Skip to Main Navigation
publication 2020.3.26

Ядуурлын дүр төрх


Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ), Дэлхийн Банкны хамтарсан “Ядуурлын дүр төрх” тайлан 2018 оны Өрхийн нийгэм - эдийн засгийн судалгаанд суурилсан Монгол Улсын хүн амын амьжиргаа, ядуурлын сүүлийн үеийн чиг хандлагыг танилцуулж байна. Түүнчлэн ядуурлыг шийдвэрлэхэд тулгарч буй сорил бэрхшээл, боломж бололцоог тодруулсан билээ.

Үндсэн үр дүн

Үндэсний хэмжээнд ядуурлын түвшин 2016 оны 29.6 хувиас 2018 онд 28.4 хувь хүртэл ялимгүй буурсан байна. Үүний зэрэгцээ хүн амын 15 хувь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байгаа ба гэнэтийн хямралт үйл явдлын нөлөөгөөр ядууралд халтиран орох эрсдэлд байна.

Монгол Улсын эдийн засаг дорвитой өсөж байгаа хэдий ч үр шим нь өрхийн, ялангуяа ядуу иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой нөлөөлөхгүй байна. Капитал хөрөнгө оруулалт ихээр шаардсан уул уурхайн салбарын сүүлийн үеийн өсөлтийн үр өгөөж ядуус, ялангуяа ур чадвар шаарддаггүй, цалин багатай ажил эрхлэгчдэд хүрэхгүй байна.

Ядуурлын түвшин 2016 – 2018 оны хооронд хөдөөд буурсан боловч хот сууринд буураагүй жигд бус дүр зураг ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт хөдөөд илүү хурдтай бөгөөд ядуу давхаргад өгөөжтэй явагдаж, 2016 онд 34.9 хувь байсан ядуурлын түвшин 2018 хүртэл 4 хувиар буурч, 30.8 хувь болжээ. Гэтэл хот сууринд хэрэглээний өсөлт тэгш бус байсан нь ядуурлын түвшин 2016-2018 оны хооронд 27 хувь дээрээ хэвээр үлдэхэд хүргэжээ. Хот суурин газарт ядуурлын түвшин буурахад ахиц гараагүй нь хүн амын хамгийн ядуу бүлэгт цалингийн өсөлт царцанги байгаатай холбоотой. Харин мал, малын бүтээгдэхүүний үнийн өсөлт, ядуу бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд хавсарсан нь хөдөөд ядуурал тууштай буурах нөхцөл бүрдүүлжээ.

Ядуурал хот суурин газарт төвлөрөх хандлагатай байна. Ядуурлын хамралтын хүрээ хөдөөд 30.8 хувь, хотод 27.2 хувь буюу хөдөөд хотоос өндөр хэвээр байгаа боловч нийт хүн амын гуравны хоёр нь хотод амьдардаг тул нийт ядуу хүн амын арван хүн тутмын зургаа нь эдүгээ хот сууринд амьдарч байна.

Ядууралд хэн өртөж байна?

Ядуурал бага насны хүүхдийн дунд зонхилж байна. Монголд ядуу таван хүн тутмын хоёр нь 15-аас доош насны хүүхэд байна. Ядуурал өрх дэх хүүхдийн тоо, тэжээгчдийн хувьтай нягт хамааралтай байгаа нь үр хүүхдүүдээ тэтгэх хангалттай тооны хөдөлмөрийн насны хүмүүс дутагдалтайн тусгал болж байна.

Хөдөлмөрийн насны хүн амд (15+) ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүмүүс хамгийн ядуу байна. Хүний капиталын түвшин доогуур байдаг ядуу хүн амын хувьд хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангаж хангалуун цалинтай ажилд орох магадлал хомс тул ажилгүй хүн амын 40 хувь, эдийн засгийн идэвхгүй хүн амын 34 хувь нь ядуу байна. Хөдөлмөр эрхэлдэг хүн амд ядуу таван ажилчин тутмын гурав нь  мэргэжил, ур чадвар бага шаардах энгийн ажил, хөдөлмөрийн хөлс багатай үйлчилгээний ажлууд эрхэлж байна.

Малчид 2010 онд хамгийн ядуу иргэдийн тоонд орж байсан бол эдүгээ гурван малчны нэг нь л ядууд тооцогдож байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт ба үнэ нэмэгдсэн, зах зээлд холбогдсон, хөлсний ажлын боломж ихэссэн, төрийн дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгогдсон зэрэг нь малчдын амьжиргаа сайжрахад эерэг нөлөөлжээ. Гэвч малчдын амьжиргаа нь мал аж ахуйгаас гүн хамааралтай тул мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, байгалийн гамшигт үзэгдэлд нэн эмзэг хэвээр байна. Сүүлийн үед бэлчээрийн доройтол эрчимжсэн нь мал аж ахуй тогтвортой эрхлэх, амьжиргаагаа тэтгэхэд нь сөрөг нөлөөлж болзошгүй.

Монгол Улс боловсролд хамрагдах түвшний үзүүлэлтээр, ялангуяа залуучуудын хувьд, бүс нутагтаа тэргүүлж байгаа боловч ядуу ба ядуу бус хүн ам боловсролын түвшнээрээ илт ялгаатай байна. Ядуу давхаргын хүмүүсийн ихэнх нь дунд буюу ахлах ангийн боловсролоос цааш суралцаагүй, тэдний арвын нэг нь л дээд боловсролтой байх агаад харин хамгийн өндөр амьжиргааны түвшинтэй 20 хувийн тэн хагас нь дээд боловсролтой байна.

Ядуурлыг буруулахад тулгарч буй сорилт, боломжууд

Үйлчилгээний хүртээмж, зохистой ариун цэвэр, найдвартай халаалт хангамжид томоохон сорилтууд тулгарсаар байна. Гэр хорооллын оршин суугчид нийтийн суурь үйлчилгээг авах хүртээмжний хувьд ихээхэн ялгаатай хэвээр байна. 2018 онд арван ядуу хүний долоо нь суурь дэд бүтцийн үйлчилгээний (ундны усны сайжруулсан үүсвэр, ариун цэврийн байгууламж, тогтвортой халаалт) хүртээмжгүй байлаа.

Залуу эмэгтэйчүүдийн (25-29 настай) далан хувь нь мэргэжлийн буюу дээд боловсрол эзэмшсэн боловч дээд боловсролын диплом нь зохистой цалинтай хөдөлмөр эрхлэх баталгаа болохгүй байна. Хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эдийн засгийн идэвхгүй, ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн арван жилд ялихгүй нэмэгдсэн байхад харин эрэгтэйчүүдийн оролцооны түвшин 2018 онд 70 хувь хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлт юм. Ажиллах хүчин дэх оролцооны жендерийн ялгаа ужиг шинжтэйн дээр сүүлийн хоёр жилд зөрүү нь нэмэгдсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд бөгөөд ойрын жилүүдэд хүн ам зүйн дивидендийг угтана. Залуучууд олноороо ажиллах хүчинд нэгдэх тул үлэмж хөрөнгө оруулалтаар хөдөлдөг уул уурхайн салбар төдийгүй олон бүтээлч салбаруудад ажлын байр олноор бий болгох шаардлагатай. Түүнчлэн хүүхэд, залуучуудын хөгжилд хөрөнгө оруулж, ур чадварыг нь сайжруулах, ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн хувьд оролцох шударга, эрх тэгш нөхцөлийг дэмжих нь шийдвэрлэх ач холбогдолтой байх болно.