Skip to Main Navigation
ӨГҮҮЛЭЛ 2021.3.03

Манлайлагч эмэгтэй: Төмөр-Өлзийн Энхбаяр

Image

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид КОВИД-19 цар тахлын үед илүү эрх тэгш ирээдүйг бүтээхээр Зүүн Ази, Номхон далайн бүс нутагтаа манлайлан ажиллаж буй эмэгтэйчүүдтэй ярилцсан юм. Төмөр-Өлзийн Энхбаяр нь Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албыг хашдаг. Тэрээр Засгийн газрын түвшинд жендэрийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгууллагууд болон жендэрийн чиглэлээр Монголд ажилладаг хөгжлийн түнш байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах болон жендэрийн нөхцөл байдлыг Засгийн газрын түвшинд анхаарч ажиллахад ихээхэн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Цар тахлын нөлөөнд таны ажил яаж өөрчлөгдсөн бэ?

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Ажлын алба нь хуулийн хэрэгжилтийг салбар дундын уялдаатайгаар хангаж ажиллахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, үндэсний зохицуулалтыг хийж ажилладаг бөгөөд ихэнх үйл ажиллагаа нь уулзалт, семинар, сургалт, орон нутагт ажиллах гээд нүүр тулсан, танхимын зохион байгуулалтын шинжтэй. Харин цар тахал бий болсноор ажлын хэлбэр тэр чигээрээ өөрчлөгдөж цахим, онлайн хэлбэрээр ажлаа зохион байгуулах болоод олон шинэ зүйлд суралцаж, ажлын бүтээмжийг дордуулахгүйн төлөө хичээн ажиллаж байна.

Таны бодлоор монгол эмэгтэйчүүдийн амьдралд цар тахал шинэ саад бэрхшээлийг авчирсан уу? Яаж?

 

Авч ирсэн гэж харж байгаа. Учир нь цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийн гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөр, нэмээд хүүхдүүдийн теле хичээлийг хийлгэх, ахмад настан, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн асаргаа, сувилгаа нэмэгдэх, хажуугаар нь ажлаа цахимаар хийх гээд ачаалал огцом нэмэгдсэн. Зарим талаараа ээжүүдийн өрхийн орлого тасарч эдийн засгийн хувьд хараат болох байдалд хүрч байна.

Таны бодлоор жендэрийн эрх тэгш байдлын тал дээр цар тахлын нөлөөнд ямар нэг эерэг өөрчлөлт гарсан уу?

 

Эерэг өөрчлөлт байгаа. Эмэгтэйчүүд, ээжүүд хүүхдээ харангаа гэрээсээ ажиллах боломжийг бий болгосон, мөн уян хатан цагийн зохицуулалтыг зарим байгууллагууд авч хэрэгжүүлснээр хүүхдүүд хараа хяналтгүй үлдэх аюулаас сэргийлж чадсан. Түүнчлэн гэр бүлүүд КОВИД-19-ын үеэр хамтдаа байх, гэр бүл, хүүхэддээ цаг гаргах, бие биенийхээ гүйцэтгэж буй ажил чиг үүргийг ойлгох г.м. боломжууд улам нэмэгдсэн.

 

Таны бодлоор Монголд эмэгтэйчүүд удирдлагын түвшний ажилд илүү их ороход юу хийх хэрэгтэй байна вэ?

 

Монгол Улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ илүү өндөр боловсролтой байгааг статистик харуулдаг. Гэсэн хэдий ч удирдах албан тушаалд эмэгтэйчүүд томилогдох нь хангалтгүй байна. Төрийн аливаа өндөр албан тушаалд томилогдоход эрх барьж байгаа намын нөлөө өндөр байдаг манай улсын онцлогийг харгалзан эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй юм болов уу гэж бодогддог. Нөгөө талаар өөрийн үзэл бодлын үүднээс дэмждэг улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага аль эсвэл өөрийн эрхэлж буй ажил мэргэжлийн хүрээнд бусад олон нийтийн байгууллагад идэвхтэй ажиллах зэргээр өөрийгөө таниулах, нээх үйл ажиллагаанд эмэгтэйчүүд хойш суухгүй оролцож байх нь зүйтэй юм болов уу.

Таны ажлын хамгийн их таалагддаг зүйл юу вэ?

 

Би өөрийн ажлаараа дамжуулан хүний эрхэм чанарыг хүндлэх, хамгаалахын төлөөх үйлсэд хувь нэмэр оруулдгаараа хамгийн их баярлаж явдаг. Мөн манай хамт олон нэг сэтгэлт хамт олон болохоор ямар ч саад бэрхшээл гарсан даван туулах эрч хүчийг хамт олноосоо авдаг.

Монгол эмэгтэйчүүдэд хандан хэлэх, хуваалцах зөвлөгөө байна уу?

 

Монгол эмэгтэйчүүддээ хамгийн сайхныг хүснэ дээ. Бидэнд хийхгүй ажил, хүрэхгүй газар чадахгүй зүйл байхгүй шүү дээ.

Ирээдүйн талаарх таны хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөгөө хуваалцана уу?

 

Монгол хүн бүрийн аз жаргалтай, инээд баясал дүүрэн амьдралын төлөө тангараг өргөсөн төрийн албандаа чин үнэнч сэтгэлээр ажиллана гэж боддог доо. Монгол хүн бүр эерэг хандлагаар жигүүрлэж, хийнэ, бүтээнэ, чадна гэсэн хүсэл тэмүүллээр санасан зорьсноо бүтээхийг эрхэмлээсэй гэж хүсдэг.



Api
Api