна. 2017 оны санхүүгийн жилийн хувьд бидний урт хугацааны хөрөнгө оруулалт 19.3 тэрбум ам. доллар болтол өссөн нь хувийн хэвшлийн салбараас туйлын ядуурлыг арилгах, хамтын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхэд тус боллоо. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.ifc.org хуудсаар зочилно уу.

Stay Connected

www.facebook.com/IFCwbg
www.twitter.com/IFC_org
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com\ifc_org

Монголын Хөрөнгийн Биржийн тухай

Монголын Хөрөнгийн Бирж нь санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд өртөгтэйгөөр урт хугацаанд зуучлан хүргэх үүрэг бүхий үнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгон төлөвшүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.mse.mn хуудсаар зочилно уу.


ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНИЙ №: 2018/03/07

Холбоо барих

Улаанбаатар хотноо
Мөнгөнзул Бадамваанчиг (МХБ)
+976-11-313747 (3112)
mungunzul.b@mse.mn
Бээжин хотноо
Жинг Юү (ОУСК)
+86 (10) 5860 3062
jyu1@ifc.org
Вашингтон хотноо
Лоти Салазар (ОУСК)
+1-202-458-2559
lsalazar@worldbank.org
Api
Api